Приусны татварыг тэглэхээр боллоо, одоо...

🕔 2017/05/19 11:51

Приусны татварыг тэглэхээр боллоо, одоо...

 

УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг хийх үед хэл ам, хэрүүл тэмцэлтэй байсаар баталсан хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины татварыг 50 хувь хөнгөлөх асуудлыг эргээд УИХ-д оруулж ирэхээр болсон байна. Баталсан хуулиа сар ч болохгүй өөрчилдөг, "бантан” болсон хууль баталдаг гэдгээ УИХ дахиад баталчихав.

 

Өмнө нь приус машины татварыг 100 хувь хөнгөлж байсныг Сангийн сайд Б.Чойжилсүрэн Валютын сантай тохиролцсоны дагуу 50 хувь болгохоос өөр аргагүй хэмээсээр УИХ-аар батлуулж байсан. Тэр үед АН-ын бүлэг удаа дараа эсэргүүцэж, завсарлага авах хүсэлт ч гаргаж байлаа. Ард түмний гол уналга болсон хос тэжээлт буюу приус машины татварыг 50 хувь болгосноор үнэ нь хамгийн багадаа 1.5-2 сая төгрөгөөр нэмэгдэнэ хэмээн эсэргүүцэж, албан бичиг хүргүүлж байсан нь өдгөө хэвлэлийн шарласан хуудаснаа тодхон байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Төсвийн тодотгол ярих болгонд энэ тухай сануулж байсан нь худлаа биш.

 

Тэрбээр, "Онцгой албан татварыг 100 хувь гэж үзвэл приус машинаас 50 хувийн татвар авна аа гэж оруулж ирлээ. Дансны аргаар Сангийн яам идэж байна гэсэн үг. Ийм машинуудад онцгой албан татвар хэрэггүй ээ. Ард түмний унаа шүү дээ. Тиймээс 100 хувийн татвараас 50 хувийг хөнгөлж байна гэх сонин саналаа татаач ээ. Гадны шахалт байлаа ч гэсэн байгаль орчинд ээлтэй, иргэдийн амьдралд хэрэгтэй ард түмний унааг татвараар цавчиж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлж, буцааж татах хүсэлт тавьсан ч хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжихгүй явуулж байсан юм. Мөн Сангийн сайд энэ бол Валютын сангийн хүсэлт юм. Яах ч аргагүй.

 

Тэд хүссэн учраас бид хэцүү ч гэсэн ийм шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрлээ хэмээн маш олон удаа тайлбар өгснийг та бид мартаагүй. Гэтэл хэлсэн үг нь мартагдаагүй, амнаас үсэрсэн шүлс нь хатаж амжаагүй байтал приус машины татварыг 50 хувь болгосон нь буруу юм байна. Тиймээс өөрчилье хэмээгээд ороод ирлээ. Хамгийн сонирхолтой нь төр яагаад ийм хурдан бодлоосоо ухрав. АН-ын бүлгийн дарга нь хүсэлт тавьж, улмаар албан бичгээр хүртэл шаардлага тавьж байсан нь нөлөөлсөн хэрэг үү. Өөрөөр хэлбэл, Лхагва гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар   онцгой албан татвар, приус машиныг  УИХ зөвшөөрвөл тэглэх тухай асуудал яригджээ. Сөрөг хүчний тавьж буй шаардлага нөлөөллөө.

 

Гэхдээ хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт даатгасан нь сонирхолтой. Саяхан л Зөрчлийн, Эрүүгийн гэсэн хоёр том хуулийг "бантан” болгочихсон нь хүний, өөрийн гишүүдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан. Ах нарынхаа өмнөөс учраа ойлгохгүй давхиж явсаар баахан хуулийг бантан болгосон нь худлаа биш. Эцэст нь МАН-ын гишүүд нь хүртэл загнаж, зандарч, хийрхэж давхихаа боль хэмээн сануулж байв.

 

Хүний эрхийг уландаа гишгэсэн, "шоронжсон” бодлогыг халах нэрээр ард түмний халаасыг тэмтэрсэн хууль баталж орхисон гэдэг нь хэнд ч илхэн байгаа. Өмнөх энэ мэт балаг нь дуусаагүй байхад дахиад л Х.Нямбаатарт хууль даатгаж орхисон нь хэн бүхний сонирхлыг татаж буй юм. Тэгвэл Х.Нямбаатар нэрээ цэвэрлэхийг хүссэн бололтой. Ах нарынхаа өмнөөс баахан бантан хутгаж, эцэст нь оноо авах хуулийн төсөл оруулж ирсэн нэрээр дуулианаас холуур өнгөрөхийг хүссэн нь хэнд ч илхэн байгаа юм. Хатуухан хэлэхэд, хэрэгжүүлж чадахгүй байсан юм бол батлахын хэрэг байсан юм уу, улстөрчид өө. Сөрөг хүчин энэ асуудлыг дөрөвдүгээр сарын 27-нд анх хөндөж тавьсан.

 

Улмаар, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад албан тоот явуулж, татварыг 50 хувь болгох асуудлаа хойшлуулахыг хүсч байлаа. Х.Нямбаатар нь ч байна уу хэн нь ч бай энэ хуулийн төслийг санаачлан Их хурал руу өргөн барьсан нь чухал. Сөрөг хүчний энгийн ард түмнийхээ төлөө гаргасан энэ санал биеллээ олох нь чухал байна. Эндээс харахад, татвар нэмэх шийдвэр ерөөс Олон улсын валютын сангийн хүсэлт байгаагүй аж.

 

МАН хүссэн учраас л ард түмний амьдралд дарамт болсон долоон төрлийн татварыг нэмсэн нь илхэн байгаа юм. Олон улсын валютын сан ч энэ тухай ярьж байсан. Юугаа бууруулж, танах нь та бүхний шийдэх асуудал. Сангийн яамны чинь шийдвэр хэмээж байлаа. Тэгэхээр Ардын намын нэг улстөрчийн үзэмжээр л долоон төрлийн татвар нэмсэн нь хэнд ч тодорхой болчихлоо. Хүүхдийн мөнгөө авъя гэж жагсвал өгөх юм уу, Чойжоо сайд аа. Хадгаламжийн хүүнээс татвар авахгүй гэж жагсвал хүсэлтийг ёсоор болгох хэрэг үү, энэ төр.

 

Иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч алдаагаа залруулж байгаа нь сайн жишиг ч нөгөө талаараа төр ямар ч судалгаа тооцоогүй хууль баталдаг гэдгээ харуулж өгөв. Нэг өдөр баталдаг, маргааш нь өөрчилдөг байдлаар яваад байвал энэ улс хэзээ хөгжих билээ. Ядарсан ард түмнээрээ ингэж даажигнах хэрэг байдаг юм уу. Хэчнээн олон хүн энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөс болж алдагдал хүлээж, бизнес нь дампуурсныг та бүхэн мэдэх үү. Эрх барьж байгаа нь хууль боловсруулж болдог, сөрөг хүчин шаардлага тавихаар хүлээж авдаггүй хаанахын ямар гэгч бодлого хэрэгжээд байна вэ, энэ төрд.

 

Эх сурвалж: Монголын мэдээ

скачать dle 12.0

Санал болгох