Сэхээтний синдром

🕔 2017/09/20 12:45

Сэхээтний синдром

Хичээлийн шинэ жилийг дөнгөж сургуульд орсон 6 настай балчраас эхлээд  баяр хөөртэй угтаж, эрдэмтэн багш нар ч ардын хүүхдэд соёлын үрийг тарих, нэрт сурган хүмүүжүүлэгчийн хэлсэнчлэн  "нарт ертөнцөд байхгүй нандин сайхан мэргэжил”-дээ шамддаг.  Гэтэл энэ хичээлийн жилийг  багш нар цалингаа нэмэгдүүлэх   эсэргүүцлийн жагсаалаар  эхлүүлсэн. 

 

Ер нь  багш, эмч нар ч гэлтгүй, төрийн, олон нийтийн байгууллагын албан хаагчид цалингаа хэн хүнгүй л нэмэгдүүлэхийг хүсч байгаа.  Өнөөдөр зөвхөн багш, эмч нарын цалин  орон сууцны, хэрэглээний лизингэд яваад байгаа юм биш. Дээр дооргүй л бага гэлтгүй банкны зээл, бусдаас авсан өглөгтэй байгаа.

 

Хэдэн жилийн өмнө  нийгмийн асуудал хөндсөн жагсаал цуглаан намар бус хавар болдог байлаа.  Намрын сайхан цагт улсын их, дээд сургуулийн оюунтууд л сургалтын төлбөр нэмэгдүүлэхийг эсэргүүцэж хааяа жагсаал хийнэ. Цаг үеэ дагаад жагсаалт цуглаан ч улирал харгалзахаа больжээ гэж бодоход сэхээнтүүд яагаад   ид хичээлийн шинэ жилээр ажил хаялт зарлана гэж шаардлага хүргүүлээд байгаад эргэлзэх хэсэг байна.

 

Багш, эмч нар гэдэг  нийгэмд боловсрол олгож,  эрүүл саруул  байлгахын төлөө эмчилдэг  сэхээтнүүд. Тиймээс ч өөрсдөө үлгэрлэдэг байхыг соц үеэс эхлэн зааж сургаж ирсэн.  

 

Эдийн засаг хямралтай, ажлын байр хомс байгаа энэ үед "Цалин цагтаа буухгүй нь яах вэ, ажилтай байх хэрэгтэй” гэж  ханцуйн дотроо залбирч байгаа хэсэг ч бий. Хэрвээ ажилгүй болчихвол өрх гэрээ авч явахаас эхлээд банкны зээлээ ч төлж чадахгүйд хүрнэ гэдэг ойлголт нийгмийн аль ч давхрагынхны ой ухаанд "save”-дсэн.

 

Сэхээтнүүд энэ удаад цагаа олоогүй шаардлага тавьж байгаа нь нийгмийн эгдүүг хүргэж байна.  Наанадаж шаардлага хүргүүлж байгаа цаг хугацааны хувьд ч чуулган завсарлаж, олонхийг бүрдүүлж байгаа эрх баригчид Засгийн газраа огцруулж, шинэ Засгийн газрыг байгуулахаар хэлэлцэж байгаа ороо бусгаа үе.  Нэгэнт огцорсон Засгийн газар багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудалд анхаарлаа хандуулахаас илүүтэй намрын ажил, өвлийн бэлтгэлийг хангуулах талаар үүрэг, чиглэл өгч ажиллаж байна.

 

Дараагийн шинэ Засгийн газар бүрдлээ ч төсвийн урсгал зардлыг хэрхэн бууруулж, алдагдлыг хэрхэн багасгах вэ гэдэг дээр анхаарна. Учир нь өнөөдрийн тухайд манай улс ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдаад байгаа. Өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд нийгмийн эмзэг бүлгийнхэнд анхаарал тавьдагаас сэхээтнүүдийн цалинг нэмэх асуудал тусгагддаггүй.  Тэгээд ч төр, засгийн өнөөгийн байдлаас шалтгаалж ОУВС-гийн дараагийн санхүүжилт орж ирэхгүй гацаанд ороод байгаа нь үнэн. Шинэ Засгийн газар байгуулагдахыг тандаж, ОУВС Монголын асуудлыг хэлэлцэх хурлаа хойшлуулсан байгаа.

 

Сангийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Булгантуяа "ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд одоо нийтдээ 3.3 тэрбум ам.доллар орж ирнэ. Үүний тал хувийг төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр байгаа.  Нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах төсөл  хөтөлбөр. Үлдсэнийг нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна. Төсвийн алдагдлаа санхүүжүүлэхгүй бол төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрнэ. Сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг нэмэх нь битгий хэл тавьж чадахгүй нөхцөлд хүрнэ” гэж байсан.

 

Тиймээс  багш нарын шаардлагыг хүлээн авч,  өнөө маргаашгүй шийдвэр гарган цалин нэмэгдүүлэх эрх мэдэл ч, мөнгө санхүү ч  үүрэг гүйцэтгэгч Засгийн газарт байхгүй.

 

Ер нь төр, засгаас цалин нэм гэж шаардаад сууж байдаг үе ч ард хоцорсон.  Тэгээд ч  хоцрогдолтой хүүхдүүдэд цагаар хичээл заах, хичээлийн бус цагаар хувийн бизнесээ үргэлжлүүлэх, хамтраад  өдөр өнжүүлэх ажиллуулах гээд орлогын бусад эх үүсвэрээ багш нар өөрсдөө бүрдүүлэх боломж, гарц  хаа сайгүй л байна даг.

 

 Басхүү ардын хүүхдийг сургах үйлсдээ анхаараарай, багш нар аа. Хүүхдүүдийн сурлага нэлдээ муу байгааг жил бүрийн их, дээд  сургуулийн элсэлтийн шалгалтын оноо хэлээд өгч байна. Эцэг эхчүүд хүүхдэдээ илүү анхаарал тавьж, мэдлэгт нь  нэмэр болохыг багш нараас хүсч,  өөрсдийн боломжоор бэлэг өгч, гар цайлгадаг. Үүний буруу ч гэж юу байх вэ. Гэхдээ аяганы хариу өдөртөө гэгчээр гар цайлгасан эцэг, эхийн хүүхдүүдэд  дүнг нь албаар өндөр өргөх бус оюун ухаанд нь ойлгоогүй хичээлийг нь сайтар суулгаж өгөхийг нь эрмэлзэж, заах арга барилдаа анхаармаар байна.

 

Та бүхэн төр, засгаас цалингаа 1.6 сая байтугай нэмэгдүүлэх шаардлага тавьж болно, эрх нь ч байгаа. Харин ажил хаялт зохион байгуулах нь эргээд олон нийтийн эсэргүүцэлтэй тулахыг  эрдэмтэн багш нар мэдэж байгаа байх. 

Н.Энхлэн

Эх сурвалж: Shuud.mn

http://www.shuud.mn/content/read/488272.htm

скачать dle 12.0

Санал болгох