Ашигт малтмал, газрын тосны газар хэний харьяанд очих вэ

🕔 2017/10/30 11:37

Ашигт малтмал, газрын тосны газар хэний харьяанд очих вэ

У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдэж, анхны хуралдаанаа өнгөр­сөн долоо хоногт хийв. Хуралдаанаар хэд хэдэн асуудал шийдсэнийг Хэв­лэлийн алба нь мэдээлсэн. Гэхдээ мэдээлээгүй үлдсэн нэг асуудал бий.

 

Тэр нь АМГТГ-ыг аль яам, хэн гэдэг сайд хариуцах вэ гээд талаар сайд нар маргалдсан байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "…Сангийн яам АМГТГ-ыг хариуцах ёстой” гэсэн санал оруулжээ. Уг нь одоо бол УУХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд АМГТГ байдаг юм.

 

Гэхдээ Засгийн газар АМГТГ-ыг Сангийн яаманд шилжүүлж магадгүй ажээ. Үүнээс болоод УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар баахан бухимдсан байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай заамдалцах дээрээ тулж, хатуу ширүүн үг хамаагүй шиджээ. "…Энэ яамаа нэртэйгээр нь Геодези, зураг зүйн яам гэчих. Уул уурхайн асуудлаа ч мэддэггүй юм байна” гэсэн байна.

 

Дээрх хурлын өмнөхөн Д.Сумъяабазар сайд АМГТГ-т ажиллаад ашигт малтмалын лиценз олголтыг түр хугацаагаар зогсоогоод байсан юм.

 

Үнэнийг хэлэхэд АМГТГ хэн нэгний эрх ашгийн төлөө ажилладаг гэх хардлагыг нийгэмд нэгэнт төрүүлээд байгаа юм. Д.Сумъяабазарыг сайдаар томилогдоход ч УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "…Энэ уул уурхайн яамныхан, Газрын тосны хэрэг эрхлэх газрынхан өөрсдийн хувийн эрх ашгийн төлөө ажиллахаас биш хэзээ ч тэрний төлөө ажилладаггүй юм биш үү. Тэнд аж ахуйн нэгжтэй, тэнд тээвэрт машин явуулдаг. Би бараг зарим хүмүүсийг нэрээр нь мэднэ. Энд өөрчлөлт хийх шаардлагатай” гэж хэлж байсан юм.

 

Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дугаар олгох ажиллагаа нь дандаа бүтэлгүйтэж байдаг болсон. Тухайлбал, АМГТГ-ын дарга Б.Баатарцогт 2017 оны наймдугаар сарын 8-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дугаарыг 2017 оны наймдугаар сарын 11-ний баасан гаригийн 9:00 цагт цахимаар олгох тушаалыг гаргасан байдаг.Энэ тушаалд ингэж бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн өргөдлийг 2017 оны наймдугаар сарын 14-нөөс бүртгүүлсэн дугаарын дагуу хүлээж авна гэж заасан байна. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгжүүд өнгөрсөн баасан гаригийн өглөөний 9:00 цаг гэхэд цахим бүртгэлд нэгэн зэрэг хандаж, аль түрүүлсэн нь хүссэн тусгай зөвшөөрлийнхөө өргөдлийг давуу эрх­тэйгээр өгөх бололцоотой болох байсан юм. Ингээд Б.Баатарцогт даргын тушаалын дагуу 11-ний өглөө өргөдлийн дугаар олгох цахим бүртгэл болжээ. Энэ бүртгэлд 5000 шахам аж ахуйн нэгж оролцсон байгаа юм. Гэвч АМГТГ-ын дарга Б.Баатарцогт 2017 оны наймдугаар сарын 11-нд дахин тушаал гаргаж, өмнөх тушаалаа хүчингүй болгосон байдаг. Ингэхдээ "…хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагааг техникийн саатлын улмаас хүчингүй болгосонтой холбогдуулан” 2017 оны наймдугаар сарын 8-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож байна гэсэн байдаг юм. Бүртгэлд оролцсон аж ахуйн нэгжүүд үүнийг эсэргүүцсэн боловч үр дүнд хүрэлгүй өнгөрсөн юм. Хамгийн гол нь ийм явдал энэ газарт хэд хэдэн удаа болж байгаа. Энэ мэдээллийг Д.Сумъяабазар сайд авсан бололтой.

 

АМГТГ-ын түүхийг сөхвөл  УИХ-аас 1997 оны зургадугаар сарын 5-ны өдөр "Ашигт малтмалын тухай хууль”-ийг баталж гарсантай холбогдуулан Засгийн газрын 1997 оны 1З2 дугаар тогтоолоор Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрыг шинээр байгуулж, тус газрын даргаар Д.Жаргалсайханыг томилжээ.

 

"Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвчийг батлах” тухай УИХ-ын 2004 оны 14 дүгээр тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2004 оны 249 дүгээр тогтоолоор АМХЭГ-ыг Газрын тосны хэрэг эрхлэх газрыг нэгтгэн Үйлдвэр, худалдааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрыг байгуулж, Ерөнхий сайдын 2004 оны 159 дүгээр захирамжаар Лу.Болдыг тус газрын даргаар томилжээ. УИХ-ын 2008 оны "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” 43 дугаар тогтоол, Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГТХЭГ (хуучнаар)-ыг Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Яамны харьяа хэрэгжүүлэгч агентлагууд болох Ашигт малтмалын газар, Газрын тосны газар болгон салгаж,  бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан.

 

Засгийн газрын 2009 оны 54 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар Д.Батхуягийг томилсон байна.

 

Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар Г.Алтансүхийг томилжээ. Засгийн газрын 2014 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 173 дугаар тогтоолоор Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяаг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Улсын их хурлын 2016 оны 12 дугаар тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2016 оны долдугаар сарын 27-ны өдрийн дөрөвдүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны  сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрыг байгуулан даргаар нь Б.Баатарцогт томилжээ.

 

Ийн Уул уурхайн сайдын харьяанд байсан АМГТГ нь Сангийн сайд руу шилжиж магадгүй болжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн  газрын бүтцээ ингэж аажмаар өөрчилж байгаа бололтой.

 

Б.ДАМДИН

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох