Муу нүүрт

🕔 2017/04/05 13:41


Муу нүүрт

 

Социализм Монголд ид оргилдоо хүрэн мандаж байх үед жилд таван уран сайхны кино бүтээдэг байжээ. Сайн муугаас нь үл хамаараад бид бүгдийг нь үзнэ. Ямар одоогийнх шиг кинон далайд живчихсэн байсан биш. Жилдээ 50 орчим нэр төрлийн ном хэвлэгдэж гардгийн 10 орчим нь уран зохиол. Бас л хүн толгойтой болгон бүгдийг нь уншина. Боловсролын дэд сайд Ё.Отгонбаярын тоолсноор өдгөө жилдээ 15 мянга орчим нэр төрлийн ном хэвлэгддэг юм байна. Кино бол зарим жилд 50 орчим монгол уран сайхны кино. Өнөөдөр монголчууд урьдахтай харьцуулахад улам олон ном уншдаг, хавьгүй олон кино үздэг болсон. Харин гарсан болгоныг нь уншиж, үзэж хүчрэхгүй. Гар утас, компютэр, интэрнэт гээд чөлөөт байтугай чөлөөгүй цагаа өнгөрүүлэх юмс зайгүй чихсэн өнөө үед тийм олон ном уншиж, тийм олон кино үзэхэд хүний нас хүрэхгүй. Сонголт арвинтай болсон учир хүмүүс шилж голдог болжээ.

Э.Оргил гэх үл таних хүний найруулсан кино үзвээ. Таалагдав. Нэр нь "Муу нүүрт”. Жанр нь миний ойлгосноор нуар фильм. 1950-иад оны үед Америкт үүссэн кино урсгал. Гутрал, үл итгэлцэл, бачимдал, төөрөгдөл, битүүлэг байдал, тэчъяадам мөрдлөг, төсөөлөөгүй төгсгөл бол нуар киноны үндсэн технологи. Стэнли Кубрик, Альфрэд Хичкок, Орсан Вэльс гээд олон аваргууд ийм төрлөөр кино бүтээх дуртай байлаа.

Муу нүүрт бол энэ урсгалын гэмээр бүтээл. Түүнээс гадна нэг тасалгааны кино. Бүх үйл явдал ганц өрөөнд болоод өнгөрнө. Энэ бол кино бүтээлд тун төвөгтэй хэцүү ажиллагаа. Кино бүтээгчдээс маш их ур чадвар шаардана. Ийм хэлбэрийн Сиднэй Лүмэтийн "12 ууртай хүн”, Эльдар Рязановын "Гарааш” мэтийн лаг кино цөөнгүй. Энэ хоёр жанрыг нийлүүэхэд Английн "хар” гэгдэх пэсимист урсгалд дөхөөд ирнэ. Энэ бүхний гол гогцоо зохиолоос хамааралтай. Зохиолыг Д.Ундраа гэх бас нэг сонсогдоогүй хүн бичсэнийг олж мэдэв. Зочид буудал барихад гурван гол шаардлага тавьдаг: нэгдүгээрт байрлал, хоёрдугаарт байрлал, гуравдугаарт байрлал гэж Хилтон хэлсэн гэх. Кино бүтээхэд гурван гол шаардлага тавьдаг: нэгдүгээрт зохиол, хоёрдугаарт зохиол, гуравдугаарт зохиол гэж араас нь гарсан үг ч өнөөдөр цээжлэгдсэн афоризм. Муу нүүртийн зохиол, сюжэт, дизайн, композииц их дажгүй. Мэдээж цоо шинэ юм биш. Аль нэг зохиол болон жүжиг, киноноос санаа авсан ч байж болно. Үүнд ер муу юм байхгүй. Утга зохиол судлаачид бүх түүхэнд зохиогдсон утга зохиолыг 36 сэдэвт хуваадаг. Бүхий л уран зохиол эдгээр 36 сэдвийн салбар. Цоо шинэ 37 дахь сэдвийг хэн нэг нь олж туурвих юм бол өнөөгийн Шекспир. "Шинэ юм гэдэг бол сайтар засварласан хуучин юм” гэсэн афоризм болхидуу боловч үнэн ажгуу. Нэгэнт 36 хананы дунд тал бүрээсээ бүслэгдсэн хоригдол болсон болохоор эндээс гарах гарц олдохгүй. Харин кино бол сэдвийн хувьд хальж чадахгүй ч арга техник, өгүүлэх барил, нэмж дэлгэрүүлэх панаал зэргээр хязгааргүй өргөн бололцоо олгож байгаа юм.

