Ч.ЭНХБАТ: 300 САЯ ТӨГРӨГӨӨР ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ

🕔 2017/04/07 13:14

Ч.ЭНХБАТ: 300 САЯ ТӨГРӨГӨӨР ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ

 

Дархан-Уул аймгийн 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхээр хоёр зорилт дэвшүүлсний нэг нь Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх явдал юм. Энэхүү зорилтын хүрээнд "Төр, нийгмийн түншлэл-2017” аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулж, төр төрийн бус байгууллагууд нэгэн дээвэр дор цуглан тулгамдсан асуудлууд, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар хэлэлцлээ. Зөвлөгөөний үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбаттай уулзаж ярилцлаа.

Төр нийгмийн түншлэл” аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөс ямар үр дүнг хүлээж байна вэ?

- "Хөгжлийн төлөө түншлэл” уриатай энэхүү зөвлөгөөнөөс олон эерэг үр дүнг хүлээж байгаа. Зөвлөгөөнд 38 төрийн байгууллага, 82 төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий нийт 120 төлөөлөгч оролцлоо.Бид зөвлөгөөнийг угтаж төрийн болон төрийн бус байгууллага иргэдээс хамтран ажиллах саналыг албан бичгээр, нээлттэй утсаар, цахим хуудсаар дамжуулан хүлээн авсан. Холбогдох саналуудыг аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр төслүүдэд тусгаж төрийн болон ТББ-уудтай хамтран ажиллах хамтын хэлэлцээр, гэрээ, санамж бичиг байгуулж ажиллахаар болсон нь хамтын ажиллагааны зорилго, үр дүнгээ хамтдаа тодорхойлж баталгаажуулсан үйл явдал боллоо. Цаашид эдгээр санамж бичгүүдээ 2 талаас бодит ажил хэрэг болгоход аль аль нь анхаарчихвал бидний зохион байгуулсан зөвлөгөөний үр дүн гарч гэж хүлээж байна. 

- Энэ удаад ТББ-уудаа бүртгэлжүүлж авсан байх. Идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй хичнээн ТББ байна вэ?

- Монгол Улсын хэмжээнд 15.0 мянга гаруй ТББ бүртгэлтэй байдаг бөгөөд Үүнээс Дархан-Уул аймгийн хэмжээнд статистикийн тоон мэдээгээр 450, Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 398, улирлын тайлан балансаа гарган тогтмол үйл ажиллагаа явуулдаг Татварын хэлтэст бүртгэлтэй 43 төрийн бус байгууллага байдаг байна. Эдгээр байгууллагууд 32 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна гэсэн судалгааг гаргажээ. Өөрөөр хэлбэл Дархан хотын хөгжлийн төлөө, нийгмийн сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ гаргаж байнгын идэвхтэй ажилладаг 40 гаруй ТББ-ууд байна.

Ер нь аймгийн ЗДТГ нь өнгөрсөн хугацаанд төрийн бус байгууллагуудтай хэрхэн хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн бэ?

Аймгийн ЗДТГ-аас өнгөрөгч 2016 онд Төр иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 9-н ТББ-д 88.2 сая төгрөгийн санхүүжилтийг олгож аймаг орон нутгийн тулгамдсан асуудлыг хамтдаа шийдвэрлэн ажилласан байна. Мөн төсөв хөрөнгө гэхгүйгээр итгэл, сэтгэл, зүгтэлээр, нийгмийн шинжтэй олон ажлуудыг Төрийн бус байгууллагуудынхаа дэмжлэг тусламжтайгаар хамтран шийдвэрлэсэн. Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа иргэд, төрийн бус байгууллагуудынхаа саналыг авч боловсруулсан. "Дарханы хөгжил-Иргэний нийгмийн байгууллагуудын бүтээлч санаачилга, идэвхитэй оролцоо”, "Төр, нийгмийн түншлэл” сэдвүүдээр аймгийн ИТХ-ын дэргэдэх "Иргэний танхим”-тай хамтран нээлттэй хэлэлцүүлгийг 2 удаа зохион байгуулж, нийт 28 ТББ-аас ирсэн 50 гаруй саналыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаашид чТөр иргэний нийгмийн түншлэлийг улам өргөжүүлж "Соёлын бүтээлч үйлдвэрлэл түншлэл 2017” нэгдсэн форум, хүүхэд, залуучууд, ахмадуудын тэр дундаа эмэгтэйчүүд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон тэдний эрх ашгийг хамгаалдаг тэр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ыг хамруулсан зөвлөгөөнүүдийг тус тусад нь зохион байгуулахаар төлөвлөж байна.

Уулзалт зөвлөгөөнөөс гадна хөрөнгө санхүүгийн хувьд ямар дэмжлэг үзүүлэх вэ?

