Коксжих нүүрсний үнэ анх удаа 314 ам.долларт хүрчээ

🕔 2017/04/18 11:22

Коксжих нүүрсний үнэ анх удаа 314 ам.долларт хүрчээ

 

КОДЕЛКО ЛИТИЙН ДАВСНЫ ОХИН КОМПАНИТАЙ БОЛНО

Дэлхийн зэсийн олборлолтоор тэргүүлэгч Чилийн "Коделко” компани литийн давсны олборлолт хийхээр төлөвлөж буйгаа зарлажээ. Ингэхдээ тэд энэ чиглэлээр охин компани байгуулж, нутаг дэвсгэрт нь байгаа энэхүү ашигт малтмалыг зах зээлд хүргэх юм.

Шинэ компанийг нийт 286 мянган ам.долларын хөрөнгөөр босгож байгаа юм байна. Ингэснээр гадаадын компаниуд ч энэхүү төсөлд хамрагдах боломж бүрдэх аж.

 

Коделко өнгөрсөн нэгдүгээр сард Maricunga болон Pedernales ордуудын судалгааны саналыг хүлээн авч байсан юм. Гэвч энэхүү тендерийн дараа хэчнээн компани сонгогдсон талаарх мэдээллийг олон нийтэд тайлагнаагүй аж.Чили бол дэлхийн металлын хоёр дахь том олборлогч улс бөгөөд цахилгаан автомашин, өндөр технологид ашиглагддаг цэнэглэдэг зайны хамгийн чухал, үл орлогдох бүрэлдэхүүнийг үйлдвэрлэгч болохоор зорин ажиллаж байна.Түүнчлэн уул уурхайн аливаа олборлолтыг хамгийн бага зардлаар, өндөр үр ашигтайгаар хийдгээрээ хэдийнэ олны талархлыг хүлээсэн билээ.

 

Лити нь мөнгөлөг цагаан өнгөтэй металл, хувийн жин нь 0.53 г/см3, хайлах температур нь 186 хэм, буцлах температур нь 1317 аж. Хар тугалганаас зөөлхөн бөгөөд давтагдах, сунахдаа сайн, хэд хэдэн металлуудтай хамт хайлш хийдэг. Хүчилтөрөгч, устөрөгч, азот, фосфор, хүхэртэй нэгдэхдээ амархан. Хэт хөнгөн, бат бөх, зэврэлт эд тэсвэртэй, халуун тэсвэрлэдэг хайлшууд хийхэд хөнгөн цагаан, магни, бериллийн хамт хэрэглэдэг бөгөөд ийм хайлшаар пуужингийн эд анги хийдэг аж.

 

ЗЭСИЙН ОЛБОРЛОЛТ НЭГ САЯ ТОННООР ӨСЧЭЭ

 

Олон улсын зэсийн судалгааны группээс өнгөрсөн жилийн олборлолтын хэмжээгээ тайлагнажээ. Ингэхэд дэлхийн зэсийн олборлолт 5.3 хувь буюу нэг сая тонноор өсч 20.16 сая тоннд хүрсэн байна.

Ингэж өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь Перу, Канад, Индонез, АНУ, Мексик дахь уурхайнуудын үйл ажиллагаа, хайгуул өргөжсөнтэй холбоотой юм байна.

Дэлхийн боловсруулсан зэсийн баланс дахь хомсдол өнгөрсөн жил 50 мянган тоннд хүрсэн нь Хятадын эрэлт 2.5 хувиар өссөнөөс бий болжээ.

 

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ ЗУРГААН ЖИЛИЙН ХАМГИЙН ДЭЭД ТӨВШИНД ХҮРЧЭЭ

 

Коксжих нүүрсний үнэ өнгөрсөн пүрэв гаригт дахин өссөн байна. Учир нь Австрали дахь хар шуурганы улмаас нийлүүлэлт багасч, гангийн Steel Index индекс 4.6 хувиар өсч, нэг тонн нь коксжих нүүрсний үнэ 314 ам.долларт хүрчээ.

 

Үүнээс гадна Квийнслэндэд болсон үерийн улмаас энэ үнэ улам өсч, бүх цаг үеийн дээд хязгаар буюу нэг тонн нь 330 "ногоон”-д хүрсэн байна. Энэ бол 2011 оноос хойшхи хамгийн өндөр үнэд тооцогдож байгаа юм. Саяхан гаргасан гаалийн мэдээллээс үзвэл Хятадын дулааны болоод металлургийн нүүрсний импорт өнгөрсөн сард жилийн өмнөхөөсөө 12.2 хувиар өссөн байна.

 

Манай гаригийн металлургийн нүүрсний хэрэглээ жилдээ 300 сая тонноор хэмжигддэг аж. Өнгөрсөн жил Хятадад болсон нүүрсний олборлолтын хязгаарлалтын улмаас металлургийн нүүрсний үнэ жилийн хамгийн өндөр буюу 308.8 ам.долларт хүрсэн билээ.

 

Ж.ЦОГЗОЛМАА /ЗУУНЫ МЭДЭЭ/

 

скачать dle 12.0

Санал болгох