Татвараа нэмээд эхэлчихлээ, гэтэл...

🕔 2017/05/01 10:49

УИХ 2017 оны төсвийн тодотголыг баталсан билээ. Төсвийн тодотгол батлагдсанаар долоон төрлийн татвар нэмэгдэхээр болсон. Тэдгээр татвараас дөрөв нь энэ жил хэрэгжих бөгөөд өнөөдрөөс гурван төрлийн татвар нэмэгдэж байна. Тодруулбал, хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс бүх хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахаар тусгасан.

 

Харин 2017 оны төсвийн тодотголтой хамт хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах хугацааг наашлуулж, 2017 оны тавдугаар сарын 01-нээс хэрэгжихээр болсон юм. Гэхдээ нийт хадгаламжинд нь 10 хувийн татвар ногдуулах бус, хадгаламжинд тооцож буй банкны хүүгээс 10 хувийн татвар ногдуулна. Мөн өнөөдрөөс цилиндрийн багтаамж нь 1500 см3 ба түүнээс дээш автомашины татвар насжилтаасаа хамаарч нэмэгдэж байна.

 

Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлэн гаалиар орж ирж байгаа 4500см³-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж, 3-15 хувь буюу 25,000-2,275,000, 4501см³-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 гаруй хувь буюу 4,060,000-47,125,000 төгрөгөөр тус тус нэмэгдэнэ. Харин тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлж, эдгээр автомашинд 375,000-6,675,000 төгрөгийн татвар ногдох юм. Үүнээс гадна импортын тамхинд ногдуулах гаалийн татвар нэмэгдэнэ. Өмнө нь импортын албан татвар таван хувь байсныг нэмэгдүүлж, 30 хувь болгосон билээ. Уг нь эдгээр татварууд ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах асуудлаас үүдсэн.

 

Тэдний тавьсан шалгуурыг хангахын тулд зайлшгүй хийсэн үйлдэл хэмээн Сангийн сайд тайлбарлаж байсан удаатай. Гэтэл эх сурвалжийн өгсөн мэдээллээр манай хүсэлтийг ОУВС хойшлуулсан байна. Тодруулбал, ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдаж манай улсад олгох 440 сая ам.долларын зээл авах хугацааг хойшлуулжээ. Чухам яагаад энэ хүсэлтийг хойшуулсан талаар ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас лавлахад энэ оны улсын нэгдсэн төсвийн тодотголыг батлахдаа УИХ-аас гаргасан тогтоолтой холбон тайлбарлав.

 

Тус тогтоолд Оюутолгой гэх мэт томоохон компаниуд төлбөр тооцоо, гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар дамжуулах тухай заасан аж. Энэ нь хөрөнгө оруулагчдад халтай, эсэх болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийг зөрчсөн эсэхийг судалсны дараа манай улсын тус сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг авч хэлэлцэх гэнэ.

 

Энэ асуудал зөвхөн захирлуудын зөвлөлийн уулзалтаар яригдаагүй юм билээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 18-нд АНУ-ын Вашингтон хотод болсон, Олон Улсын Валютын Сангийн хаврын уулзалтад оролцоод ирэх үед яригдаж, улмаар УИХ-аас нэмэлтээр баталсан тогтоолыг эргэж харах зөвлөмж өгсөн гэдгийг Сангийн сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон. ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөс гаргах, манай улстай холбоотой шийдвэр хойшилсноор АХБ, Дэлхийн банк болон Япон улсаас авах, их хэмжээний зээлийг хүлээн авах хугацаа мөн хойшлох эрсдэлтэй. Ингэснээр Монгол Улсын төсөв, санхүү, эдийн засагт ямар хүндрэл учрахыг хэлэхэд эрт. Юутай ч татвар нэмэх шийдвэр эхнээсээ хэрэгжээд эхэлчихлээ. Цаашдаа Валютын сангийн хүсэлтийг биелүүлэхийн тулд төсөвт дахиад ч тодотгол хийх эрсдэл үүсч магадгүй болоод байна.

 

Эх сурвалж: Монголын мэдээ

скачать dle 12.0

Санал болгох