Ипотекийн зээлийг “чөдөрлөсөн” арилжааны банкууд

🕔 2017/04/12 11:52

-Арилжааны банкууд дөрвөн хувийн хүүгийн төлбөр болох 917 тэрбум төгрөгөө Монголбанкинд тушаачихвал ипотекийн хөтөлбөрт их нэмэр болох нь- 


Ипотекийн зээлийг “чөдөрлөсөн” арилжааны банкууд

 

Иргэн Т арилжааны нэгэн бан­кинд 2016 оны арваннэгдүгээр сард ипотекийн зээл авахаар өргөдөл гаргажээ. Тухайн үед банкнаас иргэн Т-д зээл олгох шийдвэр гаргасан хэдий ч одоо болтол зээл олгогдоогүй байгаа аж. Энэ бол ипотекийн зээл авахаар өргөдөл гаргасан 2000 мянга хол давсан иргэдийн дунд түгээмэл байгаа үзэгдлийн нэгхэн жишээ. Монгол Улсын иргэдийг орон сууцжуулах зорилгоор хэрэгжүүлж буй урт хугацаатай, хямд хүүтэй энэхүү хөтөлбөр цаашид үргэлжлэх эсэх нь иргэдийн дунд эргэлзээ төрүүлсээр байгаа юм. Учир нь цахим ертөнцөд ипотекийн зээлийн өргөдлийг шинээр хүлээн авахгүй байна, арилжааны банкууд гэрээ хийсэн барилгын компанийнхаа орон сууцыг иргэдэд санал болгож байна гэх цуурхал тархсан.

 

Үүнтэй холбогдуулан Монголбанкнаас арилжааны банкуудад хандан ипотекийн зээлийн талаар иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх тухай албан тоот илгээсэн билээ. Учир нь Монголбанкнаас сар бүр арилжааны банкуудад 25-35 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож байгаа аж. Тиймээс "Монголын мэдээ” сонин энэ удаагийн "Дугаарын сурвалжлага” буландаа ипотекийн 8 хувийн зээл үргэлжилж буй эсэх талаар сурвалжиллаа.

 

Аравдугаар сараас хойш 1800 гаруй иргэн ипотекийн зээлд хамрагдсан

 

Орон сууцны ипотекийн зээл хэрэгжиж эхлээд дөрөв дэх жилтэйгээ золгож буй. Энэ хугацаанд тус хөтөлбөрийн санхүүжилтийн систем гурван удаа өөрчлөгдсөн байдаг. Хамгийн сүүлд одоогийн хэрэгжиж буй бондын эргэн төлөлтөөр санхүүжүүлэх шийдвэр гарсан билээ. Тодруулбал, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны аравдугаар сарын 25-ны өдрийн А295 тоот тушаалаар "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан.

 

Энэ дагуу Монголбанк ипотекийн зээлийг сар бүрийн үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж байна. Харин сар бүрийн үндсэн болон эргэн төлөлтийн орлого сард нийт 25 тэрбум төгрөг болдог бөгөөд энэхүү мөнгийг ипотекийн найман хувийн зээл өгч буй арилжааны банкуудад олгодог ажээ. Орон сууцны ипотекийн санхүүжилтийн шинэ журам хэрэгжиж эхэлснээр эх үүсвэр өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад буурсан ч 2016 оны аравдугаар сараас хойш 1800 гаруй иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна.

 

Тухайлбал, аравдугаар сард 35.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 481 зээлдэгч, арваннэгдүгээр сард 26.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 373 зээлдэгч ипотекийн зээлд хамрагдаж, шинэхэн байрандаа орсон гэнэ. Мөн 2016 оны арванхоёрдугаар сард 23.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 258 зээлдэгч, 2017 оны нэг болон хоёрдугаар саруудад нийтдээ 47.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 750 гаруй зээлдэгч ипотекийн зээлд хамрагдсан байна. Харин гуравдугаар сард нийт 460 зээлдэгчид 27.1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгосон талаар Монголбанкны албан ёсны сайтад мэдээлжээ.

