Дархан хотын “Бохир Усны Менежментийн Төсөл” хэрэгжинэ

🕔 2015/12/18 11:57
 
 


Азийн хөгжлийн банкнаас 20 сая долларын, эргэн төлөлттэй зээлээр "Дархан хотын Бохир Усны Менежментийн Төсөл” –ийг хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төслийн хүрээнд цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, бохир усны зарим нэг дамжуулах шугам хоолой болон насосын станцыг сайжруулах ажил хийгдэнэ. Төслийн хэрэгжилт эхлэх гэж байгаатай холбоотойгоор холбогдох албаны хүмүүс өчигдөр хуралдлаа.


Цаашид Дарханд дэд бүтцийн ажлууд хийгдсэнээр хот маань үйлдвэржиж, өргөжин тэлж хүмүүсийн ая тухыг хангасан, байгаль орчноо хамгаалсан таатай хот болох нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ төслийн хүрээнд Дарханы Ус суваг төрийн өмчит хувьцаат компанийн үйл ажиллагаа, чадавх нь нэмэгдэж иргэдэд илүү хүрч ажиллахад нь Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг үзүүлэх юм.Тус банкнаас Дархан-Уул аймагт 2003 оноос төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлсэн.


Анх орон сууцны санхүүжилтын төслийг хэрэгжүүлж Дархан-Уул аймагт орон сууцны төслийг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан төдийгүй Монгол улсад анх орон сууцны зээлийн механизмыг бий болгосон юм. Үүний дараагаар Дархан хотод ЖАЙКА ОУБ болон Холбооны Бүгд Найрамдах Герман улсын засгийн газраас ус хангамж, бохир усны системийг сайжруулахад цогц арга хэмжээнүүдийг хийж байсан.


Тус төслийн удирдагч Стефан Рау ярихдаа: "Хуучны технологитой цэвэрлэх байгууламжийг орчин үеийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй технологитой систем болгож өөрчлөх анхны загвар гэдгээрээ энэхүү төсөл нь ялгарч байгаа юм. Төслийг хэрэгжүүлснээр хуучин системд хэрэглэж байсан технологийг үр ашигтай шилжүүлэн ажиллуулж болохыг батлан харуулна. Өнөөдөр Улаанбаатар хотод Монголын хүн амын тал нь бараг амьдарч байна. Дархан, Эрдэнэт гээд 2, 3 дахь том хотууд байдаг.

 

Иймд "Дархан хотын Бохир Усны Менежментийн Төсөл” –ийг хэрэгжүүлснээр Дарханы дэд бүтэц сайжирч хүн ам амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж Дархандаа оршин суугчдыг татна" хэмээлээ. "Дархан хотын Бохир Усны Менежментийн Төсөл” хэрэгжих явцад Ус суваг төрийн өмчит хувьцаат компанийн үйл ажиллагаа тасалдахгүй шинэ цэвэрлэх байгууламжийн системийг суурилуулж дуусмагц шилжилт хийгдэнэ.

 

Мөн Дарханы гэр хороололд амьдарч байгаа хүмүүс цэвэр бохир усны хангамж, үйлчилгээг хангалттай авч чаддаггүй.Тэгвэл тус банкнаас гэр хорооллын дэд бүтцийг яаж сайжруулах талаар анхаарал хандуулан ажиллах юм байна.


скачать dle 12.0

Санал болгох