С.Баярцогтын аав Сангажав гуай, Ч.Сайханбилэгийн аав Чимид гуай Танаа

🕔 2016/01/20 14:17

 С.Баярцогтын аав Сангажав гуай, Ч.Сайханбилэгийн аав Чимид гуай Танаа
С.Баярцогтын аав Сангажав гуай, Ч.Сайханбилэгийн аав Чимид гуай Танаа

ИЛ ЗАХИДАЛ

С.Баярцогтын аав Сангажав гуай, Ч.Сайханбилэгийн аав Чимид гуай Танаа

Туйлаас эрхэм хүндэт өтгөс Та бүхний энэ өдрийн амгаланг мэхийн айлтгая аа!
Цаг төр цөвүүн, цаг агаар хүйтэн энэ цагт гавъяаныхаа амралтыг эдлэн жаргаж буй Та бүхний амгаланг эвдэж, алтан номын үсгээр хэл болгон, ард олноор гэрч болгон нэгэн ил захидал хүргүүлэхийн учир аа:

Манай Монгол Улсын түүхийг Хүн гүрнээс улбаатай хэмээн лавтайяа тогтоож, тусгаар төрийн албан ёсны түүх бичигт оруулсаар нэгэн зууныг үдэж буй. Монгол Улс болбаас дэлхийн анхны төрт улсуудын нэгэн, эрт мандсан төрт ёсны уламжлалтай. Европ, Азийг хамарсан гурван хэт их гүрнийг байгуулсан их түүхийн өлгий нутаг болохын хамгийн анхны баталгаа, хамгийн эртний биет өв эдүгээн Төв, Сэлэнгэ аймгийн заагаар орших Ноён уулын их хориг билээ. Үүнийг мэргэн ах, эгч Та нар өчүүхэн биднээр хэлүүлэх юун!

Эрдэмтэн Козлов анхны бунханыг малтан 23 тэмээ эд агуурс, соёлын үнэт өвийг гаргаж, эрмитажид зөөж, Орос, Америк зэрэг хүчирхэг их гүрний хөгжсөн шинжлэх ухаанаар зөвшөөрүүлж, Хүн гүрэн бол Монголын өвөг болохыг баталжээ. Үүнээс улбаалж одоо цагт бид Үндэсний их баяр наадмаа Хүн гүрэн байгуулагдсан жилээс тоолон, төрийн ойгоо бахдан тэмдэглэсээр иржээ. Баясан цэнгэхдээ Хүннү гэж, баран идэхдээ алт гэх ёсон бий юу?

Хүн гүрний их өвийг агуулагч Ноён уул, Түрэгийн эзэнт гүрний их өв соёлыг агуулагч хөгшин Орхоны хөндий, Их Монголын эзэнт гүрний шүтээн Бурхан Халдун уул гурав бол үеийн үед хориглон онголсон хүрч болшгүй ариун шүтээн нутаг болохыг Та бүхэн зөвшөөрөх болов уу! Үүнээс гадна Сяньби, Табгач, Уйгур, Хиргис, Нирун таван их гүрний мандал бадралын цог хийморь өнөө бидний эзэгнэн буй нутагт бий. 
Гэтэл энэ гурван эрдэнийн нэг Ноён уулыг хөндийлөн ухаж, өчүүхэн бага алтны төлөө хоёр мянган хоёр зуун хоёр арваныг дамжуулан хамгаалсан их хориг цээрийг зөрчиж, эцэг өвгөдийн ариун биеийг эвдэж, сүнс сүлдийг цочоон хилэгнүүлж, эх түүхэндээ халдах муу үйлийг Таны үр хүүхэд эхлүүлэхээр завдан буй тул аргагүйдэн хандаж байгааг минь өршөөн хэлтрүүлнэ үү! "Муу нүүрт” хэмээх бичин жилийн нүүрэнд төр засгаас эрхбиш Та бүхний үр хүүхдийн санаагаар, буй ард олон, буцсан өвгөд дээдэс, буурал түүхэндээ халдсан "муу нүүрт, муухай санаат” бодлого гаргах болуужин хэмээн болгоомжлохын учир аа.