Киноны уран бүтээлчид ч, шүүмж бичиж буй би ч ердөө  "манай сумандаа л Маркс” болохоор энэ өгүүлэл дэлхийн цар хүрээтэй зэрэгцүүлсэн, голсон болон магтсан юм ер байхгүй шүү. "Манай сумын жишиг”-ээр авч үзвэл жишээ нь зураг авалт "гайхалтай”. Гэрэлтүүлгийн тохиргоо, өнцөг, зураг авалтын план, ойртолт, холдолт зэрэг нь манайдаа л маркс. Кастинг сонголт дээр тэр бүр оговчтой болоогүй ч гол дүр бүтээгчид бас маркс. Ялангуяа Р.Батогтох, О.Долгор. Нэг үгэндээ монголчууд кино хийж сурч байна л гэх гэсэн юм даа.

Шинэ санаа, шинэ урсгал чиглэл олно гэдэг өнөө үед өвсөн дундаас зүү хайхаас олон мянга дахин бэрх. Тэр дундаа бид киноны орон биш. Хүн цөөнтэй үндэстэн. Монгол хэлээр ярьдаг хүнээ тоолохоор ядруу. Технологи, туршлага, уламжлал зэргээ тооцвол даржин. Магадлалаар төчнөөн хүн тутамд нэг лаг кино зохиолч төрдөг гээд бодохоор бидэнд хэд ноогдох бол? Кино бол маш үнэтэй "тоглоом”. Иймээс түүнд их мөнгө зарцуулсан бол ядахнаа хагасыг нь эргүүлж олж авахгүй бол шатах байтугай түлэгдэж үхнэ. Гэтэл манай зах зээл өчүүхэн. Тэгээд гарсан болгоныг нь толгой дараалан хүлээж авдаг социализмын сайхан цаг өнгөрсөн болохоор юун гадаад зах зээл, дотроо аймаар өрсөлдөөнтэй болчихсон. Дотоод өрсөлдөөн давж гарахын тулд сайн зохиол хэрэгтэй.

Сайн зохиол "гадаадад” бий. Жишээ нь Шекспир бол "сайн зохиолч”. Гамлет нь гэхэд театрын тайзан дээр 400 жилийн туршид хэдэн арав, зуун мянган удаа тавигдаа бизээ. Кино Гамлетад цоо шинэ бололцоо олгосон. 1900 онд буюу дөнгөж кино үүсч байхад Францад Гамлетийг анх дэлгэцийн бүтээл болгосон гээд бод доо. Лорэнс Оливэр, Григорий Козинцов гээд аваргууд ориг Гамлетаар оролдоно. Гэтэл зүгээр л Шекспирээс сэдвийг нь аваад орчин үеийн шал өөр гамлетууд бүтээх болжээ, кино урлаг. Финландын "Гамлет бизнис хийхээр мордов” ч гэх шиг, Италийн "Сэкс Гамлет” ч гэх шиг, Хятадын "Банкет” ч гэх шиг. Бараг хүн болгон үзсэн болов уу, "Симба” хүүхэлдэйн кино чинь Гамлет шүү дээ. Гэхдээ Гамлетийг матарлаад хаячихвал үзэгчид өмнөөс чинь ичиж орох газраа олохоо болино. Ерээд оны эхээр манайхан Сартрын өгүүллэгээр кино хийж байна гээд зохиолыг зохиолчтой нь, экзистэнциализм урсгалтай нь бөөнөөр нь дүүжлээд алчиж билээ. Гэхдээ яахав дээ, нэг л анхдагч оролдлого шүү дээ. Тэгээд ч тийм аугаа юмыг хэсэг монгол залуус алчихана гэж хаашаа харсан юм байхав, хэн ч анзаараагүй байх.

Ер нь дэлгэцийн гамлет бараг зуу байгаа байх шүү. Энэ бүхэн гавлын яс барьчихаад "орших, эс орших” гэж бодолхийлдэг өнөө ориг Гамлет биш. "Орших, эс орших” ч буруу орчуулга. Яана гээд байгаан? Үхдэг юм билүү, үхэхээ больдог юм бил үү гэж уймраад байгаа юм уу? Тэгвэл аль нэгээр нь шийдээд болчих мэт. Үхээд, эсвэл үхэхгүйгээр шийднэ гэвэл түүнд гарц байна гэсэн үг. Гэтэл Шекспирийн ориг Гамлет үхэж ч болдоггүй, үхэхгүй байж ч болдоггүй, өөрөөр хэлбэл гарцгүй болчоод буй нэгэн. Заавал үхэж хатахаар нь тайлахаа болъё л доо, төрсөн эхтэйгээ тэмцэж ч болдоггүй, хойд эцэгтэйгээ тэмцэхгүй байж ч болдоггүй? Ингэхээр дэлгэцийн монгол Гамлетад бол харин ч зөндөө гарц гараад ирж байгаа биз? Гамлет биш Ганболд байг л дээ.

Харин "орших, эс орших” гэж монголоор үглээд байгаа хэсэг чинь мон(г)олог биш шүү. Апарт гэхээр үзэгчид рүү, монолог гэхээр бусад дүр рүү ханддаг бол солилокви  нь цэвэр дотоод шаналал. Тайзан дээр Офэлиа, Полони нар Гамлеттай зэрэгцээд зогсож байдаг болохоор монолог гээд ойлгочихдог нь Гамлетыг тэр чигээр нь дампууруулчиж байгаа нь тэр. "Орших оршихгүйгээ” шийдэж ч амжаагүй байхад нь найруулагч, жүжигчин нар урдуур нь ороод өмнөөс нь цаазаар аваад хаячиж байгаам даа.