 

Г.Мөнхбаяр: Арилжааны банкуудад захирагдаж, энэ хөтөлбөрийг явуулахгүй

/Барилга хот байгуулалтын сайд/

 

Дээрх мэдээллээс харахад ипотекийн зээл үргэлжилж байгаа нь мэдэгдэж байв. Гэсэн ч Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр цэнхэр дэлгэцээр айл бүрийн хойморт зочлохдоо "Арилжааны банкуудын Монголбанкинд буцааж төлөх ёстой дөрвөн хувийн нийлбэр дүн болох 917 тэрбум орчим төгрөгийн хугацааг нэг жилээр сунгасан нь их зөв болсон. Банкууд маань зөвхөн өөрийгөө бодсон гэж томъёолж болохоор үйл ажиллагаа явуулж байна гэж дүгнэж болохоор байна. Бид бас хүлээцтэй харж байна шүү дээ. Арилжааны банкууд, жишээлбэл Хаан банк гэж бодъё л доо.

 

Хаан банк өөр хэнд зээл өгсөн байна. Тэр барилгын компанийнхаа төслийг л дэмжиж байгаа дүр зураг харагдаад байна л даа. Яагаад гэхээр, иргэн Жаргалмаа Хаан банкин дээр очоод Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа иргэн Б-ийн ийм компанийн энэ барилгаас хоёр өрөө орон сууцыг авах гэж байна гээд банкин дээр очиж байгаа юм байна. Банкин дээр очихоор банк ганцхан үг хэлж байна. "Зээл өгч болно оо, тэгэхдээ манай санал болгосон энэ жагсаалтыг унш. Энэ барилгын компаниас л зээл авах бололцоотой” гээд шууд хэлдэг юм байна. Энэ бол шударга бус байна гэж иргэд хэлээд байгаа юм. Энэ бол үнэн л дээ. Тэгэхээр бид одоохондоо арилжааны банкны дотоод үйл ажиллагаанд орохгүйгээр хүлээцтэй харлаа. Үйл ажиллагааны өрнөлийг харлаа. Монголбанк эх үүсвэрээ өгөөд байна.

 

Тэгээд зээл олгох үйл ажиллагаа бусдад нээлттэй, ил тод, тодорхой байх ёстой шүү дээ. Тэгэхээр энэ байдал алдагдаад байгаа учраас хүссэн, хүсээгүй арилжааны банкны удирдлагуудтай уулзалт хийхээс аргагүйд хүрээд байна. Энэ хүрээнд учир байдлаа ярилцая. "Танайх өөрсдийнхөө төсөл хөтөлбөрийг дэмжиж болно. Тэгэхдээ танайд хязгаар байх ёстой. Тэр нь хэд байх вэ. Үлдсэн нь иргэдэд нээлттэй байх ёстой”. Тийм үүрэг хүлээж Монголбанктай гэрээ байгуулж, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж чадна гэдгээ хэлсэн бол иргэдэд тавиад байгаа хаалтаа авч хая. Бусдад нээлттэй байж, боломж олго гэдэг зүйлийг хэлнэ. Хэрвээ ингэж чадахгүй байх юм бол заавал арилжааны банкуудад захирагдаж энэ хөтөлбөрийг явуулахгүй” хэмээн ярьсан.

