Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох уу, эсвэл бүр болих уу
Улстөрчдийг шагнадаг хуулийг баталчихлаа. Сонгуулийн хуулийг хэлж байна л даа. Улстөрчдийг сонгож, эрх мэдэл олгож байгаа нь нэг ёсондоо ард түмнээс тэднийг шагнаж байгаа хэрэг. Тэгвэл ард түмэнд улстөрчдийг шагнах эрхийг нь өгсөн атлаа эргээд хариуцлага тооцох эрхийг олгохгүй удаж байна. Ийм эрхгүй ард түмэн явгарч, тийм хазааргүй улстөрчдийн дур зорго гаарч байна.
Сонгогдсон улстөрчдийг эргүүлэн татах, огцруулах, сахилга болоод ёс суртахууны хариуцлага тооцох, хүлээлгэх санаачлагууд УИХ дээр очоод нэг бол буцдаг, эс бөгөөс гацдаг. Одоогоос есөн жилийн өмнө буюу 2006 онд баталсан УИХ-ын тухай хуульд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай заалт байсан ч Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэн хүчингүй болгосон. УИХ-ын гишүүн Ж.Батзандан уг нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл боловсруулсан. Тэрхүү төсөлд тойргоос сонгогдсон гишүүнийг нийт сонгогчдын гуравны хоёрын саналаар эргүүлэн татах тухай санал гаргасныг УИХ хүлээн авсан тохиолдолд эргүүлэн татах, намын жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүнийг тухайн намын төлөөллийн төв байгууллагаас эргүүлэн татах тухай санал гаргаж, түүнийг нь УИХ хүлээн зөвшөөрвөл эргүүлэн татна гэсэн нэмэлт өөрчлөлтийг тусгасан тухай мэдээлж байсан ч өдгөө сураг тасарчээ.
Тэгвэл Ерөнхийлөгчийн зүгээс өргөн бариад буй Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл мөн л хэлэлцэгдэхгүй бүтэн он дамжин хав дарагдаж байна. Яагаад улстөрчдөд хариуцлага тооцох санаачилга бүр ийнхүү хад мөргөж байна вэ. Хадан дээр хариуцлага тооцох гэсэн санаархал бүрийн өмнөөс барьж харуулдаг ганцхан бичээс бий. Тэр нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэсэн сонгодог тайлбар. Чухам улстөрчид үүнийг шалтаг болгож л ашигладаг болохоос бус Үндсэн хуульд төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцож болохгүй ээ гэж заасан байдаг хэрэг огтоос биш юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин есдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт "УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, мөн зүйлийн гурав дахь хэсэгт "УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс эгүүлэн татна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал нь УИХ-ын гишүүний халдашгүй байдалд хамаарна гэсэн үг. Хуульд УИХ-ын гишүүнийг баривчлах ганцхан үндэслэл бий. УИХ-ын тухай хуулийн 6-р зүйлийн 6.9.1-д "УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ нотлох баримттайгаар баригдсан тохиолдолд баривчилж болно” гэсэн хуулийн заалт байдаг. Эдгээр хуулийн заалт нь одоогийн улстөрчдийн хана хэрэм мэт ганц бамбай нь болжээ. Хариуцлага тооцно гэх сэдвийг хөндөхтэй зэрэг бүгд л толгой дохин дэмжих атлаа гагцхүү хуулийн хүрээнд л хариуцлага тооцно шүү гэх зальжин хариултаар бүхнийг мадладаг. Хариуцлага ярьсан хэнбугайн ч өөдөөс хариу барьж, мад тавих ийм бололцоотой учраас улстөрчид даам гарч чадаж байна.
Ийм учраас өнөөдөр Монголын улс төрд хариуцлагагүйн зуд нүүрлэж, хуулийн ард орж нуугдсан улстөрчид хариуцлага ярьсан нэгэн рүү салаавч гаргаж байна гээд хэлчихэд үнэн бодит байдлаас нэг их хол зөрөхгүй. УИХ-ын гишүүдийг жишээ нь эгүүлэн татах ямар ч хуулийн бололцоо байхгүй. Бусдад санал өгөх эрхээ шилжүүлснийг нь гэмт хэрэг гэж тооцож, бусдын кноп дарж байхад нь УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ нотлох баримттайгаар баригдлаа гэж үзэхгүй л юм бол бусад тохиолдолд боломжгүй. Өнөөдрийн хариуцлага тооцох бидэнд байгаа боломж ерөөсөө л энэ.
