Хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрээд байна

🕔 2017/05/18 12:10

Хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрээд байна

Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд объектын болон ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын "Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гарсан. Уг албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын "Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх тухай” албан даалгаврыг гарган аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нарт хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байгаа билээ.

 

Мөн ОБЕГ-аас "Ой, хээрийн гал түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдал, ой, хээрийн гал түймэр унтраах бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх” нэгдсэн удирдамжит  арга хэмжээг зохион байгуулан гарсан гал түймрийг хохирол багатай, шуурхай унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 

Тэгвэл 2017 он гарсаар улсын хэмжээнд тавдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод зургаан удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 39 суманд 53 удаа, нийт 59 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38802,5 гай ой, 26842,5 га хээр, нийт 65645 га талбай түймэрт өртсөн байна.

 

Улсын хэмжээнд гарсан ой, хээрийн гал түймрийг 2016 оны мөн үетэй харьцуулбал гал түймрийн тоо таван тохиолдлоор буурсан, түймэрт өртөж шатсан га талбай эрс буурсан үзүүлэлттэй байгаа юм.

 

Дээрх 59 удаагийн гал түймрийг унтраахад давхардсан тоогоор Онцгой байдлын байгууллагаас 1048 албан хаагч, 111 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 127 албан хаагч, 9 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 10 албан хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 4 албан хаагч, орон нутгаас 2182 иргэн, 261 автомашин, 31 мотоцикль тус тус дайчлагдан ажилласан байна.

 

 

Түүнчлэн 2017 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 28-33 градус давж халсны улмаас ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий бүс нутгуудаар хуурайшилт ихэсч, аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрээд байна.

 

Иймд: Хуурайшилт ихтэй, салхи шуургатай үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж, ой, хээр болон ил задгай газар гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

 

Мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд иргэдийн буруутай үйлдлээс болж гал гарсан бол дараах хариуцлагыг хүлээлгэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

 

Ойн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын дагуу гарсан ой хээрийн түймрийн шалтгаан, эзэн холбогдогчийг Цагдаагийн байгууллага шалгаж тогтоодог.

 

Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь заалтын дагуу Ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон,их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.

 

  • Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251дэх заалтын дагуу Ой, хээрийн түймэр тавьсан, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан:

          Иргэнийг 1000-50.000 төгрөгөөр,

         Албан тушаалтныг 30.000-60.000 төгрөгөөр,

         Байгууллага, аж ахуйн нэгжийг 50.000-250.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

  • Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, 9.2.9 дэх заалтын дагуу ил задгай хог хаягдал шатаасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.7 дахь заалтын дагуу:

          – Иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний                       төгрөгөөр, /240.000 төгрөг/

    – Аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин         нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /480.000 төгрөгөөр/тус тус торгож хариуцлага       хүлээлгэдэг журамтай гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

скачать dle 12.0

Санал болгох