 

Тиймээс манай сурвалжлах хэсэг ипотекийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл үргэлжилж байгаа эсэхийг тодруулахаар Барилга, хот байгуулалтын яамыг зорив. Энд бид тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын Орон сууц, нийтийн аж ахуйн инженерийн дэд бүтцийн төсөл хөтөлбөр, ипотек хариуцсан мэргэжилтэн Э.Батболдтой уулзаж, ярилцсан юм. Тэрбээр "Ипотекийн найман хувийн зээл зогсоогүй. Хэвийн үргэлжилж байгаа. Барилга хот байгуулалтын сайд удахгүй ипотекийн найман хувийн зээлийн материал хүлээж авахгүй байгаа гэх банкуудын мэдээлэлтэй холбогдуулан Монголбанк, арилжааны банкны удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөсөн” гэв. Салбар яамны зүгээс бидэнд ийм хариулт өгсөн тул бид арилжааны банкуудын холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж,  бодит байдал ямар байгаа талаар ярилцав.
2016 оны 07-10 сард хүсэлт гаргасан иргэдийн оочер энэ он дуустал үргэлжилнэ

 

П.Мөнхнаст: Ипотекийн зээлийн өргөдлийг шинээр нэмж авахгүй байгаа

/Худалдаа хөгжлийн банкны Иргэдийн банкны газрын захирал/

 

-Манай банк орон сууцны найман хувийн зээлийн хүсэлтийг шинээр авахгүй байгаа. Учир нь 2016 оны аравдугаар сарын 25-нд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар ипотекийн зээлийн санхүүжилтийн журамд өөрчлөлт орсон юм. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд Монголбанкнаас өмнө нь арилжааны банкуудад олгодог байсан зээлийн хэмжээ эрс багассан. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас санхүүжилт өгч байгаа хэдий ч маш бага байна. Монголбанкнаас өгч буй бага эх үүсвэрээр бид 2016 оны аравдугаар сарын 25-ныг хүртэл хугацаанд зээл авах хүсэлтээ өгчихсөн байсан хүмүүсийн зээлийг олгож байна. Манай банкинд тухайн үед 60 тэрбум төгрөгийн ипотекийн зээл хуримлагдсан байсан. Гэхдээ сүүлийн гурван сард нь шүү. Бид тэр зээлийн хуримтлалыг шийдэж чадахгүй байна. Тодруулбал, 2016 оны аравдугаар сарын 25-ны өмнө зээл авах хүсэлт гаргасан иргэдийн зээлээ авах оочер 2017 оны арванхоёдугаар сар хүртэл үүссэн. Манай банк өмнө нь 20 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шийдвэрлэдэг байсан. Харин  одоогийн байдлаар Монголбанкнаас олгож буй санхүүжилтээс манай банкинд дунджаар таван тэрбум төгрөг хуваарилагддаг. Сар бүр өгч буй таван тэрбум төгрөгөөр 2016 оны аравдугаар сарын 25-аас өмнө зээл авах хүсэлт гаргасан иргэдийн зээлийг дарааллынх нь дагуу олгон шийдвэрлэж байгаа. Тэгэхээр шинээр ипотекийн зээлийн хүсэлт авах боломжгүй байна.

 

А.Түвшинжаргал: Манай банкинд сард ойролцоогоор хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилагдаж байна

/Хасбанкны Иргэдийн банкны газрын ОСЗБ хариуцсан ахлах мэргэжилтэн/

 

-Монголбанкнаас ипо­текийн зээл зогсоогүй тул иргэдэд зөв мэдээлэл өгөхийг хүссэн мэдэгдлийг арилжааны банкуудад өгсөн. Танай банкинд ипотекийн найман хувийн зээлийн олголт хийгдэж байгаа юу?

 

-Иргэд хоёр зүйлийг маш зөв ойлгох хэрэгтэй. Ипотекийн зээлийн өргөдөл шинээр хүлээн авах, ипотекийн зээлийг олгох гэдэг хоёр тусдаа зүйл. 2016 оны аравдугаар сарын 25-наас хойш Монголбанкинд бондын эргэн төлөлтөөр ипотекийн зээлийг санхүүжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд  "Хасбанк” сард хоёр тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт авч байна. Манай банк одоогийн байдлаар ипотекийн зээлийн өргөдлийг шинээр авахаа зогсоосон. Яагаад гэвэл, манай бакинд долдугаар сараас аравдугаар сар хүртэл зээл олгох шийдвэр гаргасан маш урт жагсаалт байна. Аравдугаар сараас өмнө зээл авах хүсэлт гаргасан иргэдийн зээлийг олгож дууссаны дараа шинээр өргөдөл хүлээн авна.

