ХОЁР СУМ – 2-Р ХЭСЭГ /СУРГАМЖТАЙ ТҮҮХ/
2 ДУГААР ХЭСЭГ /ИХ СУРГАМЖТАЙ ТҮҮХ/
-
ЭНЭ ҮЕД МЭЛХИЙ ГҮНЖ ЯРИАНД ОРОЛЦОВ.
-БЭЛЭВСЭН ЭХНЭРИЙГ очиход ГҮЙГЧ яваад өгсөн, би харсан. Би гадаа тор сүлжиж байсан юм. Надад ГҮЙГЧИЙН гэр маш тод харагдаж байсан.
-
ДЭЛДЭН хашгирав:
-Би ойлголоо! Аллагын мөрөөр орлоо! ГҮЙГЧ! ГҮЙГЧ ээ, чи хаана байна?
ГҮЙГЧ босов.
-Чамайг БЭЛЭВСЭН ЭХНЭРИЙГ гэртээ орхиод өөрөө яваад өгсөн гэж байна. Энэ үнэн үү?
-
-УГ НЬ ТИЙМ. БИ ЯВСАН. ТҮР ХУГАЦААГААР.
-Чи хаашаа явсан юм бэ?
-Түүний нөхөр рүү очсон юм.
-Яах гэж?
-Түүнтэй ярих гэж очсон юм. Түүнтэй нүүр тулж уулзахыг хүссэн юм, эхнэрийг нь байхгүйд.
-Та хоёр юу ярив?
-Тэр чухал биш ээ.
ДЭЛДЭН, БЭЛЭВСЭН ЭХНЭРТ хандав:
-ГҮЙГЧ чиний нөхөртэй юу ярьсан бол? Чи сонирхсон уу?
-ГҮЙГЧ манай тэнэгт ашигтай санал тавина гэж байсан, гэвч өнөөх нь татгалзсан байсан.
-
-Юунаас татгалзсан юм бол, ГҮЙГЧ ээ? ГҮЙГЧ ороогдсондоо бухимдаад эхлэв.
-Би сайн санахгүй байна. Чухал юм биш байсан.
Гүйгч гомдоод зүрхээ дараад унаад өгөв. Эмэгтэйчүүд түүнийг өмгөөлж өмөөрөв.
-Санахгүй байна! Мэдэхгүй байна! Үгүй! Үгүй! - гэснээ ГҮЙГЧ -Түүнээс асуу гээд УРАН ҮГТ рүү заав! -ТЭР! УРАН ҮГТ, ТЭР ЯРИГ, ТЭР!
УРАН ҮГТ суунагтай харцаар эргэн тойрныг харлаа.
-Би ямар буруутай гэж? Надад ч бас тулааны талбар бий. Айхтар ажиглагдам биш л байх, гэвч багагүй хүч, авъяас шаарддаг талбар юм шүү...
-
Тэгээд УРАН ҮГТ урнаар өгүүлэв:
-Тэгье ээ, ГҮЙГЧ ээ, чиний асуултанд БИ хариулъя. Хэлэх үг ч байна. Хэлний үзүүр дээр эргэлдээд л байна. Эргэлдээд л...
ГҮЙГЧ нүдээ дараад газарт хэвтээд өгөв, эмэгтэйчүүд түүнийг улам өрөвдсөөр...
-ДЭЛДЭН чи хүнийг ингэж болохгүй! Хөөрхийг яаж байгаа юм бэ!
-Би зүгээр л асуусан шүү дээ. Түүнийг гомдоно ч гэж бодоогүй!
-Үгүй, чи өөр зүйлд буруутай - гэж АНЧДЫН АХЛАГЧ архирав. -ЧИ НУТАГ НЭГТНЭЭ АЛСАН, ТЭГЭЭД ХҮН АЛСАН ХЭРГЭЭ ӨӨР ХҮНД ТОХОХ ГЭЖ ОРОЛДООД БАЙНА!