Гэтэл Японы парламентын гишүүн бусдын кнопыг дарсныхаа төлөө огцорч байна. Засгийн газрын гишүүн нь сонгуулийн үеэр авсан хандиваа бүртгүүлээгүйн улмаас ажлаа өгч байх юм. Манайд гэтэл байдал ямар байна вэ. Хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа өгч, гадаадад офшор данс нээн мөнгө зувчуулж, бусдын кнопыг бүх нийтээрээ дарж, хуралдаанд согтуу оролцож, хуралдаанаа тогтмол тасалж, хоцорч, "Би угаасаа хоцордог” гэж хэнэггүйтэж, мөрийтэй тоглож, хутга шөвөгний хэрэгт холбогдож, авлига авсан гэж шалгагдаж, ер нь хариуцлагатай улс оронд бол байж боломгүй олон үйлдлээ УИХ-ын халдахшгүй эрх гэдгээр хаацайлан өнгөрсөөр байна. Монголд согтуугаар машин баривал Захиргааны болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг. Гэтэл согтуугаар төр баривал ямар ч хариуцлага хүлээдэггүй. Хуулийн хариуцлагаа байг гэхэд ёс суртахуун, сахилгын хариуцлага ч хүлээдэггүй. Парламентын түүхэнд гишүүд шоронд ортлоо хариуцлага үүрсэн тохиолдол нэг бий. Тодруулбал, 1996-2000 оны УИХ Казиногийн хууль баталсан. Тэр үед буюу уг хуулийн дагуу явуулсан казиногийн тендерийг будилуулж, авлига авсан хэргээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд С.Батчулуун агсан, гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга нарыг хорьж байсан юм. Бусдаар бол хариуцлага тооцно гэж ёстой л гурилдаад өнгөрдөг жишиг манайд бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Баярцогт хөрөнгө орлогоо мэдүүлээгүй нуусан нь ил болж, ард түмэндээ худал хэлснийхээ хариуцлага болгож тухайн үед хашиж байсан УИХ-ын дэд даргын албан тушаалыг өгөөд л өнгөрч байсан түүх тун саяхан. Одоо тэр хүн УИХ-ын гишүүний дархан эрхтэйгээ хэвээр байгаа төдийгүй ЗГХЭГ-ын даргын албан тушаал хашиж байна. Ийм жишээ олон л доо. Одоогийн улстөрчид хариуцлагыг ямар хэмжээнд төсөөлдөг нь үнэхээр чамлалттай бөгөөд хөөрхийлөлтэй. Тэд УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэм гэх ёс төдий юм гаргаж, түүнийхээ хүрээнд л хариуцлага ярих гэдэг. Тэнд заасан дүрмээ мөрддөг эсэх, зөрчсөн хүмүүстээ хариуцлага тооцдог эсэх нь туйлын бүрхэг. Энэ дүрмийг зөрчсөн гэж ядахдаа банга хүртэж байсан нэг ч гишүүн санаанд орохгүй байна. Уг нь ёс зүйн дүрмэндээ УИХ-ын гишүүн Төрийн ордон болон УИХ-ын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх, ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх ёстой гэж зааж. Бас бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг нь эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах тухай ч тусгажээ. Ёстой л дүрмийг зөрчих гэж гаргадаг гэхчлэнгээр хариуцлага, сахилга батыг мөрдүүлэх гэж гаргасан дүрэм яавч байж чадсангүй нь эдгээр заалтаас нь танигдана. Хэрвээ эдгээр заалтыг зөрчсөн гэж хариуцлага хүлээлгэдэг асан бол өдгөөгийн бүх УИХ-ын гишүүн ядаж л донгодуулсан байхсан биз ээ.
Ардчилал ямар үед анархизм болж хувирдаг вэ. Үнэндээ монголчууд ардчиллыг эрх, эрх чөлөө л гэж ойлгож ирсэн. Харин үүрэг, хариуцлага гэдгийг нь ор тас мартаж, орхигдуулсны гайгаар өнөөдөр ардчилагчид хүртэл өөрсдийн байгуулсан ардчиллаа танихаа больчихоод гайхширч суугаа юм. Хариуцлага гээчийг мартсаны хамгийн энгийн нотолгоо нь манай улсад хариуцлагын тухай бие даасан хууль байдаггүй. Тэр дундаа улс төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох ямар ч зохицуулалт, тодорхой дүрэм бидэнд алга. Тиймээс л Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан хуулийн төсөл цагаа олсон, тулгамдсан улс төрийн санаачилга болж буй.