УИХ-ын дарга З.Энхболд ууж өссөн Сэлэнгэ мөрнийхөө нэгэн цутгаланг устгаж мөхөөхөөр дайрч буй нь туйлаас харамсалтай. Энэ уснаас түүний аав, ээж ч ууж байсан шүү дээ. Сэлэнгэ аймгийн Намын хороон дарга хүртэл өндөр албыг хашиж, улс орноо цэцэглүүлэн хөгжүүлэхэд гар бие үл амран, газар тариалангийн салбарт 50 шахам жил үр бүтээлтэй ажиллаж, нойр хоолгүй зүтгэж асан гавъяат агрономич Сангажав гуай Таны үед ч "Ноён уул” хэмээх ариун дагшин газарт халдаж, уулыг нурааж, усыг таслаж, ардыг хохироож байсангүйг Монголчууд мэднэ. Сангажав гуай Та өнөөгийн босгож буйгаас хэд дахин олон үйлдвэр, Сангийн аж ахуйг эрт эдүгээгийн олон хүчин зүйлийг харгалзан үзэж, судалгаа шинжилгээнд тулгуурлан, ард олны сэтгэлийг үймүүлэлгүй, итгэлийг алдалгүй амгалан тайвнаар бүтээн байгуулж ирсэн түүхээ хүүдээ хэлж сургах болов уу.

Цамбагаравын хормойд нөхчсөн хааныхаа ясыг Манж нараас харамлаж явсан дайчин ойрдын угсаа Ерөнхий сайдтан Хүн гүрний ихсийн ясыг эвдлэн ухуулахаар ёсыг эвдэн зүтгэн буй буруу үйлийг Чимид гуай тэргүүтэн олон ах дүүс Та нар ухуулан хэлж, эргүүлэн ухааруулж туслах болов уу? Энэ үг хэлснээ мартагч Ерөнхийлөгч болоод түүний овог удамд ч хүрээсэй.

Монголын төрийг далд аюулаас хамгаалахын төлөө зүтгүүлэх цол хийгээд тушаалыг харамгүй хүртээд өдгөө түүнээ хөсөр хаяж, харин ч далд нууцыг ухуулах эвдүүлэх санаагаар зүтгэн буй Сандаг генералын садан ах дүүс уншаасай. Эдгээр мунхрагчдын гар хөл болж, эцэг эх хийгээд, үр хүүхдээ бузар мөнгөөр тэжээгч УИХ-ын гишүүдийн аав ээж, ахас ихэст хүрээсэй хэмээн хүснэ.

Ард олны хүсэлт шаардлагаар Ноён уулын орчмыг хамгаалж үлдэхийн тулд хоёронтаа буцаасныг үл тоон ухан сүйтгэхээр завдагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэн байгаад бид санаа зовж, давчдан байна. Ноён уулыг ухаж, ихсийн онгоныг цочоож, биеийг сүйтгэж, Гацууртын голыг таслан хөнөөж, мод ургамлыг хиаруулан мөхөөхийн төлөө зүтгэгчдийн ар гэр, аав ээж, ахас ихэс нь дээрхийн адил ухуулан сэнхрүүлэхийг мөргөн гуйж байна.

Уур хилэн, мунхаг харанхуй, атгаг санаатны урхи занга, адбиш харийн шунал хүсэлд автсан бидний үеийнхний алдаа эндэгдлийг шүүн хэлж, аль алийг ухааруулан эвлүүлэх ахмад үеийнхний ёс суртахуун, мэргэн ухаанд найдан хандахаас өөр арга бидэнд үлдсэнгүй.

Алд биеийг амар оршоох уул газраа сүйтгэсэн энэ бидний үеийн алдаа эндлээс болж эцэс хойч маань Та бидний шарил, биеийг үл хүндэтгэж, ухан эвдэх муу заншлыг тогтоохгүй байхыг хүсэмжлэн энэхүү ил захидлыг өргөн мэдүүлснийг сэтгэл оюундаа тогтоон, өршөөн толилоосой хэмээн хүсэн гуйж, мөргөн даатгасан:

Улсын Их Хурлын гишүүн Гантөмөрийн Уянга

скачать dle 12.0

Санал болгох