Дарханчууд "Дархан-50" цогцолборт шинэ оноо угтана
Дархан-Уул аймгийн нэгдсэн шинэ жилийн арга хэмжээг "Дархан-50” цогцолборын өмнөх талбайд 2015 оны 12 дугаар сарын 31-ны үдэш тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлыг эхлүүллээ.
Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан дээрх ажлын хэсэг шинэ жилийн баярын нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж, тохижилтын ажлын зургийг гаргасан байна.
"Мөнгөн өвөл” шинэ оноо угтах цэнгүүний ажиллагаа үдшийн 21:00 цагаас албан ёсоор эхлэх бөгөөд Залуучууд театрын уран бүтээлчид, орон нутгийн болон Улаанбаатар хотын хамтлаг дуучдын тоглолтоор Дарханчууддаа бэлэг барих юм байна.
Мөн үеэр өнгөрч буй онд амжилт бүтээл гаргасан шилдгүүдээ шагнаж урамшуулахын зэрэгцээ оюутан сурагчдын багт наадмыг зохион байгуулж, шилдэг дүрийг шалгаруулж шагнахаар төлөвлөж байна.
Тохижилтын хувьд мөсөн гулгуурын талбайг байгуулж, эргэн тойронд нь мөсөөр тоглож наадах тоглоомуудыг хийнэ. Мөн галын наадам хийж, шинэ жилээ угтахаар бэлтгэж байна.
Шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажилд төрийн, төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг татан оролцуулж байгаа юм.