ДЭЛДЭН бүр сэтгэлээр унав.
-
ТЭРГҮҮН АСУУВ:
-ГҮЙГЧ чамайг заасан, УРАН ҮГТ ээ. Юу мэдэж байгаагаа бидэнд хэл.
-ГҮЙГЧ юу яриад байгааг би мэдэхгүй. Энэ омог дотор ӨНДӨРТ над шиг сайн байсан хүн бараг байгаагүй байх. ӨНДӨР бол миний багш байсан. Түүнийг та нар бүгд мэднэ. Би уран илтгэх урлагийг түүнээс сурсан. Харин одоо ТЭР үгүй болж. Бидний сонорыг уран үгсээрээ мялааж чадахгүй болж. ЭНЭ ГУНИГ. ЭНЭ ЭМГЭНЭЛ. ЭНЭ ХАРАМСАЛ. Түүний сургаал номлол надад маш их ач тусыг өгсөн.
-
ДЭЛДЭН өгүүлэв:
-Чи багшаа алдаж. Чиний шаналлыг би ойлгож байна. Гэвч ажил бол ажил. ГҮЙГЧ яагаад чамайг заав?
-Тэр намайг зүгээр жишээлэн зүйрлэж хань татаж л заагаа биз. Яагаад гэвэл би уран ярих чадвартай.
-Аллага болсон тэр үед чи хаана байсан бэ?
-
АНЧДЫН АХЛАГЧ тэвчээр алдрав:
-Зүгээр зүйрлэн жишээлж заасан гэж чамд хэлээд байгаа биш үү! Би дэндүү хүлээцтэй хүн байх л даа, гэвч чиний чальчаа яриа намайг улам залхааж байна шүү. АЛУУРЧИН –БОЛ ЧИ. Хүмүүс ээ, алуурчин бидний дунд зогсоод биднээр даажигнаж байна. Тэр нутаг нэгтний минь ар нуруу руу урвагч мэт харваж алчихаад одоо гэмгүй царайлан үгүйсгэж байна. Харин би бол дайсантайгаа дандаа нүүр тулж уулзсаар өдийг хүрсэн хүн. Тиймээс би - ҮХЛИЙГ ҮХЛЭЭР! - гэж хэлмээр байна. ҮХЛИЙГ ҮХЛЭЭР ШИЙТГЭХИЙГ БИ ШААРДАЖ БАЙНА!!!
-ҮХЛИЙГ ҮХЛЭЭР! - гэж анчид, цэргүүд ч ахлагчаа эрэлхэгээр дэмжин түрж хашгиралдав.
ТЭРГҮҮН шийдвэр зарлалаа:
-ДЭЛДЭНГ хэрхэн шийтгэхийг маргааш хэлэлцье. Одоо орой болжээ. Бүгд ядарч. Энэ шөнийг ДЭЛДЭН агуйд өнгөрөөг. Хэн түүнийг манах вэ?
-Найз нь манаг - гэж АНЧДЫН АХЛАГЧ өгүүлэв. -ХАМАР түүнтэй үлдэг.
-
ДЭЛДЭН, ХАМАР хоёр агуйд сууж шөнөдөө овоо ярилцжээ.
-Надад бүү гомдоорой.
-Яалаа гэж дээ!
-Чамайг барьж өгсөнд.
-Харин ч эсрэгээр, чи намайг аврах гэсэн.
ОМГИЙН ТЭРГҮҮН агуйд хүрч ирж тэр хоёрын дэргэд суув.
-Гэртээ очиж дулаац, ХАМАР аа.
-Яагаад манааны байраа орхив гэвэл таныг тушаасан гэж хэлнэ шүү!
-Тэг тэг!
ХАМАР яваад өгөв.
-Намайг санал хураалтыг яагаад өглөө болтол хойшлуулсныг чи мэдэж байна уу, ДЭЛДЭН минь?
-Үгүй.
