Япон Цэнд: "Урсаж буй усыг хараад энэ бол ус гэж сэтгэдэг хүн дэмий. Харин энэ бол чулуу гэж сэтгэдэг, түүнийгээ үнэмшилтэй нотолдог хөгжсөн оюунтай хүн хэрэгтэй
Б. Цэнд хуучнаар Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу өнөөгийн Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Онон голын зүүн эргийн Сүлжээ гэдэг газар 1928 онд мэндэлжээ. Хэлмэгдэж, насаараа нутаг заагджээ. Б. Цэнд "18 настайдаа 18 хэл сурна" хэмээж англи, орос, япон, герман, франц, хятад зэрэг хэлийг сурсан гэдэг. Германд сурч байсан, нэрт эрдэмтэн О.Намнандорж түүнтэй дотно нөхөрлөж, хөлс өгч хэвлэлийн зураг зуруулдаг байж. Түүний япон гэгдэх болсны учир нь хятад, япон хэл сурч байхдаа олзны япон офицеруудтай танилцан, япон хувцас өмсч дэгжирхдэг байснаас үүдэлтэй аж.
Тэрээр "Социализм, коммунизм гэдэг чинь ор үндсээрээ худлаа байна, манай улс Оросын колони болжээ." гэж ярих болсноор До яамны ногоон малгайтнуудын хараанд өртөж эхэлжээ. 1950 оны арван нэгдүгээр сарын 13-нд түүнийг улс төрийн хэрэгтэн хэмээж дайчлан баривчилсан байна. Хэрэгт сэжиглэгдэх үндэслэл нь гэрээс нь олдсон хятад, япон, англи, орос хэлний толь бичиг, ном зохиол, Манжийн газрын зураг, герман атлас, америк сэтгүүл зэрэг болжээ. Харгис Чингэсийг өмгөөлсөн үндэсний үзэлтэн, Зөвлөлт-Монголын ард түмний ган бат найрамдлыг үгүйсгэсэн гэсэн шалтгаанаар 10 жилийн ялаар шийтгүүлсэн Цэнд Японы Квантын армийн хурандаа, эрдэмтэн Такао, хөгжмийн зохиолч Г.Бирваа, домогт баатар Дандар нарын гадаад, дотоодын нэр бүхий хүмүүстэй хоригдож байсан агаад Дандар баатрын хамт Тэрэлж голоор сал урсгах ялын ажил хийж байсан байна.
Б.Цэнд "Урсаж буй усыг хараад энэ бол ус гэж сэтгэдэг хүн дэмий.
Харин энэ бол чулуу гэж сэтгэдэг, түүнийгээ үнэмшилтэй нотолдог хөгжсөн оюунтай хүн хэрэгтэй" гэж ярьдаг сэтгэгч нэгэн байсан гэдэг.
Монголын нэрт эрдэмтэн "Дубна" Содном гэдэг хүн түүнийг Биндэрт нутаг заагдаад байхад нь очиж уулзаж байсан баримт байдаг. "Дубна" Содном хэдэн жилийн дараа Цэндэд захидал, ЗХУ-ын шинжлэх ухааны сэтгүүлийн хамт илгээж "Таны ярьж байсан зүйл батлагдахад төдгүй болж байна. Үүнийг энэ сэтгүүлээс үзээрэй" гэсэн байжээ. Ямартаа ч, тэрээр тулгуур физикийн шинэ нээлт хийж байжээ гэдгийг эл баримт нотолно.
Билгүүн номч Б.Ринчен 1966 онд их хааны нутгаар аялаад буцахдаа "Хөдөөгийн эрдэнэ хөдсөнд боолттой гэж үнэн юм. Биндэрт нэг тийм "эрдэнэтэй" таарлаа. Япон Цэнд гэж хэд хэдэн хэлтэй, эрдэмтэй залуу байна. Надтай явсан герман оюутантай Германаар зэгсэн сайн ярьж байна, бас ном бүтээлтэй ч хүн юм. Би гадарлаж бас доторлох учраас хэл шинжлэлийн юм л түүнтэй жаахан ярилаа. Харин Их Наран улсын "овогт" тэр хүн одон орон, бодис зүй гээд өвгөн намайг өрхгүй сансрын өөд авч "нисчих" гээд мэдэхгүйн мянган шалтаг, айхын түмэн зовлон тоочиж байж, тэр түг түмэн од дунд нь төөрч талийчхалгүй шуу эсэн мэнд ирлээ" гэж намтар наргиан хослуулан ярьж байжээ.
Цэнд өөрөө одон орны дуран хийсэн байсан гэнэ. Харамсалтай нь түүний астрономийн дуранг НАХЯ-ныхан ховор ном судрынх нь хамт хурааж аваад өгөөгүй аж. Хожим харин академич Б.Чадраа түүнд одон орны дуран бэлэглэсэн байна.
Биндэрийн хүн ардын олонх нь Цэндээр гэрэл зургаа даруулсан нь одоо ч айлуудын жаазанд байгаа нь лавтай. Гэхдээ, гэрэл цахилгаан байхгүй үед тэрээр лааны гэрэлд зураг угаах технологи бий болгосон байжээ. Энэ нь Цэнд гэдэг хүний алдар нэр тухайн үедээ хэтийдсэн нэгэн байсан гэлтэй. Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж "Би 1950 онд хотод орж ирсэн.Тэр үед хотын сэхээтнүүдийн дунд япон Цэнд гэдэг хүн их яригддаг, нэр нь их сонсогддог байсан. Оргоод Япон руу гарчихжээ гэх цуу ч гарч байсан" гэсэн байдаг. Тэгвэл, эх орондоо ихийг сурч, мэдлэг боловсролоо улс олондоо зориулна гэж бодож явсан түүний авьяас билгийг тоолгүй хэлмэгдүүлснээр тэрээр 1990-ээд он хүртэл улс төрийн чанга хатуу шоронд тарчилж байжээ.