 

-Одоогийн байдлаар шийдвэр нь гарсан ч зээл нь хүлээгдэж байгаа хэчнээн иргэн байна вэ?

 

-Манай банкинд 160 зээлдэгчийн 8.8 тэрбум төгрөгийн хүлээлт үүсчихээд байна.

 

-Өмнө нь танай банкинд хэчнээн төгрөгийн санхүү­жилт ирдэг байсан бэ?

 

-Өмнөх санхүүжилтийн талаар ярихын тулд юун түрүүнд санхүүжилтийнхээ зарчмуудыг ярих хэрэгтэй. 2016 онд арилжааны банкууд гурван төрлийн санхүүжилтийн зарчмаар ажилласан. Нэгдүгээрт, арилжааны банкууд өнгөрсөн оны 1-3 дугаар сард ипотекийн зээлийн санхүүжилт дуусч байгаа талаар тухай бүрт нь Монголбанкинд мэдэгдэж байсан. Энэ хүрээнд өмнө олгосон санхүүжилтийн зарцуулалт болон  банкны  шалгуур үзүүлэлтийг харж, тухайн банкинд хэдэн төгрөгийн санхүүжилт өгөхийг шийдэж байсан. Тухайн үед манай банкинд 8-10 тэрбум төгрөгийн санхүүжилт өгдөг байсан. Тэр санхүүжилтээр зээл олгодог байсан гэсэн үг. Хоёрдугаарт, 2016 оны 3-7 дугаар сар хүртэл таван хувийн моргейжийн зээл гэж гарсан. Энэ үед арилжааны банкууд зээлийн шийдвэрээ гаргаад Монголбанкинд мэдэгддэг байсан. Өөрөөр хэлбэл, манай банк энэ долоо хоногт ийм тооны иргэдэд зээл олгоно гэж мэдэгдэнэ гэсэн үг. Харин Монголбанкнаас тухайн долоо хоногт зээл олгох иргэдийн бүх л дүнгээр санхүүжилт олгодог байсан. Гуравдугаарт, өнгөрсөн оны 7-10 дугаар сар хүртэл Монголбанкнаас арилжааны банкуудад ямар ч санхүүжилт өгөөгүй. Түүний дараа аравдугаар сарын сүүл үед одоогийн зарчим руу шилжсэн. Тодруулбал, одоо бондын эргэн төлөлтөөр санхүүжүүлэх зарчим хэрэгжиж байна.

 

-Танай банкны хувьд бондын эргэн төлөлтөөр санхүүжүүлж эхэлснээс хойш хэчнээн төгрөгийн зээл олгосон бэ?

 

-Бондын эргэн төлөлтөөр санхүүжүүлж эхэлсэн зарчмаас хойш 231 зээлдэгчийн 13 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Мөн бид Монголбанкинд дөрөвдүгээр сарын санхүүжилтийн дүнгээ мэдэгдсэн. 2016 оны арваннэгдүгээр сарын 15 хүртэлх зээлүүдийг олгоно. Түүнээс хойш шийдвэр гарсан тохиолдолд хүлээгдээд дараагийн саруудад шийдэгдэнэ гэсэн үг. Дөрөвдүгээр сард 2.2 тэрбумыг олгоно гэж дүн ирсэн. Тэгэхээр 41 зээлдэгчийн зээл энэ сард шийдвэрлэгдэнэ.

 

-Арилжааны банкууд ”Манайхаас санхүүжилт авсан орон сууцны компанийн орон сууцыг зээлээр ав” гэдэг шаардлагыг иргэдэд тавьж байгаа гэсэн.  Энэ үнэн үү?

