Н.Болормаа: Зудын голомтонд байгаа малчдад бэлэн мөнгө олгоно

🕔 2016/01/05 10:52

Улсын онцгой комисс шинэ оны эхний хуралдаанаа хийлээ. Энэ үеэр өнөөдрийн байдлаар 16 аймгийн 50 суманд өвөлжилт хүндэрсэн гэх мэдээллийг албаныхан өгсөн юм. Харин зудтай байгаа аймгуудад улсын төсвөөс тодорхой хэмжээний тусламж үзүүлэхээс гадна Улаанзагалмайн нийгэмлэгээс зудын голомтод байгаа малчдад бэлэн мөнгөнөөс гадна хувцас, хүнс тэжээл олгохоор болжээ. Энэ талаар Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаагаас тодрууллаа.

        -Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад тодорхой тусламж үзүүлэх юм байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү. Жишээлбэл, хэчнээн төрлийн тусламжийг малчдад үзүүлэхээр байна вэ?

-Шинэ оны өмнөх Онцгой комиссын хуралдаанаас манайд тодорхой үүрэг өгсөн л дөө. Үүний дагуу Монголын Улаан загалмай нийгэмлэг /МУЗН/ шуурхай ажилласан. Энэ үеэр олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн "Улаан хавирган сар” холбооноос шинжээчид манай улсад ирсэн юм. Тэд Архангай, Төв аймагт ажиллаж зудын эрсдэлийн байдалд үнэлгээ өгсөн. Хамгийн сүүлийн үнэлгээг бид өнгөрсөн сарын 25-30-нд Архангай аймгийн сумдад хийсэн. Одоогийн байдлаар Олон улсын улаан загалмай хороо 300 сая төгрөгийн тусламжийг зудад өртсөн, өндөр эрсдэлтэй өрхүүдэд олгохоор шийдээд байна. Мөн Английн улаан загалмай нийгэмлэг 140 орчим сая төгрөгийн тусламжийг зургаан аймагт үзүүлэхээ илэрхийлсэн. Эхний ээлжид бид 1600 өрхийг энэ тусламжид хамруулна. Үүнээс 400 орчимд нь бэлэн мөнгөний тусламж үзүүлэх юм. Энэ ажлыг бид "Жи мобайл” компанитай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Тусламж олгохын өмнөх судалгаа хийгээд эхэлсэн хэрэг үү. Шаардлагатай өрхөд хэчнээн төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэх вэ?

-Тэгэлгүй яахав. Бид "Жи мобайл”-аар дамжуулж зудтай, цас ихтэй аймгуудад судалгаа явуулсан. Ингэхдээ "Хэрвээ өвөлжилт хүндэрвэл танд ямар тусламж хэрэгтэй вэ” гэдэг асуулт асуухад бэлэн мөнгө, хүнс, дулаан хувцас, өвс тэжээл гэсэн сонголт үлдээхэд малчдын олонх нь бэлэн мөнгө, хүнс, дулаан хувцас, өвс тэжээл гэсэн дарааллаар хариулсан. Тиймээс нэг хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгийг ХААН банкаар дамжуулан олгохоор бэлтгэж байна. Тэгэхээр аймгуудын улаан загалмайн хороод Онцгой байдлын комисстойгоо хамтарч эрсдэлтэй өрхүүдээ тодорхойлж байгаа гэсэн үг.

      -Ямар өрх энэ тусламжийг авах боломжтой вэ?

-Өнөөдөр ч Олон улсын шинжээчид маань малчин өрхүүдээр яваад тухайн айлын бодит байдлыг тодорхойлж байна. Бидний анхаарснаар ихэвчлэн 1-5 хүртэлх насны хүүхэдтэй айл, өндөр настан, жирэмсэн эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл хамаарахаар байна. Ер нь сүүлийн үед отроор буюу өөр аймгийн нутагт өвөлжиж байгаа малчдын дунд судалгаа явуулж, тусламж үзүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар Увс, Завхан, Архангай аймгийн баруун тал, Сүхбаатар, Дорнод аймагт өвөлжилт хүндрэх магадлалтай байгаа учраас бид эдгээр аймагт дахин судалгаа хийнэ.

-Тусламжийг хэзээнээс олгож эхлэхээр байна вэ?