-Чамайг энэ шөнө оргуулахын тулд.
-Яагаад?
- - - -
-МИНИЙ БОДОХОД МАНАЙ ОМОГТ ХАГАЛАН БУТАРГАГЧИД БИЙ БОЛЖ.
- - - -
-Яах гэж?
-Одоо ярихад хэцүү. Би өөрөө ч яг тодорхой мэдэхгүй байна. Надад тэгж бодогдсон ч байж болох. Гэвч миний бодоход бол тэд зорилгодоо хүрэхийн тулд чамайг золихоор сонгосон санагдаад байна.
-Яагаад намайг гэж?
-Юу болоод байгааг ухаарах сэхээтэй хүн бол чи. Тиймээс тэр байх. ХАРИН ТЭДЭНД БОЛ ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ХЭРЭГТЭЙ. ХЭРЭВ ЧИ ӨӨРИЙНХӨӨ БУРУУГҮЙГ НОТОЛЖ ЧАДВАЛ БУРУУ ТЭДНИЙХ БОЛЖ ТААРНА. Тэгвэл ТЭД чамайг яг ӨНДӨРИЙН адил араас чинь харваж ална. Яв, ДЭЛДЭН минь. Энд байвал чамд л муу юм болно. Энэ талаар би их бодлоо.
-
-Танд би итгэж байна. Гэлээ ч би эндээс явахгүй. Тэнд би ганцаардана. Тэнд би уйтгарлана.
-Хаа сайгүй хүмүүс бий. Тэнд ДЭЛДЭН чамтай адил залуус ч бий, надтай ижил хазгар хөгшид ч бий.
-Мэдэхгүй дээ, танд би юу ч гэж тайлбарламаар юм бэ дээ...
-ХЭН НЭГНЭЭС САЛАХ ЧАМД ХЭЦҮҮ БАЙНА УУ?
-Тийм ээ. Хэн нэгнээс.
-ТЭГВЭЛ ТИЙМ ХЭН НЭГЭН ТЭНД Ч БИЙ.
-Үгүй!
-Бүгд л үгүй гэдэг юм, гэвч тэр бол өнгөц бодол юм шүү. Гэвч яахыг чи өөрөө л мэд дээ, ДЭЛДЭН минь, өөрөө мэдэж бөөрөөрөө цоор. Би чамд сайн сайхныг л хүссэн юм. Ингэж хэлээд ТЭРГҮҮН хазганасаар агуйг орхилоо.
-
МЭЛХИЙ ГҮНЖ яг энд л байгаад байсан мэт агуйд гэнэт гараад иржээ.
-Чи ганцаараа байна уу?
-Энэ чи юу? Би ганцаараа байна аа!
-Сонсооч, ДЭЛДЭЭН, би чамайг буруутгахгүй.
-Юуны төлөө?
-Түүнийг алсны төлөө.
-Хэнийг?
-Юу хэнийг гэж? ӨНДӨРИЙГ! Тэр намайг чамтай гэрлэхийг хүсэхгүй байсан юм! Чи түүнийг алж зөв үйлдэл хийсэн!
-Гэвч би түүнийг алаагүй!
-Тэдэнд л наад үгээ хэл. Харин надаас бол нуух хэрэггүй. Хийсэн үйлдлийн чинь төлөө би чамайг зөвхөн хүндэлнэ.
ДЭЛДЭН:
Шууд хэлье: Би зүгээр л хульчгар. Би аймхай. Би тулааны үеэр нумны саваа алдсан!
-
МЭЛХИЙ ГҮНЖ:
Би тэгж бодохгүй байна аа, хонгор минь.
