Бутарсан эрх баригчдыг хэн нэгтгэх вэ?

🕔 2017/11/08 11:10

Эрх баригч намын их хурал энэ сарын 21-22-нд болно.  Монголын улс төрийн ууган хүчин, эдүгээ парламентад үнэмлэхүй олонхийн 65 суудалтай МАН-ын тамгыг ирэх жилүүдэд хэн барих вэ гэсэн таамаглал Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцээд өрнөсөн. Өнөөдөр намын даргын сунгаанд хэнийг нэр дэвшүүлэхээ МАН-ынхан бүлэг, фракцаараа нэгдэн нам эвсэж, сэм хуйвалдах  замаар хэлэлцэж байна.  

 

Өнөөдрийн тухайд хамгийн бодит таамаглалд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр явж байгаа. Учир нь ялсан намын дарга Засгийн газрыг тэргүүлдэг зарчимтай. Гэхдээ өнгөрсөн хугацаанд  улс төрийн хүчнүүд, улстөрчид  энэ зарчмаасаа ухарсан.  Эрх ашиг нь зөрчигдвөл баталсан хуулиа ч буцаадаг, зөрчдөг нь улс төрчдийн гэм биш зан. Өнгөрсөн бага хурлын үеэр Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлэхээр намын даргын албыг давхар хаших тохироонд хүрсэн гэдэг. Хэрвээ У.Хүрэлсүх намын даргаар сонгогдож чадахгүй бол Ерөнхий сайдынх нь бүрэн эрх ч хуваагдана.  Түүнд нэг талаас намын дарга, нөгөө талаас парламент шахалт үзүүлж, өөрийн бодлогоор Засгаа удирдах хүч  дутна. Гэхдээ улс төрийн тохироо нэг сарын байтугай кноп дарах төдийд өөрчлөгддөг.  

 

МАН-ын даргад дэвших магадлал өндөртэй бас нэг хувилбар нь экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат. Түүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн 32-ын  тал дэвшүүлэх нь зайлшгүй.  Өнөөдөр Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гишүүдийн хорслын шарх өнөөг хүртэл аниагүй,  МАН-ын их хурал ойртох тусам улам сэдэрсээр байгаа.     Энэ нь парламентаар хэлэлцэх асуудлын үеэр улам тод илэрдэг. УИХ дахь МАН-ын бүлэг 33:32-оороо талцан,  нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй, хэлэлцэх асуудал хойшлогдох,  хуваагдсан бүлгийн гишүүд Ж.Эрдэнэбат болон Д.Хаянхярваагийн албан өрөөнд хуваагдан хуралдана. Чуулган байнгын хорооны хуралдаанаар асуудал хэлэлцэхэд ам зөрөх,  шүүмжлэх энүүхэнд.  Засгийн газрын оруулж ирсэн асуудлыг экс сайд нар өөрсдийн  хэрэгжүүлж байсан бодлогоо магтан сайшааж, өнөөдрийн асуудлыг шүүмжлэх гэх зэргээр асуудал үргэлжилнэ.  Чуулган танхимд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, гишүүн Ж.Мөнхбат нарын бие биетэйгээ барьцалдах нь холгүй муу муухайгаа дуудалцан маргалдаж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "бүлгийн хуралдаан дээр бие биенээ барьж авах нь холгүй байлаа”  гэж толгой сэгсрэн, хотын  их асуудлыг үл хайхран нийслэлийн МАН-ын бүлгийнхэн  зөрчилдөх гэх зэргээр  МАН-ын асуудал түмний нүдэн дээр өрнөж байна.

 

Эрх баригч хүчний МАН-ын дарга горилогчид У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбатаар тогтохгүй. УИХ-ын гишүүн  Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Н.Энхболд, С.Бямбацогт, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл гэх зэргээр  МАН-ын даргад өрсөлдүүлэх, өрсөлдөх эрхмүүдийн нэрс гарч байсан.  Шадар сайд Ө.Энхтүвшин МАН-ын даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлэхэд гайхах нэгэн гарахгүй биз, улс төр бол эрх ашгийн тэмцэл байдаг хойно.

 

МАН-ын шинэ даргад  сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр Засгийн газраа шахаж ажиллахаас гадна бүлэг фракцаараа бутарсан гишүүдээ нэг бодлогын дор зангидах, нэгтгэх үүрэг хүлээнэ.  Цаашлаад ирэх 2020 оны сонгуулиар намаа удирдан орж, өнөөдрийн 65-ын суудал биш гэхэд олонхи болгох хариуцлагатай үүрэг МАН-ын шинэ даргад ногдоно.

 

Нэгэнтээ  бүлэг, фракцаараа талцан бутарсан намыг нэгтгэн нь удирдагч хүний үүрэг. Харин МАН-ын шинэ дарга  удирдагч эсэх  нь мөн л 2020 оны сонгуулийн үр дүн харуулна.

 

Ер нь энэ  нам хэдийд нь эв эеэ хичээж, улс орноо хөгжүүлэхээр санаа нэгдэхийг таашгүй. Их эрх мэдлийн төлөөх хугацаагүй давшилтад орсон МАН-ынханд  "төрийн эрх барих мөчлөг  хугацаатай шүү” гэж  үе үе сануулмаар.  

Н.Энхлэн

Эх сурвалж: Shuud.mn

http://www.shuud.mn/content/read/490471.htm

скачать dle 12.0

Санал болгох