"Орос анх нар" ба "шинэ үеийн оросууд"

🕔 2017/04/04 13:29

"Орос анх нар" ба "шинэ үеийн оросууд"

 

Бүгд найрамдах засаглалтай болсноосоо хойш (1924) манай улс хойд хөрштэйгээ нягт уялдаа, холбоотой байж ирсэн. Ялангуя цэрэг арми, зэвсэг техникийн тал дээр бол бараг бүх "юмаа" Оросоос авч ирсэн байх. Оросуудыг "ах нар" гэж өөриймсгөөр дууддаг байсан нь ч үүнтэй холбоотой. "Ах нар" ч манай тусгаар тогтнолыг батлан хамгаалахад томоохон үүрэг гүйцэтгэж байсныг бид бүгд мэднэ.

Гэвч 1990 оны нийгмийн өөрчлөлтөөс хойш цаг үе ч, нөхцөл байдал ч бас тодорхой хэмжээгээр өөрчлөгджээ. Бидний "ах нар" гэж өөриймсгөөр дууддаг байсан тэр оросууд маань одоо биш болжээ. Арга ч үгүй биз. Капиталист нийгэмд ороод 20 хэдэн жил болж байна (Монгол ч бас ялгаагүй). Нийгэм өөрчлөгдөхөд дагаад хүмүүсийн сэтгэхүй, ертөнцийг үзэх үзэл бас өөрчлөгдөх нь зүй. Хуучны нөгөө интернационалч үзлээр хүмүүжсэн, "социализм"-ээс өөр элдэв янзын "изм"-ээр өвчлөөгүй байсан тийм орос "ах нар" маань аль хэдийн байхгүй болжээ. Оросын интернет сайтууд, цэрэг дайны сэдэвтэй элдэв форум, сошиал сайтуудаар хэсэхээр үүнийг мэдрэх болно. Тэнд Монголын тухай ерөнхийдөө нэг тиймэрхүү ("доромжилсон" гэж унш!) зүйлийг л ярьж хэлсэн байх нь байхгүйгээсээ олонтаа. 
"Ха ха Монгол...", "Энэ чинь хаана байдаг билээ?", "Хятадтайгаа нэгдчихээгүй юм уу?", "өө онигорууд байнаштээ", "Монголын талаар сонсолгүй мянган жил болсон байна", "Тэнд интернет байдаг юм уу?", "усанд ордоггүй хэвээрээ юу?" гэх мэт. Заримдаа бас биднийгээ "чурки" (зөвхөн монголчуудыг биш бас дундад азичууд, кавказчууд, бас манай төрөл нэгт буриад, халимаг, якут, чукча нарыгаа бас тэгж хэлнэ) гэж доромжилно. Утга нь бол "тэнэгүүд", "дебилүүд", "сданууд" гэсэн санааг илэрхийлнэ л дээ. За энэ ч яах вэ, зөвхөн биднийг онцолж биш бас бусад славян бус үндэстнүүдээ ч ингэж дууддаг юм байна гээд тайвширъя. Гэтэл болоогүй ээ. Монголын эзэнт гүрний үеийн байлдан дагуулал гэж нэг сэдэв бий. Энэ бол сүүлийн үеийн ихэнх жирийн оросын үсийг өрвийлгөж, бөгсийг өвтгөдөг сэдэв. Ялангуяа Бат хааны Орос болон тэр хавийн бусад улсыг дайлаар мордсон тухай түүхийг сонсохоороо ихэнх орос "энэ бол худал зохиомол үлгэр, баруун европынхон агуу Орос орныг маань сул дорой харагдуулах гэж энэ үлгэрийг зохиосон" гэж бат итгэлтэй хэлдэг. "Хаана байна тэр мундаг байлдан дагуулагч Монгол чинь?" гэж ам асууна. "Хаана байна тэр мундаг байлдан дагуулагч монголчууд чинь?" гэж тавлана. "Ер нь ямар ч Монголын Эзэнт Гүрэн гэж байгаагүй ээ, яс юман дээрээ сляван-арийчуудын эзэнт гүрэн байсан юм" гэж л авна. "Бөөсөндөө баригдаж, тэмбүүндээ идэгдсэн байсан, намхан нуруутай, майга хөлтэй монголчууд яг Дэлхийн талыг эзэлж харагдаач ха ха ха ха ха ха" гэж шоолно. "Монгол морь гэж энэ жижигхэн бичигхэн атигар амьтан яг Дэлхийн талыг эзэлсэн морь байж харагдаач хо хо хо хо хо хо хо" гэж тохуурхана. "19-р зуунд анх оросууд Монголд очиход монголчууд Чингис Мингис гэх ямар ч хүнийг мэддэггүй байсан, тэдэнд бичиг үсэг ч байгаагүй, түүхийн ямар ч дурсгал, археологийн олдвор Монголын нутаг дээр байхгүй, тиймээс Монголын байлдан дагуулал гэдэг бол зүгээр худал зохиомол зүйл" гэж тунхаглана. Мэдээж бүх орос хүн ингэж хэлдэггүй. Түүх мэддэг, юмыг бодитоор харж эрүүлээр сэтгэж чаддаг хүмүүс тэдний дунд байдаг. Гэхдээ интернетээр сэлгүүцэх олон оросын дунд тийм хэд нь үнэндээ цөөхөн учир дуу хоолой нь бараг сонсогдохгүй болчих гээд байдаг. 90-ээд оны үед Фоменко, Носовский гэх хоёр нөхөр "Новая Хронология" ("Шинэ түүх" эсвэл "Жинхэнэ түүх" гэж орчуулвал зохилтой) гэж нэг онолыг гаргаж ирснээс хойш жирийн оросуудын дунд түүхийг үгүйсгэх, ялангуяа Монголын түүхийг үгүйсгэх үзэл халдварт өвчин шиг л тархаж байгаа юм.
За энэ ч бас яах вэ. Одоогийн ядуу монголчууд дээр үед оросыг эзэгнэж байсан гэхэд хэн л дуртай байв гэж. За тэр ч яах вэ. Манай цэрэг армийн талаар ямар нэг мэдээ гарахаар манай "ах нар” бас л базаахгүй зүйл хэлнэ. "Монголчууд Афганистанд энхийг сахиулж байна” гэхээр өө энэ хямдхан монгол махнууд НАТО-ийн сумны гол болж байгаа юм зайлуул гэнэ. "Монголчууд олон улсын ийм тийм цэргийн үйл ажиллагаанд оролцож байна” гэхээр "өө эд нар чинь нусаа гоожуулаад гутлаа чирээд тоос бужигнуулаад гүйдэг арчаагүй амьтад байсан хэдийдээ ийм болчихсон юм, яршиг л байнаштээ” гэнэ.
Нэг иймэрхүү л дүр зураг тэдний нүдэнд бидний талаар буудаг бололтой юм. Яах вэ, оросууд ийм муу, монголчууд бол маш сайн гэж хэлэх гээгүй юм шүү. Монголд "үйлдвэрлэсэн” элдэв хог новш байж л таараа. Би зүгээр л байгаа зүйлийг тэр чигээр л хэлэх гэсэн юм.
==========
pikabu.ru, livejournal.com, topwar.ru, yaplakal.com, otvet.mail.ru, cont.ws сайтуудаар хэсч, хааяа оросуудтай хэрэлддэг муу Балт Баяр. 2017 он.
скачать dle 12.0

Санал болгох