Наадмын дараа намар болж хүүхэд багачууд хичээл сургуульдаа орох цаг хаяанд ирээд байна. Энэ жилийн тухайд сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг 2016 оны 08 дугаар сарын 27-ний өдөр буюу бямба гаригт зохион явууллаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын нээлттэй утас болох 7037-1212 утсанд ирсэн гомдлын мөрөөр Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, БСГ-ын дарга Р.Батжаргал нар Дархан сумын 21 дүгээр цэцэрлэгт ажиллав. Уг цэцэрлэгийн тухайд энэ хичээлийн жилд нийт 35 хүүхдийг шинээр элсүүлэх байсан хэдий ч нэмэлтээр 5 хүүхэд авчээ. Ингээд үндсэндээ 40 хүүхдийг элсүүлсэн боловч цаана нь дахиад 5 хүүхэд бүртгүүлж чадаагүй үлдсэн байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс үлдсэн 5 хүүхдүүдийн дунд сугалаа явуулж 2 хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар боллоо.