Сошл орчны мэдээг дагаж нийгмээрээ “донсолдогоо” хэзээ болих вэ?

🕔 2017/10/20 16:29

Сошл орчны мэдээг дагаж нийгмээрээ “донсолдогоо”  хэзээ болих вэ?

 

Нийгэм бужигнаж, донсолж  байна.  13 настай охины аллага, 5  настай бяцхан охиныг хүчиндсэн хэрэг гээд сэтгэл сэрдхийлгэм аймшигтай хэргүүд ар араасаа гарч, олон нийтийн,  эцэг эхчүүдийн  сэтгэлийг зовоож байна.

Сэтгэл зовоосон энэ хэргийн тухай үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд  сошл орчинд ар араасаа хөвөрсөөр…

Бид энд нэг зүйлийг бодох, бас ойлгох хэрэгтэй цаг үед тулж ирлээ. УИХ-ын чуулган дээр УИХ-ын залуу гишүүн Д.Гантулга "Монголын төр сошиалын мэдээлэл дагаж шийдвэр гаргадгаа боль” гэж хэлсний нь төлөө түүнийг хүчингийн хэргээ нуух гээд  ядмагхан арга хэрэглэж үг хэллээ гээд баахан л бааллаа.

Д.Гантулга гишүүний үгийг жаахан  залруулаад "Монголчууд бид сошиалын мэдээлэл дагаж нийгмээрээ дэгэлзэхээ багасгах хэрэгтэй” гэж хэлмээр санагдах. Үнэн худал нь мэдэгдэхгүй сошлд оруулсан мэдээнд бултаараа итгэж, нийгмийг донсолгох.Хүчиндүүлсэн гэх 5 настай охины мэдээллээс болж Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх асуудал хүртэл яригдлаа. Гэтэл нарийвчилсан шинжилгээгээр хойд эцэг нь түүнийг хүчиндэхээр завдсан нь тодорхой болж байх шиг. Гэхдээ  хүчингийн хэрэг бол хуулиндаа зааснаар завдалтаар төгс үйлдэгдсэн гэж ойлгогддог  хэрэг. Тиймээс хойд эцэг хуулийн хариуцлага хүлээх нь тодорхой.

Бид үүгээр  бусармаг үйлдэл хийхийг завдсан хойд эцгийг өмөөрөөгүй. Харин мэдээллийг нягтлалгүй нийгэмд шуугиан тарьсан асуудлыг хөндөж  байна. Магадгүй одоо зарим хүмүүс шүүх эмнэлгийн шинжээч нар 5 настай охины тухай буруу дүгнэлт гаргасан гэж шуугих бий дээ. Үнэндээ тэд ч гэсэн үр хүүхэдтэй учраас энэ хэргийг жигшиж байгаа биз. Гэлээ гэхдээ тангараг өргөсөн төрийн албан хаагч,  шинжээч  нар зориуд хойд аавыг нь буруутгахын тулд "хүчиндсэн” гэж дүгнэлт гаргаж болохгүй биз дээ.

Асуудлын гол нь ухаалаг утастай хүн бүхэн үзсэн харсанаа нягтлалгүй сошл оруулаад түүнд нь нийгмээрээ итгээд дэгэлзээд байх уу гэдгийг бодох цаг болсон. "ДОХ-ын цус шахсан банан, ДОХ-ын вирустай мандирин идээд ДОХ тусах аюултай гэдэгт, мөнгөний зураг оруулаад бурзай гэж бичээд баяжина гэдэгт,  шилэн таазан дээр суусан ламын зургийг хараад  нисэж байгаа  лам”  гэж  итгэдэг хүмүүс сошл орчинд олон байхад  аливаа ноцтой гэмээр хэрэг, үйл явдал маш хурдтайгаар давс хажир нэмэгдэн сошлоор  түгээгдэж, тэр чинээгээрээ эргээд нийгмийн айдас хүйдэст автуулж байна.

Хүний эрхийн ТББ-уудаас маргааш буюу 21-ний бямба гарагт  олон нийтийг хамруулсан масктай тайван жагсаал цуглааныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс эхлүүлэн  хийх гэж байгаа тухай мэдээлэл сонслоо.

Ардчилсан улс оронд амьдарч байгаа аливаа хурц асуудлаар дуу хоолойгоо шийдвэр гаргах түвшинд хүргэхийн тулд жагсаал цуглаан хийж болдог нь байдаг л зүйл. Гэхдээ бас бидэнд бодох асуудал байна. Үүнтэй холбогдуулан  сэрэмжлүүлэг болох үүднээс хэдэн зүйл хэлэхийг зорилоо.

Шүүхийн шилжилгээний хүрээлэн бол төрийн онцгой объектуудын нэг. Мөн энэ байгууллагын эргэн тойронд нь шарил хадгалах төв,  I эмнэлэг, цусны төв байрладаг. Ийм газар уриа лоозон, чанга яригч ашиглан  жагсаал цуглаан хийх нь  эмнэлгээр эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулах нөхцлийг бий болгоно. Түүнчлэн жагсаалд оролцогчдын дундаас сэтгэлийн хөдөлгөөнөө хяналгүй үймээн самуун үүсгэх аюул тулгарвал хэн хариуцлагыг нь хүлээх вэ? Жагсагчид уу, Жагсаал зохион байгуулагчид уу.

Зүй бол жагсагчид юуны өмнө 13 настай хүүхдийг бичиг баримтыг шалгаж, нягтлалгүй  орлогоо бодож оруулж, хүний амь нас хохироход хүргэсэн "Очир” дэн буудлын гадаа очиж, мөн тэдгээр буудлын үйл ажжиллагааг нь хянаж шалгах үүүрэг хүлээдэг ч ажлаа хариуцлагатай хийж чадахгүй байгаа дүүрэг, нийслэлийн засаг захиргаа, мэргэжлийн хяналтын байгууллагын гадаа эсэргүүцлээ илэрхийлэх юм бол эдгээр байгууллагын үйл ажиллагаа сайжирч  гэмт хэрэг тэр чинээгээр багасах бус уу?

Ц.Бат

скачать dle 12.0

Санал болгох