Зун бид ХИЛЭНЦИЙНХЭНТЭЙ тулалдсан даа. Би бас тэнд тулалдаад гүйж явсан. Тэгж яваад бутны цаана ХИЛЭНЦИЙН омгийн хүн нуугдаж үлдсэнийг мэдсэн. Тэгээд түүнийг харваж алахаар нумаа татсанаа больсон. Яагаад гэж үү? Яагаад гэвэл тэр жаахан хүүхэд байсан юм! Тэр дайнд оролцсон л доо, гэхдээ жаахан хүүхэд! Тэр хүүхэд бутан дотор суугаад чичирч байсан, түүнийг дагаад бутны навчис нь чичигнэж байсан. Тэгэхэд би нумныхаа савын шидчихээд яваад өгсөн юм. Тэр мөчид надад ичгүүр, гуниг, харамсал төрсөн...
Удалгүй ХАМАР ирж бүсгүйг явуулав.
-
-Намайг битгий хөөгөөч! - гэж МЭЛХИЙ ГҮНЖ гуйжээ.
-Гэвч, хонгор минь, бид түүнийг хөөднө шүү дээ! - гэж ДЭЛДЭН бүсгүйгээ аргадав.
ХАМАР шаналсан хэдий ч: -Манааны байраа орхих эрхгүй л дээ - хэмээн хэлжээ.
Бүсгүй эхлээд ХАМАРЫГ, дараа нь ДЭЛДЭНГ алгадчихаад эргэж ч харалгүй яваад өгөв.
-
ХАМАР арьсан нөмрөг дороосоо шавар савтай сархад гаргаж ирэв.
-Жаахан ууж халах уу?
-Уугаад мартацгаая. Мартчихвал бүгд хэвэндээ орно.
Тэр хоёр сархдаа ээлжлэн ууж эхлэв.
-Үхэх аймшигтай - гэж ХАМАР өгүүлэв. -Үхсэний дараа юу болж хувирдаг бол?
-Бүү мэд. Цөөвөр чоно эсвэл могой болдог юм болов уу?
-Магадгүй л юм.
-Би бол чамайг орго л гэж зөвлөх байна, ДЭЛДЭН минь!
-Орговол БИ буруугаа хүлээсэн хэрэг болно шүү дээ.
-Гэвч амьд үлдэнэ. Энд бол чи амьд үлдэхгүй.
-Би жижиг хүн, миний зөвлөгөөг чи тоохгүй байж болно оо. Гэвч ТЭРГҮҮН бас чамд хэллээ шүү дээ: ЗУГТ ГЭЖ!
-Тэр надад юу гэж хэлснийг чи яаж мэдэв? Чи нууцаар сонсоо юу?
-
ХАМАР гомдоллож ДЭЛДЭН рүү зэмлэнгүй харцаар ширтлээ.
-Чи бүр бүгдийг хардаад эхлэх шив. Гомдолтой байна шүү. Чи чин шударга, харин би явган зальтай. Чи зоригтой - харин би аймхай. БҮГДИЙНХ НЬ СУМНЫ ҮЗҮҮР БӨӨРӨНХИЙ, ХАРИН ЧИНИЙХ Л ГАНЦААРАА ХАВТГАЙ...
ДЭЛДЭН түүнийг заамдаж аваад асуув:
-Чи юу гэнэ ээ? Чи юу гэчихэв?
ХАМАР сандрав.
-МИНИЙ СУМ ЯМАР БАЙСНЫГ ЧИ ЯАЖ МЭДЭВ?
-Сумны талаар би жишээ болгож л хэллээ. Хэргийн учир суманд биш.
-СУМНЫ ҮЗҮҮР ХАВТГАЙ БАЙСНЫГ ЧИ ХААНА ХАРАВ? ХЭЗЭЭ ХАРАВ?
-Сайн санахгүй байна аа.
-Чи сана. Чи тэднийг хаана харсан юм бэ?
-Баяраар, баярын үеэр харсан. Бай харваж байхад.
-ТИЙМ БАЙХ УЧИРГҮЙ. БИ ТУЛААНЫ ӨМНӨ СУМНЫХАА ҮЗҮҮРИЙГ ХАВТГАЙЛСАН ЮМ. Сана, ХАМАР минь, сайн сана, энэ маш чухал!