Харамсалтай нь, уг хуулийн төслийг өргөн мэдүүлснээс хойш өнөөдрийн хүртэл УИХ хэлэлцэж батлах нь байтугай хэлэлцэх асуудлуудынхаа жагсаалтад ч оруулахгүй байсаар он дамналаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийн төслийг боловсруулсан үндэслэлээ тайлбарлахдаа "Хариуцлага гэдэг бол Ардчилсан нийгмийн хамгийн гол үзүүлэлт. Тиймээс хариуцлага байхгүй бол Ардчилал байхгүй. Манай улс төрийн хуульд хүн томилох тухай заалт байдаг хэрнээ тухайн томилсон хүндээ хариуцлага тооцох тухай заалт огт байдаггүй, эрх мэдэл бүхий албан тушаалтнууд санаатайгаар хариуцлагын тухай заалтыг орхигдуулдаг. Төрийн бага болон дунд албан тушаалтнуудад хариуцлага тооцдог хэдий ч өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцдоггүй. Хууль, ёс зүйн дүрмийг ноцтойгоор зөрчөөд албан тушаалаас нь огцруулах, эгүүлэн татах шийдвэр гарсан бол тухайн төрийн албан тушаалтан хоёр жилийн хугацаагаар тэр албан тушаалд эргэж томилогдох эрхийг нь хязгаарладаг ийм хэлбэр рүү оруулахгүй бол болохгүй байгаа” гэсэн юм.
Хуулийн төсөлд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу УИХ-аас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг тусгажээ. Тухайлбал, улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг нь 2 эсвэл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгажээ.
Мөн албан тушаалтан өөрийн санаачилгаар гэм буруугаа ухамсарлах, хариуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг төлөвшүүлэх үүднээс ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон зааж, хэрэв албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зохицуулжээ. Энэ хуулийн төслийг батлахаас улстөрчид ямар үндэслэлээр татгалзаж байгаа нь сонирхол татдаг. УИХ-ын гишүүн Су.Батболд, "Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтны хүрээнд хуулийн төслийг боловсруулсан нь өрөөсгөл юм. Төрийн нийт албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлэх тухайд асуудлыг тодотгож харах хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан хуулийн төслийг яаравчлан хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хариуцлагын асуудлыг оруулж ирснийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хариуцлагын цогц үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй гэсэн. Энэ мэтээр бараг л бүх улстөрч хариуцлага тооцох хуулийг батлах нь зөв гэж тухайн үедээ дэмжсэн үг хэлж байв. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй гэдгээр уг асуудал унасан байх жишээтэй. Ямар гээчийн жүжиг вэ. Хэлэх үг хийх үйлдлийн энэ мэт зөрүүтэй байдал, улстөрчдийн хариуцлагаас бултах, зайлсхийх оролдлогууд хөшигний цаана өрнөж, ийм л жүжгийг бидний өмнө дэглэж байна.
Монголын улстөрчид үнэндээ бүгд нэг тугтай. Тэр нь төрд хариуцлагын тогтолцоог бий болгоё гэх агуулга бүхий ганц сэдэв. Төрийн бүх шатанд хариуцлага, ёс зүй хэрэгжихээ больсноос үүдэж, эдийн засаг улс төр дампуурч дууслаа гэх нэг л дүгнэлтийг хүрээнд тэд улс төрөө хийдэг. Харин тэдэнд ярьж байгаагаа хийх чин хүсэл, зорилго тэмүүлэл байна уу. Бүр тодорхой хэлбэл, тэдэнд өөрсдөдөө хариуцлага тооцох улс төрийн эр зориг байна уу. Эргэлзээтэй. Ард түмэн та нарыг эрх мэдлээр хангалттай шагналаа, хариуд нь та нар хариуцлагаар улс орноо шагнаач ээ гэж эрхгүй хэлэхэд хүрнэ.
Ц.Элбэгдорж:
-Хариуцлага гэдэг бол Ардчилсан нийгмийн хамгийн гол үзүүүлэлт. Тиймээс хариуцлага байхгүй бол Ардчилал байхгүй. Манай улс төрийн хуульд хүн томилох тухай заалт байдаг хэрнээ тухайн томилсон хүндээ хариуцлага тооцох тухай заалт огт байдаггүй, эрх мэдэл бүхий албан тушаалтнууд санаатайгаар хариуцлагын тухай заалтыг орхигдуулдаг. Төрийн бага болон дунд албан тушаалтнуудад хариуцлага тооцдог хэдий ч өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцдоггүй. Хууль, ёс зүйн дүрмийг ноцтойгоор зөрчөөд албан тушаалаас нь огцруулах, эгүүлэн татах шийдвэр гарсан бол тухайн төрийн албан тушаалтан хоёр жилийн хугацаагаар тэр албан тушаалд эргэж томилогдох эрхийг нь хязгаарладаг ийм хэлбэр рүү оруулахгүй бол болохгүй байгаа.
Эх сурвалж: "Ардын эрх” сонин