 

-Тэр талаар сайн мэдэхгүй байна.  Манай банкны хувьд барилгын зээл харьцангуй бага байдаг. Үүнтэй холбоотойгоор дээрх шаардлага нөхцөлийг харилцагчиддаа тавьдаггүй.

 

Хаан банк: Ипотекийн зээлийн материалыг хүлээн авч байна

 

Харин Хаан банкны хувьд "Ипотекийн найман хувийн зээл хэвийн үргэлжилж байгаа. Олголт хийгдэж байна. Түүнээс гадна ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч байгаа” гэсэн юм. Мөн манай сурвалжлах хэсэг Төрийн банкнаас ипотекийн зээл олгож буй эсэх талаар мэдээлэл авахыг хүссэн ч тус банкнаас тодорхой мэдээлэл өгөөгүй юм.  Тиймээс бид арилжааны банкны албаны эх сурвалжтай ийнхүү ярилцсаны дараа Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Л.Энхдэлгэртэй холбогдож, банкууд иргэдэд буруу мэдээлэл өгч байгаа болон ипотекийн зээл тойрсон асуудлаар ярилцлаа.

 

Л.Энхдэлгэр: Иргэд ипотекийн зээлтэй холбоотой тодорхой гомдол, саналын хүрээнд Монголбанкинд хандаж болно

/Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн мэргэжилтэн /

 

-Монголбанкнаас арил­жааны банкуудад ипотекийн зээлийн талаар үнэн зөв мэдээлэл хүргэх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Арил­жааны банкууд иргэдэд худал мэдээлэл өгсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

 

-Төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ерөнхий гэрээнд нэгдэн орсны хувьд иргэдийг үнэн зөв мэдээллээр хангана уу гэсэн хүсэлт бүхий албан тоотыг банкуудад илгээсэн.

 

-Арилжааны банкуудад хүсэлт илгээсэн ч тэд гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд яах вэ. Дахиад ийм зөрчил гаргавал ямар арга хэмжээ авах тухайн гэрээнд заасан байдаг уу?

 

-Иргэд ипотекийн зээлтэй холбоотой тодорхой гомдол, саналын хүрээнд Монгол­банкинд хандаж болно. Энэ тохиолдолд бид тодорхой арга хэмжээ авах боломжтой.

 

-Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр хөтөлбөрөө санхүүжүүлж байна. Ер нь хэчнээн арилжааны банкинд санхүүжилт өгч байгаа вэ?

 

-Арилжааны 14 банкинд өгч байна.

 

-Хөтөлбөрийн санхүү­жил­тийг арилжааны банкуудад тэгш хуваарилдаг уу?

 

-Ипотекийн зээлийн санхүү­жилтийг сар бүр банкуудад олгохдоо тухайн банкны зээлийн эргэн төлөлтөөс хамаарч олгож байгаа. Банк бүр дээр харилцан адилгүй зээлийн эргэн төлөлт орж ирж байгаа. Жишээлбэл, Хаан банкны эргэн төлөлт 10 тэрбум төгрөг орсон байвал түүнийг нь хуваарилж байна гэсэн үг. Хас банк хоёр тэрбум төгрөгийн эргэн төлөлттэй байвал мөн хоёр тэрбум төгрөгийг нь санхүүжилт болгон олгодог. Нэг үгээр хэлбэл, банк бүрийн эргэн төлөлтийн мөнгийг буцаан санхүүжилт болгон өгч байна гэсэн үг. Тэгэхээр хуваарилалт тухайн банкны эргэн төлөлтөөс л хамаарна.

 

-Төсвийн тодотголд ипо­текийн зээлийг санхүү­жүү­лэхээр 111 тэрбум төгрөг тусгасан. Энэ мөнгийг хэзээ ипотекийн зээлд хэрэглэж эхлэх вэ?