Куросова бол урьдын сонгодог зохиолуудыг хачин гоё япончилдог нэгэн байсан. Тэрээр Акутагавагийн хоёр өгүүллийг нийлүүлж "Рашомон” хийснээр дэлхийд нэрд гарчээ. Достоевскийн "Солиот”, Горькийн "Шаарлагдсан хүмүүс”, Шекспирийн "Лир ван”, "Макбет”,  Арсеновын "Дэрсү Узала”, Толстойн "Иван Ильичийн үхэл” гэх мэт олон сонгодог бүтээлийг дэлгэцнээ амилуулсан. Бүгдээрээ л япончууд. "Цустай титэм”, "Ран” хоёр нь Шекспирийн дэлгэцэнд буусан хамгийн аугаа бүтээл гэж шүүмжлэгчид үздэг юм билээ.  Кино бол аугаа эд л дээ. Сонгодог болон алдартай алдаргүй зохиолыг яаж л бол яаж хувиргаж байна. Мюзикл, хүүхэлдэй, элэглэл…

Олдас Хакслигийн "Гайхам шинэ ертөнц” зохиолоор Холивүүд "Зи шоргоолж” гэж ёстой гайхам гоё хүүхэлдэйн кино хийсэн. Гэхдээ Хакслид байхгүй илүү гоё санааг киноны эцэст суулгаж өгсөн байгаа юм, Юу гэхээр мань Зи болбоос шоргоолж төрлөхтөн дотроо гайхмаар том баатарлаг үйлс байгуулж энэтэр. Холын хол аялаад л, нисээд л, авраад л, байлдаад л. Шүтэж үхмээр! Кино төгсөхөд Зи шоргоолжийн баатарласан бүхий л газрыг холдуулан харуулдаг. Хашаанд байгаа нэгэн айлын жорлонгийн орчим дахь нүдэнд ч олигтой торохгүй жижигхээн шороо. Дуран улам холдоход Нью Йоркийн тэнгэр баганадсан байшингууд алсад харагдана. Биднийг шоглоод ч байгаа юм шиг. Энүүхэндээ хэрэлдээд л, байлдаад л, нэг нь ялаад л, дараа нь нөгөө нь дийлээд л, эх орноо авраад л, элэг буруутныг хөөж туугаад л, инээсэн дайсны өгч байгаа хорноос шууд эрс татгалзаад л, баатарлаг үйлс өрнүүлээд л… харин жорлонгийн хажуугийн бяцхан шороон овгор дээр түжигнэцгээн довоо нураачих шахаж буй биднийг анхаарч анзаарч байгаа хэн ч энэ хорвоод байхгүй.

Энд римэйк яриагүй л дээ. Шукшиний киногоор римэйк хийж туршсан явдал бий. Маскийнхан Чехов, Мольер энэтэрийг тайзан дээр танигдахын аргагүй болгон их хөөрхөн монголчилдог (Маск чинь бас муу нүүр биз дээ?). Бүр даварсан галзуу сэтгээд юуг ч Зи шоргоолж болгож болмоор санагдана. Ромео Жүлиэт хоёр бол аягүй гоё болно доо. Дурлал хаана ч байдаг шүү дээ. Гэхдээ үндэстэн, байгаль орчин, уламжлал зан заншлаасаа болоод өөр өөр өнгөтэй. Ядуу, шудрага, жагсаалчин цуглаанчийн охин, балиар муухай офшоорчин олигархийн хүү хоёр дурлалцаг л дээ, яадгийн! Хоёр тал болж дайсагналцан гэрийнхээ унийг сугалж ирээд тулалдаг. Нэг нь гитар үүрээд, гар утсаа маажаад яваг, нөгөө нь шилбүүр барьчихсан гүүргий гүүргий гээд алхаг… Худлаа худлаа, тоглосон юм. Гэхдээ дураараа сэтгээд монгол амьсгаа үнэр оруулаад нэмж панаалдаад урлаг бүтээхэд болохгүй юм юу байхав дээ, тээ? Монголын үнэртэй салхи байж болоод байгаам чинь, монголын үнэртэй дэлхийн сонгодог шилээвэр байж яагаад болохгүй гэж?

Заавал муу нүүртэй болгох албагүй, сайхан нүүртэй ч болгож болно шүү дээ. Алин ч бай, "энэ бол урлаг мөн” гэсэн яг таг барьц байхгүй ч мэдрэгдээд байдаг нэгэн өвөрмөц хэмжүүрт л тохирч байх ёстой. Тийм үү?… Аа-йн? Юу гэнээ?

2017 оны 4 сарын 1

скачать dle 12.0

Санал болгох