Эрүүл мэндийн даатгалын тогтолцоогүй улс

🕔 2017/10/11 12:57

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоогүй улс

 

Монголд энэ тогтолцоо хэдийнэ хэрэгжээд эхэлсэн ч эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгохын тулд "хэрэв ийм тогтолцоо байхгүй байсан бол” гээд нэг бодоод үзэцгээе.  Юун түрүүнд иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадах болов уу?

Даатгалын тогтолцоо байхгүй тул сар бүр шимтгэл төлөх шаардлагагүй боловч гэр бүлийн хэн нэг нь өвдсөн үед хэрэглэх мөнгөтэй байх хэрэгтэй. Ялангуяа, бага насны хүүхэдтэй бол зардал их гарах магадлалтай.

 

Хүүхэд шөнө халуурлаа гэхэд ажиллаж байгаа эмнэлэг олоход хэцүү байна. Учир нь 24 цагийн эмнэлгийн үйл ажиллагааны зардал их. Тийм эмнэлэг байлаа гэхэд эхлээд таниас төлбөр төлөх боломжтой эсэхийг асууна. Эмнэлэг буяны байгууллага биш учраас асуух нь ч зүй ёсных биз. Хэрэв өвчтөн төлбөр төлөх боломжгүй гэвэл "Та өөр эмнэлгээр үйлчлүүлнэ үү” гэсэн хариу авна. Тиймээс эмчилгээний зардал төлөх боломжгүй, орлого багатай өрхүүд эмчид үзүүлж чадахгүй биеийн байдал сайжрахыг бурхнаас гуйж суухаас өөр аргагүй болно.

 

Сая би хотод амьдардаг гэр бүлээр жишээ авлаа. Орон нутагт бол эмнэлэг ч тун ховор. Угаасаа хүн ам цөөтэй жижиг тосгонд эмч очиж ажиллахгүй. Ийм газар хүн өвдвөл хэдэн цаг зарцуулж байж хотод авчран эмчлүүлэх шаардлагатай.

 

ДААТГАЛЫН ТОГТОЛЦООГҮЙ УЛСАД ЭМЧ ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ?

Эмч орлогоо бодоод өөрийн эмнэлгээ хүн ам ихтэй хот суурин газар байгуулна. Байнгын үйлчлүүлэгчидтэй байхын тулд шүү дээ. Бас л өвчтөнг үзэхийн өмнө төлбөрөө төлөх боломжтой эсэхийг тодруулах хэрэгтэй болно. Өвчтөний төлсөн мөнгөөр эмнэлэг тоног төхөөрөмж худалдаж авч, боловсон хүчин цалинжуулж ажиллуулдаг. Шөнө өндөр халуураад хэцүү байгаа хүүхдийг эмч үзээд арга хэмжээ авмаар байдаг. Гэсэн ч төлбөрөө төлөх боломжгүй бол эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч чадахгүйд хүрнэ.

 

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоогүй улс байсан бол гэдэг нь үнэндээ 60 жилийн өмнөх Япон улс бодит байдал дээр яг ийм байсан.

Эрүүл мэндийн даатгал бол эрүүл, өвдсөн бүх иргэнээс шимтгэл хураан, тэр мөнгөөр өвдсөн хүний эмчилгээний зардлыг хөнгөвчлөх систем юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн эмчилгээний төлбөрөөр орлого олж байсан эмч эрүүл мэндийн даатгалын сангийн тусламжтайгаар өвдсөн хүнийг эмчлэх боломжтой болно. Үүнийг дагаад Японд эмчилгээний чанар сай­жирч, орон нутагт жижиг эмнэлгүүд байгуулагдсан. Жил бүр санд төвлөрсөн нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгийг бүрэн ашигласнаар Японы эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар бага багаар сайжирсаар өнөөдрийг хүрсэн билээ.

 

Хөгжингүй орнуудын нэгд багтах манай улс дөнгөж 60 жилийн өмнө мөнгөгүйн улмаас эмчид үзүүлэх боломжгүй хүмүүс олонтой, ядуу орон байлаа. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог улсдаа нэвтрүүлж, бүх иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг жигд хүргэхийг зорьсон олон хүний хүчин чармайлтын дүнд одоо Японы дундаж наслалт эрэгтэй 80.75, эмэгтэй 86.99 болсон юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Төслийн ахлах зөвлөх

ЯМАШТА МАМОРУ


скачать dle 12.0

Санал болгох