ОУВС-ГИЙН ШИНЖЭЭЧИД “ХҮҮХДИЙН МӨНГӨ”-ИЙГ ЗОГСООХЫГ ШААРДЖЭЭ

🕔 2017/07/22 16:36

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сараас ОУВС-тай хэлэлцээ хийж, энэ оны тавдугаар сарын сүүлээр "Өргөтгөлсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг албан ёсоор хэрэгжиж эхлүүлсэн. Гурван жилийн хугацаанд хэрэгжих "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд манай Засгийн газар нийтдээ 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болоод буй. ОУВС,Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон БНСУ, Япон тэргүүтэй гуравдагч хөрш орнуудаас жилийн хоёр хувь орчмоор орж ирэх уг мөнгийг Засгийн газар төсвийн алдагдлаа санхүүжүүлэх чиглэлд зарцуулах учиртай.

ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн даруйд 38.6 ам.доллар манай улсад орж ирсэн билээ. Үүнийг Төвбанкны валютын нөөцөд нийлүүлснээр эдийн засаг тодорхой хэмжээгээр эерэг үр дүнгээ өгөөд байгаа юм. Улирал тутам орж ирж уг санхүүжилтээс өмнө ОУВС-гаас хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг нягтлаж, урьдач нөхцлүүдийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байна.

Энэ жишгээр ОУВС-гийн шинжээчид энэ сарын 19-ний өдрөөс эхлэн манай улсад ажиллаж байна. Шинжээчдийн бүрэлдэхүүнд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй зургаан төлөөлөгчбагтаж байгаа аж. Тэд яамд болон Төв банкинд тусгай графикийн дагуу ажиллаж, холбогдох уулзалтуудаа хийж буй юм байна.

ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд манай Засгийн газар долоон төрлийн татвар нэмэн, тэтгэврийн насыг 2018 оноос жил бүр зургаан сараар нэмэгдүүлэх зохицуулалт хийсний зэрэгцээ "Хүүхдийн мөнгө”-ийг 60 хувьд нь олгохоор болж, УИХ-аар батлуулсан билээ.

Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тэтгэврийн насыг уян хатан болгох агуулга бүхий хуулийг УИХ-аар оруулан, улмаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон билээ. Мөнхүү автомашинд ногдуулах гаалийн албан татварын хэрэгжилтийн хугацааг хоёр сараар сунгаж, нөхөн төлөлтөд 600 гаруй сая төгрөг зарцуулсан юм.


Засгийн газраас энэ шийдвэрүүдээ татварын орлого 500 тэрбумаар давж биелж буй тул бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход 100 тэрбум төгрөг зарцуулах бүрэн боломжтой гэж тайлбарласан. Ингэснээр хүүхэд тутамд нэгдүгээр сараас хойшхи долоон сарын мөнгийг тооцон олгох  үйл ажиллагаа эхэлж, дансанд нь 140,000 төгрөг байршуулсан юм.

Ийм байдлаар сонгуулиас өмнө 48.6 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөний нөхөн олголтод зарцуулсан байна. Эрх баригч намын зүгээс эдийн засгийн байдал харьцангуй сэргэж байгаа тул нийгмийн халамжийн бодлогоо зөөлрүүлэх нь ОУВС-гийн шаардлагатай зөрчилдөхгүй гэж үзэж буйгаа илэрхийлээд байсан юм.

Гэвч ОУВС-гийн шинжээчдийн зүгээс Монгол Улсын Засгийн газрыг хэд хэдэн урьдач нөхцлүүдээ зөрчиж, хөтөлбөрийн хэрэгжилтийг сааруулсан гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Шинжээчид тухайлсан нөхцлүүдийг эргэн харж, ОУВС-тай тохирсон хувилбараар нь явуулахыг шаардаад байгаа аж. Тухайлбал, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгохгүй байх шаардлагыг шууд байдлаар тавьсан байна.

Одоогоор Засгийн газраас уг мэдээллийг ихэд нууцлаж, дотооддоо ард түмэнд хэрхэн зөв ойлгуулах талаар зөвшилцөж байгаа аж. Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбатын хувьд ирэх есдүгээр сард болох МАН-ын Их хурлаар намын даргад өрсөлдөх эгзэгтэй үед ОУВС ийм шахалт үзүүлж буй нь ихээхэн хүнд туссан байна. ОУВС-гийн урьдач нөхцлийг Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан өөрчилсөн ч шийдвэрээ дахин буцаах асуудал нь эргээд ард иргэдийн болон намын гишүүдийнхээ шүүмжлэлд унах өндөр эрсдэлтэй юм. Тиймээс танхим дотроо зөвшилцөж, ард иргэдэд эерэгээр ойлгуулах шийдэл хайж байгаа аж.

Ж.МЯДАГБАДАМ

скачать dle 12.0

Санал болгох