У.Хүрэлсүхийн эхний даваа нь намын бүлэг
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ард иргэд улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж байгаагаа сонголтоороо харуулсан билээ. Улс орон хөгжих хэрэгтэй, ингэхийн тулд хөрөнгө оруулалтыг татаж, өр зээл бага тавихыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа учир сонголтоо хийсэн. Өмнөх парламент тогтворгүй байсан нь үнэн. Байс гээд л талцал хуваагдал үүсч, асуудлыг шийдэх нь байтугай, амин хувийн эрх ашиг, албан бус бүлэглэлийнхээ сонирхолоо илүүд тавьдаг байсан нь үнэн дүр төрх. Харамсалтай нь өнөөгийн МАН-ын удирдаж буй Засгийн газар, улс төрд ч гэсэн адил процесс явагдаад эхэлчихлээ. Ард түмэн хэн нь ялж ялагдахыг харах л үлдээд байна.
Хэлтэй, амтай томилогдсон Ерөнхий сайдыг өнөөдөр элдвээр л нэг хэлж байна. Ялангуяа Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хэлсэн үгийг нь өлгөж авч, "заамдалцана” гэж байна. Төрийн ордонд Г.Баярсайханыг заамдаж, зодсоноо зөвтгөж байгаа хэрэг үү, амь насаа алдахаас ч айхгүй байна гэв. Хэн түүнийг амиар тоглох гээд байгаа юм. Үе үеийн Ерөнхий сайдын амь насанд заналхийлсэн тохиолдолд Монгол Улсад байхгүй гэлцэнэ. За энэ ч дүүрч. Нэгэнт томилогдсон хүнийг хичнээн хараар будавч суудлаа тавиад өгөхгүйгээс хойш дараагийн алхамдаа анхаарах цаг болсон мэт.
Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг олон шийдвэрлэх асуудал хүлээж буй. Эдийн засгийн хямрал, ОУВС-гийн тохиролцоо гээд л. Бүр нарийн тодорхойлбол улсын төсөвт ямар асуудлыг хэрхэн тусгах, тэмцлийн хурц хэлбэрийг сонгоход хүрээд буй багш, хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдээд буй эмч нарын асуудлаас эхлээд хүүхдийн мөнгө, тэтгэврийн нэмэгдэл гээд хөрөнгө санхүү ихээр шаардсан нэн тэргүүний асуудлууд түүний толгой дээр унаж буй. Гэвч эдгээр асуудлууд нь түүний хувьд алс хэтийн зорилго болох бололтой. Хамгийн түрүүнд шийдвэрлэх асуудал нь бодит байдал дээр хуваагдаад буй намын бүлэг болж байна.
Үнэндээ улс төрч хүний рейтингийг сүүлийн үед тохироогоо хэр сайн хийдгээр нь тодорхойлоод удаж буй. Хэнтэй хамтарна, хэнийг сайдаар томилно, хэрхэн асуудлыг шийднэ гээд л. Тиймээс Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийн эхний даваа нь 33,32-оороо хуваагдаад буй намын бүлгээ эвлэрүүлэх болоод байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар У.Хүрэлсүх нөгөө талтайгаа хэлэлцээрт оржээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга М.Энхболдтой тохироогоо хийж, эхний байдлаар зөвшилцөлд хүрсэн гэх мэдээлэл байна. Тэд Засгийн эрхээ 7*8 харьцаатайгаар хувааж авах нь бараг тодорхой болж. Гэхдээ сайд нарынхаа нэрс дээл эцэслэн тохиролцоогүй байна. Өнөөдөр хуваарь ёсоор УИХ дахь намын бүлгүүд хуралдана. МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар сайд нарынхаа нэр дээр эцэслэн тохирно гэсэн таамаг байна.
Эх сурвалж: http://www.24tsag.mn/content/155595.shtml
Б.Өрнөх