Түймэрт цэргийн алба хаагчдыг дайчилж, иргэдэд урамшуулал олгоно
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтраасан ч 66 мянга гаруй га талбай шатсан байна. Харин сүүлийн өдрүүдэд төв суурин газруудыг тойрсон түймрийн тохиолдол хэд хэд гарсан тул иргэд илүү анхаарал хандуулж, санаа зовниж байна.
Иймд сайн дураараа нэгдэж түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд Нийтийг хамарсан үйл ажиллагаа, ажил үйлчилгээний зардлаас хөрөнгө гаргаж, урамшуулал олгохыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгалаа.
Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудын Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулснаар одоогийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд 300 гаруй сая төгрөгийн бэлэн мөнгө, бараа материалын хандив цуглаад байна. Тухайлбал,
1. "Онцгой импекс” ХХК-аас үүргийн гал унтраагуур 8 ширхэг (РЛО 250.000х8=2 сая төгрөг)
2. ДЦС-4 ТӨХК ажилчдын нэг өдрийн цалин 50 сая төгрөг
3. "Эрдэнэс Тавантолгой” ажилчдын нэг өдрийн цалин 100 сая төгрөг, усны автомашин 4-5, шүүгчтэй амны хаалт 5 мянган ширхэг,
4. Иргэдийн санаачилгаараа байгуулсан Фэйсбүүк бүлгэмээс 30 сая төгрөг, 200 гаруй иргэд ус, хүнс, бээлий, гар багаж, хэрэгсэл,
5. "АПУ” ХХК 50 сая төгрөгийн өртөг бүхий ус, ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүн,
6. "Шунхлай” ХХК 20 сая төгрөгийн өртөг бүхий бензин, шатахууны хандив,
7. "Тайж” групп 10 сая төгрөг экспортод гардаг лаазалсан махан бүтээгдэхүүн,
8. ХЗДХ-ийн албан хаагчид нэг өдрийн цалингаа тус тус хандивлаад байна.
Цэргийн алба хаагчдыг түймэрт дайчлах шийдвэр гаргалаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр болж түймрийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Одоогоор Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Дорнод аймгийн Баян-Уул суманд асч байсан хоёр түймрийг цурманд оруулаад байна. Хэдийгээр цэрэг дайчлах шаардлагагүй гэж Онцгой байдлын ерөнхий газар танилцуулсан ч Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс тодорхой тооны алба хаагч, техник хэрэгслийг дайчилж ажиллуулахаар шийдвэрлэлээ. Энэ дагуу Төв аймгийн Эрдэнэ суманд асч байгаа түймрийн голомтод цэргийн 24 алба хаагч ажиллаж эхлээд байна.
Цаашид:
- УБТЗ, Иргэний нисэхийн ерөнхий газрын гал сөнөөгчид, техник хэрэгслийг дайчлахыг Зам, тээвэр, хөгжлийн сайдад
- Түймэр унтраах тусгай зориулалт бүхий онгоц худалдан авах талаар судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад
- Түймэрт ажиллаж байгаа иргэдийг Нийтийг хамарсан ажил, үйлчилгээний зардлаас хөрөнгө гаргаж урамшуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад
- Аж ахуйн нэгж, байгууллагуудын ус зөөврийн том оврын автомашинуудыг бэлэн байдалд оруулахыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад
- Түймрийн бүс нутагт эмч нарын нэмэлт баг ажиллуулахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.
Мөн дөрвөн тонны ус тээвэрлэж агаараас цацах зориулалт бүхий онгоц, мэргэжлийн багийг гаднаас урьж авчран хүмүүсээ сургах, үүлэнд зориуд нөлөөлж бороо оруулахад шаардлагатай хөрөнгийг гаргахаар боллоо. Ногоон бүсэд амралт, аялал зугаалга хийхийг түр хориглосон шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналтаа эрс чангатгахыг үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.