 

-Одоогийн байдлаар Монгол­банкнаас сар бүр 25 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудад олгож байгаа. Энэ нь Монголбанкны өмчлөлд буй ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтөөр хийгдэж байгаа. Сар бүр үндсэн төлбөрт 16 орчим тэрбум төгрөг, купоны төлбөрт ес орчим тэрбум төгрөг Монголбанкинд төлөгддөг. Энэ хоёр нийлээд 25 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. Төсвийн тодотголд тусгаснаар Засгийн газар 2017 оныг дуустал купоны төлбөртэй тэнцэхүйц хэмжээний санхүүжилтийг гаргана. Энэ нь сард ес орчим тэрбум төгрөг, жилээр тооцвол 111 тэрбум төгрөг болж байгаа. Төсвийн тодотгол батлагдсанаар 2017 оныг дуустал Монголбанк, Засгийн газар ипотекийн зээлийг хамтран санхүүжүүлнэ гэсэн үг. Түүнээс биш  Монголбанк 25 тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд, Засгийн газарт тусдаа 111 тэрбум төсөвтөө суулгаж байгаа юм биш.  

 

-Зөвхөн хүүгийн төлөлтөөс цугларсан есөн тэрбум төгрөгийг Засгийн газарт суулгаж байгаа гэсэн үг үү?

 

-Тийм. Үүгээр Монголбанк ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх ажил эхэлж байгаа юм. Цаашдаа хүүгийн төлбөрөөс гадна үндсэн төлбөрийн орлогыг ч бас Засгийн газарт шилжүүлнэ. Ингэснээр 2018 оноос эхлэн Монголбанк ипотекийн хөтөлбөрөөс гарч, Засгийн газарт бүрэн шилжүүлэх юм. Гэхдээ энэ нь Монголбанк ипотекийн хөтөлбөрт огт оролцохгүй гэсэн үг биш. Ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам, санхүүжилтийн оновчтой механизмыг бүрдүүлэх зэрэг дээр Засгийн газартай хамтран ажиллана. Ямартай ч, ипотекийн зээл цаашид үргэлжлэх боломж бол байна. Тэгэхдээ энэ ажлыг хурданд нь оруулъя гэвэл арилжааны банкууд анх хөтөлбөрт нэгдэхдээ авсан зээлийнхээ дөрвөн хувийн хүүгийн төлбөр болох 917 тэрбум төгрөгийг Монголбанкинд тушаачихвал энэ хөтөлбөр хэрэгжихэд ихээхэн нэмэр болох юм байна. Угтаа бол Монголбанк арилжааны банкуудын олгосон зээлийн эргэн төлөлтийн хэмжээнд л санхүүжилт олгоод байгаа хэдий ч тэр нь эрэлттэйгээ нийцэж чадахгүй байгаа нь үнэн. Тиймээс 2016 оны аравдугаар сарын 25-аас өмнө ипотекийн зээл авах хүсэлт гаргасан иргэдийн цувааг сунжруулахгүйн тулд арилжааны банкууд үүргээ ухамсарлаж, өрөө төлөх л шаардлагатай болж байна. Хэрэв тэд 917 тэрбумыг төлчихвөл энэ мөнгөөр дунджаар 15 мянган хүний асуудлыг шийдэх боломжтой гэдэг нь харагдаж байна. Үнэндээ энэ хөтөлбөрийг хэвийн үргэлжлүүлэх боломж нь арилжааны банкуудад л байна. Салбарын сайдын хэлсэнчлэн арилжааны банкууд амин хувиа бодох биш ард түмнээ боддог бол ингэж хүлээлт үүсэхгүй, иргэд орон сууцандаа орж, энэ чинээгээрээ яндангийн тоо ч цөөрөх байсан биз.

 

Эх сурвалж: Монголын мэдээ

скачать dle 12.0

Санал болгох