-
-ӨНДӨРИЙГ алагдсан олдох үед.
-Үгүй дээ, тэр үед чи түүнийг харсан байх учиргүй!
-Яагаад?
-Яагаад гэвэл тэр сумнууд зоогдсон байсан юм. Дотор нь!
-Хаана дотор гэж, хаана?
-ТҮҮН ДОТОР ОО, ТҮҮНИЙ ДОТОР! ӨНДӨРИЙН ЦОГЦОС ДОТОР!
-Тэгвэл чинийхээр бол БИ түүнийг хаана харсан байж болох хэрэг вэ?
-ӨМНӨ.
-Юу ӨМНӨ гэж?
-ӨНДӨРИЙГ алагдахын ӨМНӨ...
ХАМАР зөвшөөрлөө.
-ТИЙМ... ӨМНӨ... ЧИНИЙ ЗӨВ...
-
-Өмнө. Чиний зөв. Бас чи өөрөө харвасан бол сумыг харах боломжтой. Би чамаас нэг зүйл асууя. ӨНДӨРИЙГ чи харвасан юм биш үү?
-Ямар ӨНДӨРИЙГ?
-Тэрийг ээ, тэр ӨНДӨР-ийг. Түүнийг харвасан хүн ЧИ юм биш үү?
-Яагаад БИ гэж? Түүнийг ЧИ харвасан байхад? Түүнийг намайг харвасан гэж ЧИ яагаад бодов? Сумнууд нь чинийх байсан шүү дээ!
-Тэр сумнуудыг БИ алдсан юм шүү!
-Тэгээд юу гэж?
-Тэр сумнууд хэнд ч очих боломжтой юм.
-Тэгээд юу гэж?
-Тэгэхээр, тэр сумнууд чамд очих боломжтой гэсэн үг.
-Тэгээд юу гэж?
-Тэр сумнуудаар түүнийг ЧИ алсан байх боломжтой!
-Чиний сумнуудаар би яах юм бэ?! Надад өөрт минь сумнууд бий шүү дээ.
-
-Дараа нь өөрийгөө хардуулахгүйн тулд миний сумнуудаар ЧИ түүнийг харвах боломжтой.
Удаан дуугүй байсны эцэст ХАМАР хэлэв:
-ЧАМД ХЭН Ч ИТГЭХГҮЙ.
-Яагаад?
-Ялгаагүй, ТЭД чамайг ална.
-ТЭД гэж ХЭН?
-Удахгүй чи өөрөө мэднэ.
Энэ үеэр үүр гэгээрч эхлэв. Суурин сэрлээ.
ОМГИЙН ТЭРГҮҮН урцнаасаа гарч нар руу нүдээ онийлгон харав. Хүмүүсийг ажлаас нь салгах харамсалтай, гэвч өөр арга алга. ОМГИЙН ТЭРГҮҮН, БЭЛЭВСЭН ЭХНЭР рүү гар зангахад тэрээр хашгирч зар тараалаа: -Зөвлөл! Хурал! Хуралдаа цуглаарай, хүмүүс ээ! Хүмүүс ажлаа орхиод хуралд цугларав.
-УРАН ҮГТ ЭЭ, өчигдөр юун дээр зогссоныг хүмүүст сануул - гэж ТЭРГҮҮН хэлэв.
-
-Эрхэм нутаг нэгтнүүд ээ! Зөвлөлийн хурлын өчигдрийн агуулгыг сонордуулъя. ДЭЛДЭН гэгч энэ нөхөр ямар ч учир шалтгаангүйгээр, зөвхөн өөрийнхөө дур хүсэл, хэрцгий араншиндаа хөтлөгдөж бидний нутаг нэгтнийг алжээ. Хэдүүлээ бодъё л доо, ХЭН ДУРТАЙ НЬ, ХЭН ДУРТАЙГАА БАРУУН ЗҮҮНГҮЙ ХАРВААД ЭХЭЛБЭЛ ЭНЭ ОМОГТ ЮУ БОЛОХ ВЭ! Эмх замбараагүй байдал үүснэ!
