Умард Солонгосын хориг арга хэмжээг сунгалаа
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг өргөтгөх тухай асуудлаар санал хураалт явуулж, улмаар дэмжжээ. Тус шийдвэрийг Пхеньян тив алгасагч 2 баллистик пуужингийн туршилт явуулсантай холбогдуулан гаргасан юм байна.
Умард Солонгосын эсрэг хоригыг сунгасан тогтоолд, БНАСАУ-аас төмрийн хүдэр, хар тугалга, нүүрс, далайн хоол зэргийг экспортлох болон Умард Солонгосын гадаад худалдааны банкны дансны гүйлгээ, түүнчлэн тус улсын тэнгисийн хөлөг онгоцуудыг далайн эргийн боомтод нэвтрүүлэхгүй байх талаар хориглосон зүйл заалт багтсан аж. Умард Солонгос пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлэн, хэрэгжүүлж байгаатай холбогдуулан НҮБ-ын гишүүн орнуудад ажиллаж байгаа хойд Солонгосын иргэдийн тоог нэмэгдүүлэхгүй байх шаардлагатай юм байна. Мөн Умард Солонгосын хувийн аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран шинэ байгууллага бий болгохыг хоригложээ. АНУ-ын талын тооцоолсноор Умард Солонгосын гадаад валют ойролцоогоор 3 тэрбум америк доллар гэжээ.
Харин хориг арга хэмжээг сунгасан тогтоолд Пхеньяны жил бүрийн гадаад валютын орлогыг бууруулан, хязгаарлалтыг тогтоох талаар ч санал буулгасан юм байна. Умард Солонгос энэ сард 2 удаа баллистик пуужингийн туршилт хийсэн. Тус пуужингийн тусгал нь АНУ-ын газар нутагт хүрэх чадвартайг ч батлан харуулсан юм. Үүнтэйгээр холбогдуулан АНУ гэлтгүй Умард Солонгостой хиллэн орших улс орон тус улсын пуужингийн хөтөлбөрийг эрс буруушааж, ихээхэн шүүмжлэлтэй байр сууринаас хандаж байгаа. Үүнтэйгээр холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгахыг НҮБ-д хандан уриалаад байгаа юм.