Залуу, хөгшин хоёр удидагчийн АМБИЦТАЙ МЭДЭГДЛҮҮД үргэлжилсээр...
АНУ БНАСАУ-ыг "Терроризмыг ивээн тэтгэгч орнуудын жагсаалт’’-д дахин орууллаа. Пхеньян удаа дараалан цөмийн болон пуужингийн туршилт хийж, бүс нутгийн болоод дэлхийн энх тайван байдалд заналхийлж байгаатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч ийм шийдвэр гаргажээ.
АНУ-ын Засгийн газар анх 1988 онд Хойд Солонгосыг "Терроризмыг ивээн тэтгэгч" гэж зарлаж байжээ. Гэхдээ 2008 онд цөмийн хөтөлбөрт нь хяналт тавихаар Пхеньянтай тохиролцсоноор тус улсыг жагсаалтаас хассан байна. Уг жагсаалтад Хойд Солонгосыг дахин оруулсантай холбоотойгоор Вашингтон болон Пхеньяны харилцаа улам бүр хурцдаж болзошгүй гэж олон улсын ажиглагчид үзэж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн долдугаар сард БНАСАУ-ын эсрэг авсан хоригоо шинэчилсэн бөгөөд тус улсыг мөн "хар жагсаалт”-д нэмж оруулсан билээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбогдуулан БНАСАУ-аас Тайланд Улсад суугаа Элчин сайд Мун Сон Mo "The Nation” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр "Пхеньян болон Вашингтоны хооронд цэргийн мөргөлдөөн үүссэн тохиолдолд БНАСАУ-ын эрх баригчид ялалт байгуулна гэдэгтээ эргэлзэхгүй байна. Бидэнд ус төрөгчийн бөмбөг бий. Дайн гарвал бид тулалдахад бэлэн бөгөөд АНУ-ыг ялах нь дамжиггүй. АНУ-тай дайн эхлүүлэхийг хүсэхгүй байгаа хэдий ч тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай яриа хэлэлцээ хийх боломжгүй. Хойд Солонгосыг бүрэн устгах болно гэж НҮБ-ын индрээс мэдэгдсэн АНУ-ын удирдагчтай бид яаж яриа хэлэлцээ хийх билээ. Энэ бол БНАСАУ-ын 25 сая хүнийг хөнөөхийг хүсч буйгаа илэрхийлж буй явдал” гэжээ. Хоёр улсын харилцаа сүүүлийн үед улам хурцдаад буй ч дорвитой арга хэмжээ авахгүй байсаар байгаа юм.
Ажиглагчдын үзэж буйгаар зөрчилдөөн ингэж хурцадсан нь БНАСАУ болон АНУ-д хэт том амбицтай улстөрчид төрийн жолоог атгаж буйтай холбоотой аж. Ким Жон Уны хувьд, генералууд болон ард иргэдийнхээ өмнө өөрийгөө хэн болохыг харуулж, нэр нөлөөгөө улам өсгөхийн тулд пуужин, цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол улс төрийн туршлагагүй, дээр нь түргэн зантай Дональд Трамп Сирийн нисэх онгоцны буудал руу пуужин харваж, гэнэтийн цохилт өгч чадсандаа ихэд бардамнаж байна.
Дэндүү их амбицтай хөгшин, залуу хоёр удирдагчийн хийж болзошгүй үйлдлийг урьдчилан таамаглах аргагүй. Дональд Трамп өмнө нь ажиллаж байсан туршлагатай шинжээчдийг "хөөж явуулаад” оронд нь мэргэжил чадварын хувьд дутмаг хүмүүсийг ажилд авсан. Эдгээр шинэ хүмүүсийн хувьд Солонгосын хойгийн талаар ойлголт муутай байгаа бөгөөд "Хойд Солонгосыг ганцхан цохилтоор буулгаж авч болно” гэсэн Өмнөд Солонгосын суртал ухуулгын шинжтэй мэдээлэлд үнэмшиж байж болох сул талтай аж. Бүр 1994 онд Цагаан ордон Хойд Солонгосын эсрэг цэргийн хүч хэрэглэх хувилбарыг судалж байжээ. Тухайн үеийн тооцоогоор дайны улмаас АНУ 100 тэрбум ам.долларын хохирол амсч, 100 мянган цэргээ алдахаар байсан байна. Харин Өмнөд Солонгосын арми 500 мянган цэрэг, офицероо алдаж, нэг их наяд ам.долларын хохирол амсахаар байжээ.
Энэ талаарх судалгааг АНУ-ын зэвсэгт хүчний Штабын нэгдсэн хорооны дарга асан генерал Шаликашвили, Өмнөд Солонгос дахь Америкийн цэргийн командлагч асан генерал Гэри Лак нар тухайн үеийн Ерөнхийлөгч Билл Клинтонд хүргүүлж байсан аж. Энэ тооноос жийрхсэн Билл Клинтоны засаг захиргаа Хойд Солонгосын эсрэг цэргийн ажиллагааны талаарх асуудлыг дахин хөндөөгүй байна. Тиймээс зарим шинжээчид Солонгосын хойгийн зөрчил хөгшин залуу хоёрын бие бие рүүгээ чиглэсэн амбицтай сүрдүүлгээс хэтрэхгүй гэж үзэж байна.
Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/