-
УРАН ҮГТ хэсэг азнан амьсгал авч өөрийнх нь уран үгийг хүмүүс хэрхэн үнэлэхийг хүлээв.
-Баруун, зүүнгүй! Ха-ха-ха!
-Баруун зүүнгүй шүү, ха-ха!
Улмаар хүмүүс тэр уран үгийг даган хэлж инээлдэж хөхрөлдөнгөө УРАН ҮГТИЙГ бишрэв.
-
-Яг тийм, баруун зүүнгүй - гээд УРАН ҮГТ, ДЭЛДЭН рүү зааж: -Түүнийг цаазлахыг БИ шаардаж байна, МИНИЙ БАГШ, МИНИЙ НӨХРИЙГ АЛСАНТАЙ НЬ ЯГ АДИЛХАН ШИЙТГЭЛИЙГ ТҮҮНД ОНООЦГООЁ - хэмээн үгээ төгсгөв.
-
-Үхлийг үхлээр! - гэж анчид дайчид цэргийнхэн ч эрэлхэгээр хашгиралдав.
ДЭЛДЭН бослоо.
-Би чухал мэдэгдэл хийх гэсэн юм.
-Дараа, дараа - хэмээн АНЧДЫН АХЛАГЧ гар зангав.
-Гэвч би хүсэж байна! - гэж Дэлдэн хашгирав.
АНЧДЫН АХЛАГЧ уурлав.
-ЧИ БҮГДИЙГ ХЭЛСЭН.
-Би сүүлийн үгээ хэлмээр байна!
-Хамгийн сүүлчийнх юм бол хэл - гэж АНЧДЫН АХЛАГЧ зөвшөөрөв.
Бүгд чимээгүй болсны дараа ДЭЛДЭН ярилаа:
-ӨНДӨРИЙГ хэн алсныг энэ шөнө би мэдсэн. Хүмүүс шуугилдаад эхлэв.
-Чи яаж мэдэж байгаа юм бэ, чи өөрөө алсан биз дээ?
-Өөрөө алчихаад юу гэнэ вэ? Өөрөө биш, өөр хэн нэгэн алж гэнэ! Үгүй мөн сонин оо!
-Чинийхээр бол ӨНДӨРИЙГ хэн алсан хэрэг вэ? - гэж ТЭРГҮҮН асуув.
-
-БИ ШУУД НЭРЛЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА. ТЭР ХҮН ЗОРИГ ГАРГАЖ ГАРЧ ИРЭЭД ӨӨРӨӨ ХЭРГЭЭ ХҮЛЭЭГ!
Хэн ч босож ирсэнгүй.
АНЧДЫН АХЛАГЧ бодонгийн арьсан бүсээрээ цээжээ дэлсээд өгүүлэв:
-Магадгүй, миний толгой ямар ч үнэ цэнэгүй эд байх л даа. Тиймээс л би толгойгоо дандаа исгэрэх сумны дор тавиад явдаг байх... Магадгүй, бусдын толгой минийхээс илүү хэрэгтэй байх л даа. Гэвч цаг нь ирвэл өөрийнхөө толгойг БИ үнэтэй өгнө шүү. БИ лав өөрийнхөө толгойг арван дайсны толгойгоор л солино...
УРАН ҮГТ түүнд тал засав.
-Тэгж битгий ярь даа, чиний толгой бидэнд хэрэгтэй. Чинийх шиг толгой зөндөө олон толгойны үнэтэй тэнцэх нь үнэн. УГ НЬ ЭНЭ ТОЛГОЙГООР МАНАЙ ОМОГ БАХАРХАХ ЁСТОЙ ЮМ, ИЙМ ТОЛГОЙ УЛАМ ОЛОН БАЙДАГ Ч БОЛООСОЙ ГЭЖ БИ ДАНДАА БОДДОГ ЮМ ШҮҮ...
