Оффисын цэцэрлэгийг олон болгоё

🕔 2017/09/01 10:16

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, шинэ оюутны бүртгэл, цэцэрлэгийн цахим сугалаа, багш нарын цалингаа нэм гэсэн тэмцэл гээд хэд хоног яасан ч их бужигнав. Гэхдээ л өнөөдөр шинэ хичээлийн жил эхэлдгээрээ эхэллээ. Манай боловсролын салбарт асуудал их байгааг өдөр бүр ярьдаг.

Энэ жилийн тухайд цэцэрлэгийн хоёр настны бүртгэлийг цахим хэлбэрээр явууллаа. Нялх үрсээрээ сугалаа сугалуулж, азыг нь үзэж цэцэрлэгт авлаа. Харин азгүй нэг нь өнөөдөр цоожтой хаалганы цаана асуудалтай үлдэж байна. Манайхан аливаа юманд олон улсын жишгийг дагах дуртай. Япон, Солонгос гээд хөгжингүй орнууд нийгмийн асуудлаа хэрхэн шийдэж байгааг харахад атаархал төрөм. Тэнд хүнээ дээдэлсэн бодлогыг хэрэгжүүлж чадаж байна. Харин манайд хүн эхээс төрөхөд л асуудал дагуулдаг боллоо.

Төрөх эмнэлгийн хүрэлцээ, агаар хөрсний бохирдол, халдварт өвчин гээд цуварна. Арай том болоод айлын хүүхэдтэй тоглох үед цэцэрлэгийн асуудал эцэг эхчүүдэд толгойны өвчин болдог. Бидний даган дуурайх дуртай хөгжингүй орнуудад цэцэрлэгийн асуудлыг тун аятайхнаар шийдсэн нь бий. Энэ нь төрийн болон хувийн байгууллагууд нь хажуудаа цэцэрлэгтэй байдаг. Том оффисууд нэг давхраа ирээдүйн эздэдээ зориулан тохижуулсан байдгийг харахад атаархал төрнө. Энэ нь зөвхөн цэцэрлэг биш нийгэмд тулгардаг олон асуудлыг давхар шийдэж байна.

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт ажилдаа ирээд цэцэрлэгт нь оруулж өгөөд ажлаа хийнэ. Орой тарахдаа хүүхдээ хажуугаасаа аваад гарах жишээтэй. Хүүхдээ өөр газар хүргэж өгөх гэж автозамын түгжрэл үүсгэхгүй, ажлаасаа хоцорч, сандарч гүйж стресстэхгүй. Мөн хүүхдийн аюулгүй байдлыг ч давхар хангаж чадаж байна. Оффисын дэргэдэх ийм цэцэрлэг олноор байгуулъя гэвэл эцэг эхчүүд хамгийн их баярлах байх.

Энэ санаачилгыг Монголд анхнаасаа хэрэгжүүлээд эхэлсэн нь сайшаалтай байна. Хамгийн анх Гадаад харилцааны яам цэцэрлэгтэй болжээ. Тэд хуучин "Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуй”-н байртаа 80 орчим сая төгрөгийн засвар хийж, хүүхдийн цэцэрлэг болгосон байна.

Түүний дараа Хуримын ордон, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хууль сахиулахын их сургууль, Сургуулийн өмнөх боловсролын газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, ТЭЦ-III, ТЭЦ-IV, Батлан хамгаалах яам, Зам, тээвэр хөгжлийн яам, МҮОНРТ гээд одоогоор арав орчим газар хажуудаа цэцэрлэгтэй болсон талаар Нийслэлийн боловсролын газраас мэдээлж байна. Хамгийн сүүлд гэхэд л МҮОНРТ цэцэрлэгтэй болсноо олон нийтэд зарласан. Тэдний цэцэрлэг удахгүй шинэ эздээ хүлээж авахаар ажиллаж байна.

Хүүхдийн цэцэрлэг жижиг асуудал мэт боловч ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдсэн томоохон алхам юм. Одоогоор байгууллагын хажуугийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа хамааран 1-8 бүлэг хичээллэж байна. Хууль сахиулахын их сургуулийн цэцэрлэг хамгийн том нь бөгөөд 200 гаруй хүүхэд хүлээн авч ажиллаж байна.

Төрийн зүгээс байгууллагынхаа хажууд цэцэрлэгтэй болох асуудлыг одоогоор төрийн байгууллагын хүрээнд дэмжин ажиллаж байна. Төрөөс нэг хүүхдэд өгдөг хувьсах зардлыг дээрх байгууллагын цэцэрлэгийн хүүхдүүд авна. Мөн сургалт арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Харин хувийн байгууллагууд хажуудаа цэцэрлэг байгуулахад нээлттэй ч тэдэнтэй холбоотой дүрэм, журам одоогоор үгүй. Гэхдээ хүсэлтээ бариад ирвэл ямар нэгэн байдлаар хувьсах зардлын асуудлыг шийдэж өгөх шийдвэрийг өнгөрсөн жил БСШУСЯ-наас гаргажээ.

Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул "Цаашид албан байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулаад ажиллавал цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл дээр нь уян хатан хөнгөлөлт үзүүлж, хүүхдүүдийн хувьсах зардлыг улсаас егөх учраас байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоо нэмэгдэх боломжтой. Ажилчдынхаа хүүхдүүдийг хамруулах цэцэрлэгтэй болчихвол энэ нь эцэг эхчүүд, улсад ч ашиг тусаа өгөх, үр дүнтэй ажил болох юм” хэмээж байв.

Тэгэхээр байгууллагын дэргэдэх цэцэрлэг нэгэнт л бидэнд ашигтай юм чинь дүрэм журмыг нь батлаад ажил хэрэг болговол зүгээр санагдана. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, Монголын толгой бизнесийн компаниуд энэ санаачилгыг эхлүүлбэл сайн сан.

ЭХ СУРВАЛЖ:

скачать dle 12.0

Санал болгох