- Төрийн захиргааны байгуулагуудаас ТББ-тай зөвлөлдөх, хамтран ажиллах нь чухал байгаа юм. Бүтээлчээр оролцдог, олон нийтийн санаа бодол, хүсэл зоригийг нийтийн үйл хэрэгт дайчлан зохион байгуулж чаддаг төрийн бус байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарна. 2017 онд төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 300 сая төгрөгийг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж зарцуулах эрх авсан. Ингэснээр төрийн бус байгууллагуудтайгаа хамтран аймгийн орон нутгийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулж хамтарч ажиллана гэсэн үг. Энэ хүрээнд сонгон шалгаруулах журамдаа нэмэлт өөрчлөлт оруулж зөвлөгөөний үеэр танилцууллаа. Уг журмаар хөрөнгө оруулалтын нийт зардлын 70 хувиас дээш нь капиталжих буюу биет эд, зүйлс, 30 хүртлэх хувь нь биет бус байхаар тусгагдсан. Мөн тухайн үйл ажиллагааг нэг жилээс доошгүй хугацаанд эрхэлсэн дадлага туршлагатай олон нийтэд танигдсан байх, татварын болон банкны зээлийн хугацаа хэтэрсэн өр, зээлгүй байх зэрэг шаардлагыг хангасан төслийг сонгон шалгаруулах юм.

- Төрийн бус байгууллагуудаас ихэвчлэн ямар ажлуудад хамтарч ажиллах саналууд гарав?

- Сургалт, судалгаа, сурталчилгаа, хяналт, үнэлгээний ажлыг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлж, шаардагдах хөрөнгө санхүүжилтийг нь орон нутгийн төсөвт тусгаж, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байх саналыг уулзалтад оролцогчоос гаргаж байсан. Нөгөө талаас төрийн байгууллагуудаас маш олон саналыг ТББ-уудад тавьсан. Тухайлбал: Дархан сумын ЗДТГ-аас зорилтот бүлгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ая тухтай амьдрах орчинг бүрдүүлж, эрүүл мэндийг сайжруулах, орон гэртэй болгох зорилгоор сайн үйлсийн аяныг төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах бол Хонгор сумын ЗДТГ-аас сум орны хөгжилд ахмадуудын оролцоог нэмэгдүүлэх нийт 8 ажлын саналыг ирүүлсэн. Аймгийн ХХҮГ-аас хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй ажилгүй, мэргэжилгүй иргэдэд мэргэжлийн болон давтан сургалт, үйлдвэр дээрх сургалтыг зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн мэдээ, мэдээллээр хангаж, эрэлт, хэрэгцээнд тулгуурлан ажилгүй иргэдийг ажилд зуучлах үйлчилгээг зохион байгуулах ажлуудыг ХХҮЕГ-аас эрх авсан төрийн бус байгууллагууд болон аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газраас өөрийн үндсэн чиг үүргийн дагуу гэр бүл, хүүхэд, залуучууд руу хандсан хөгжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудыг хамтран зохион байгуулах чиглэлээр 18 ажлын саналыг ирүүлсэн бол ЭМГ-аас сувилагч нарыг чадваржуулах, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зэрэг нийт 5 ажлын санал тавьсан. Энэ мэтчлэн төр залуурдаж, харин сэлүүрдэх үүргийг түншлэгч ТББ-уудад шилжүүлье, хамтран ажиллая гэсэн сайн санаачилгууд зөвлөгөөний үеэр өрнөсөнд оролцогчид маань талархалтай байна.

Та ярилцлагын эхэнд ТББ-уудтай хамтарч ажиллахаар санамж бичгүүд байгуулсан тухай дурьдлаа. Тухайлбал ямар ямар ажлуудыг хийх юм бол?

- Аймгийн Засаг дарга, түүний тамгын газар, Сумдын ЗДТГ, хэлтэс агентлагуудаас иргэн, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар ирүүлсэн 110 санал боломж, иргэн , ТББ-уудаас төрийн байгууллагуудтай хамтран ажиллахаар ирүүлсэн 70 гаруй саналыг нэгтгэн 12 ТББ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Тухайлбал: JCI Дархан салбар, Монголын спорт аяллын холбооны Дархан салбар, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо, ХААИС-ийн дэргэдэх "Бизнес судлал, сургалтын төв” ТББ, Дарханы оюутны холбоо, "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Дархан дахь салбар, аймгийн Ахмадын хороо, Ахмад багш нарын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоодтой хамтарч ажиллахаар болсон. Жишээлбэл хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх зорилго бүхий Инээмсэглэх Дархан төслийг JCI Дархан салбартай хамтарч хэрэгжүүлнэ. Зорилтод бүлэгт чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэх, хүүхдийн шүдний үзлэг эмчилгээг төлбөрийн хөнгөлөлтэй үнээр үзүүлэх ажлыг хувийн хэвшлийн ЭМБ-уудын нэгдсэн холбоотой хамтарч хийнэ. Мөн Дархан-Уул аймгийн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны хэлэлцээрт аймгийн Засаг дарга, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбооны дарга нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Хэлэлцээрт хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн асуудал, цалин хөлс, нийгмийн хамгаалал, нийгэм эдийн засаг, нийгмийн түншлэл гурван талт тогтолцоог хөгжүүлэх зэрэг иргэд хөдөлмөрчдийн эрх ашигт нийцүүлсэн асуудлыг тусгасан.

-Ярилцсанд баярлалаа.

скачать dle 12.0

Санал болгох