Ливийн газрын тосны нөөцийг тонон шамшигдуулахаас хамгаалахыг уриаллаа

🕔 2017/04/21 09:52

Ливийн газрын тосны нөөцийг тонон шамшигдуулахаас хамгаалахыг уриаллаа

 

Ливийн газрын тосны нөөц нь тус улсыг сэргээн босгоход хэрэгтэй, тийм учраас олон улсын хамтын нийгэмлэг түүнийг тонон шамшигдуулахаас хамгаалах хэрэгтэй байна. Ийм мэдэгдлийг НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Никки Хейли Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр хийжээ.

"НҮБ болон Ливийн түнш улс орнууд тус улсын иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангах зорилгоор нөөц баялгаа зарцуулахад нь Үндэсний нэгдлийн Засгийн газарт туслах ёстой. Ливийн газрын тосны үйлдвэрлэлийг тус улсын ард түмний тусын тулд хамгаалах шаардлагатай байна. Янз бүрийн бүлэглэлүүд газрын тосыг тонон зөөж байгаа нь Ливийн ирээдүйг хулгайлж байгаатай адил юм. Энэ нөөц баялаг нь уналтад орсон Ливийн эдийн засгийг сэргээн босгоход хэрэгтэй” гэж Хейли онцлон дурджээ.

Ливид үүссэн нөхцөл байдалд АНУ-ын Байнгын төлөөлөгч ихэд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Одоо нийслэл Триполид Үндэсний эв нэгдлийн Засгийн газар, Мисурата хотод Улс үндэстнээ аврах Засгийн газар, түүнчлэн Абдалла Абдуррахман ат-Тани-гийн удирдсан зүүн нутгийн Засгийн газар үйл ажиллагаагаа зэрэгцэн явуулж байгаа юм.

Өнгөрсөн оны 9 дүгээр сард Триполийн Засгийн газарт захирагддаггүй Ливийн үндэсний арми хэт даврагчдын бүлэглэлүүдийг хөөн гаргаж Сирт булангийн эргийн дагуух нефть экспортлодог боомтуудыг хяналтандаа авчээ.

5 жилийн өмнө буюу дайнаас дэгдэхээс өмнө Ливи улс газрын тосны экспортын хэмжээгээр дэлхийд 12 дугаарт бичигдэж байлаа. Харин газрын тосны салбар нь сүүлийн  гурван жил гаруй сул зогссоны улмаас тутс улс 100 тэрбум гаруй долларын алдагдал хүлээжээ.
Эх сурвалж: www.TODAY.mn
скачать dle 12.0

Санал болгох