-Судалгаа явуулж дууссан аймгууддаа энэ сараас тусламжаа үзүүлжэхэлнэ. Ер ньАнглийн улаан загалмайнхан гэрийн дулаалгаас гадна отроор явж байгаа өрхүүдэд гэр олгох чиглэлд анхаарал хандуулж байна. Хамгийн гол нь энэ бүх үйл ажиллагаа эрсдэлийн үнэлгээнд суурилж байгаа учраас хүрэх ёстой эзэндээ хүрнэ гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс манайхан шинэ жилийн баярын өдрүүдэд ч эрсдэлийн үнэлгээгээ хийсэн. Өнөөдрийн байдлаар тусламжийг бид Дархан, Сэлэнгэ, Төв буюу Английн улаан загалмай төсөлд хамрагддаг аймгуудын өрхөд туслах ажлыг өнгөрсөн сарын дундуур эхлүүлсэн. Одоо бид дахиад энэ сард буюу цагаан сарын өмнө 400 гаруй өрхөд туслах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ер нь бидний хийж буй судалгаагаар хүндрэл өвөл биш хавар тохиолдож болзошгүй байна.

      -Судалгаанд хамрагдаад тусламж авах шаардлагатай айлуудад дээр дурдсан тусламжийг нэг удаа л хүртээх үү. Эсвэл ер нь л цаг хатуу үед олгоно гэж ойлгох уу?

-Ер нь судалгаагаар нэг сарын хэрэгцээг олгохоор байна. Бид эхний ээлжид 18 аймгийн 1600 өрхөд тусална. Үүнээс 400-д нь бэлэн мөнгө, 1200-д нь гэр, дулаалга, туурга гэх мэтийг олгох юм. Ер нь малчин өрхүүдээр явсан шинжээч, үнэлгээчдийн хэлж байгаагаар малчдад нэн шаардлагатай зүйл нь бэлэн мөнгөний хомсдол гэдгийг хэлж байна. Тиймээс цаашдаа Улаанбаатараас аймгуудад хүнс түгээдэг хуучин аргыг хэрэглэхгүй гэж үзэж байгаа юм. 2009-2012 онд бас зуд болж байсан. Тэр үед бид туршлагажсан гэх үү дээ. Өөрөөр хэлбэл, ямар тусламж яг хүндээ хүрч, үр дүнтэй байсан бэ гэдгийг судалж үзэхэд бэлэн мөнгө бол шууд л хүндээ хүрдэг юм билээ. Гэхдээ бид хүнс хүргэнэ. Харин ингэхэд тээврийн зардлаас авахуулаад асуудал гардаг л даа.Тухайлбал, бид орон нутагт хүргэх хүнсээ нийслэлээс авах уу эсвэл аймгуудын төвөөс авах уу гэдэг аргачлалаа ярилцах нь зүйтэй юм билээ. Тиймээс бид энэ талаарх сонголтоо ярилцаж байна.

        -Одоогоор 16 аймагт өвөлжилт хүндэрсэн байна. Цаашид байдал дээрдэх баталгаагүй. Тэгэхээр ийм нөхцөлд танай байгууллагын зүгээс малчдад олгох тусламжийг үргэлжлүүлэх үү эсвэл нэг удаагийн арга хэмжээ юү?

-Цаашид үргэлжлүүлэн хүр- гэнэ. Олон улсын улаан загалмайн хурал өнгөрсөн сард Женевт болсон. Энэ хуралд манай холбооны ерөнхийлөгч Н.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр ч гэсэн зудын эрсдэлийн судалгааг аль хэдийнэ хийгээд эхэлсэн байсан. Тэгэхээр байдал хүндрэх тусам бид эрсдэлийн үнэлгээгээ сайн, бодитой хийхийг зорьж байна.

-Энэ тусламжийг цаашид үргэлжлүүлэн олгоно гэхээр багагүй хөрөнгө шаардлагатай болох байх. Төсөв хөрөнгөө хэрхэн босгож байна вэ?

 
-Бидэнд туслах нийгэмлэг олон бий. Тухайлбал, Норвеги, Швед, Финландын улаан загалмай нийгэмлэгээс өвөлжилт хүндэрсэн малчдад тусламж үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Тиймээс бидний гол ажил бол эрсдэлийн үнэлгээг зөв хийх, тусламжийг яг эзэнд нь хүргэх явдал. Тиймээс манайхан шинэ жилийн баярын өдрүүдэд ч эрсдэлийн үнэлгээгээ хийсэн. Ер нь тусламжийг бид Дархан, Сэлэнгэ, Төв буюу Английн улаанзагалмайн төсөлд хамрагддаг аймгуудын өрхүүдэд туслах ажлыг өнгөрсөн сарын дундуур эхлүүлсэн. Одоо бид дахиад энэ сард буюу цагаан сарын өмнө 400 гаруй өрхөд туслах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ер нь бидний хийж буй судалгаагаар хүндрэл өвөл биш хавар байж болзошгүй байна.
 
 
М.Өнөржаргал
 
Эх сурвалж: "Монголын үнэн” сонин
скачать dle 12.0

Санал болгох