-
-Тэгвэл надад тайлбарлаад өг. Бид энд хэнийг сонсож цагаа үрээд суугаа юм бэ? УРАН ҮГТ ээ, миний үгийг хөгжүүл дээ.
УРАН ҮГТ санааг нь шаламгай хөгжүүллээ:
-Харамсалтай нь, энэ зөвхөн ДЭЛДЭНД ч хамаатай зүйл биш юм. Хэдүүлээ зүгээр өөрсдийгөө яаж сууцгаасныг л харцгаая л даа. Эргээд хар, эргэн тойрноо хар, энэ сонирхолтой.
Бүгд эргэж харцгаав, эргэн тойрноо харцгаав.
-
-ТОМ ЖИЖИГ, ЗЭРЭГ ЗИНДАА, ЭХ ЗАХ, АНЧИД ДАЙЧИД БОЛОН ЭГЭЛ АРД... гээд бүгд холилдон суусан байна. ЭМХ ЗАМБАРАА, ХҮНДЛЭХ ДЭЭДЛЭХ ЁС ГЭЖ АЛГА, ЭНЭ ОМОГТ. Энэ жижиг хэрэг биш, нөхөд минь! БИ БОЛ АНЧИД ДАЙЧИД, ЭРЭЛХЭГ ЦЭРГҮҮДИЙГ ТЭРГҮҮН ЭГНЭЭНД СУУЛГАМААР БАЙНА. БУСАД НЬ АРЫН ЭГНЭЭ РҮҮ ОРОГ. Бусдын хүчээр бүл нэмэгчид - тээр, ард суух хэрэгтэй, тэгээд царай нь мананд уусан арилвал таарна...
-
УРАН ҮГТИЙН үгийг ТЭРГҮҮН таслав.
-
-Наадах чинь өөр асуудал. Наадах чинь бол одоо, энд ч шийдчих асуудал биш. Гэвч УРАН ҮГТ татгалзан адрав:
-
-Энэ асуудлыг шийдвэрлэхэд хэцүү биш. ИЛҮҮ ГАВЪЯАТАЙ ХҮМҮҮС НЬ БАЙХ ЁСТОЙ ГАЗАРТАА Л СУУЧИХ ЁСТОЙ ЮМ.
-
УРАН ҮГТИЙН үгийг АНЧДЫН АХЛАГЧ бишрэн дэмжив:
-Гавъяатайчууд нь байх ёстой газартаа суух. Энэ шүү дээ. Сайхан илэрхийллээ.
-Хэн нь гавъяатай гэдгийг хэн шийдвэрлэх вэ? - гэж ТЭРГҮҮН асуув.
-Гавъяатайчууд шийднэ - гэж УРАН ҮГТ бэлэн цэцэн хариулжээ.
-Өөрөөр хэлбэл, өөрсдийгөө гавъяатай гэдгийг гавъяатайчууд өөрсдөө шийдвэрлэнэ гэсэн үг үү? - гэж ТЭРГҮҮН гайхан асуув.
-
Хүмүүс үймэлдэн шуугилдав. Түүдгийн дэргэдэх өөрсдийнхөө байрны төлөө хөгшид санаагаа чилээлээ. Харин өөрсдөд нь таатай өөрчлөлтийг мэдэрсэн анчид дайчид цэргийнхэн бол хөршүүдээ доогтойхон харж алгуурхнаар шахна. Эмэгтэйчүүдийн дунд хэрүүл гарч хөвгүүд зодолдоод эхлэв.
- - - -
2-р хэсэг төгсөв. Одоо ганцхан хэсэг бий. Тэнд тайлал болон энэ зохиолын зохиогчийн нэр бий.
Эх сурвалж: Badam Purev
https://www.facebook.com/purev.badam