“Оюутолгойг дахин нэг Бороо болгож хэрхэвч болохгүй...”

🕔 2017/03/29 12:23

“Оюутолгойг дахин нэг Бороо болгож хэрхэвч болохгүй...”

 

Улс орны гүнзгий хямрал хийгээд оффшор данс, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт зэрэг хүмүүсийн болзошгүй авлигын хэрэгтэй холбоотойгоор Оюутолгойн асуудал монголчуудын анхаарлын төвд дахин орж ирэв. Тэгвэл одоогоос  7 жилийн өмнө буюу  2010 оны 3дугаар сарын 31-ний өдөр Сү.Батболдын тэргүүлсэн МАН-АН-ын Засгийн газар Оюутолгойн гэрээ (Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ) хүчин төгөлдөр боллоо хэмээн ихэд яаравчлан хугацаанаас нь өмнө зарласан түүхтэй.

Ингэснээр хууль тогтоомж зөрчсөн гэх хатуу нэхэл,дагуултай эдгээр гэрээ албан ёсоор хэрэгжиж эхэлсэн бөгөөд  санхүү,эдийн засгийн хувьд Монгол Улс,үндэстэнд ихээхэн хохиролтой нь нэг их удалгүй үйл явцын өрнөлтөөр батлагдсан гэхэд болно.

Энэхүү  урагшгүй байдлыг эдүүгээ төр,засгийн удирдлагын төвшинд ч хүлээн зөвшөөрч эхлээд буй. Тухайлбал, нөхцөл байдлыг сайн мэдэх үүрэгтэй Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Оюутолгойгоос  болж Монгол Улс өрөнд орсон... 2009 оны гэрээ тийм сайн гэрээ болж чадаагүй” гэж 2016 оны 10дугаар сард УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр мэдэгдсэн нь үүний нэг жишээ юм.

Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр болсныг зарлах хүртэл УИХ-ын арваад гишүүн, мөн гол төлөв эрдэмтэн,мэргэжилтэн,иргэний хөдөлгөөнийхнөөс бүрдсэн цөөхөн хүн гэрээг улс,үндэстэндээ ээлтэй болгож сайжруулах чиглэлээр ил тодоор,идэвх чармайлттайгаар эсэргүүцэн тэмцсэн байдаг. Тэдний нэг эдийн засаг судлаач Р.Эрхэмбаяр 2010 оны 3дугаар сарын 29-нд УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргаж байжээ. Уг нийтлэлийг бид Оюутолгойн гэрээний түүхэнд холбогдох баримтын хувьд олон нийтийн сонорт дахин хүргэж байна.

Улс,үндэстнээ аюул,эрсдэл,хохирлоос сэргийлэн хамгаалах үүднээс эцсийн мөчийг хүртэл хуулийн хүрээнд бүхий л боломж,бололцоог эрэлхийлэн сүвэгчилж байсан нь эндээс юуны өмнө ойлгогдоно. Мөн тухайн үеийн УИХ-ын дийлэнх гишүүн Оюутолгойн ордыг хууль тогтоомжид нийцүүлэн төр,түмэндээ өгөөжтэй ашиглах эрин цагийн сорилтыг давж чадалгүй бүдэрч,улс орноо хүнд байдалд оруулахын сацуу үеийн үед үл мартагдах лай,нүглийг өөр дээрээ хураасныг өнөө цагийн өндөрлөгөөс бэлхнээ харж болох биз ээ.

Хавсралт:

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН  ГИШҮҮН  ТАНАА

Засгийн газар улайран зүтгэсээр Оюутолгойн гэрээг хүчин төгөлдөр болгох замыг засчихлаа

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болох өдөр дөхсөн энэ цаг үед Монгол Улсын иргэд,сонгогчид ард түмний элч Таны байр суурь, үйлдэл, эс үйлдлийг анхааралтай ажиглан харцгааж байна.

Ингэхдээ нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үндсэн дээр  хууль тогтоох, гүйцэтгэлд нь хяналт тавих үүргээ хэлбэрэлтгүй биелүүлж, хууль дээдлэх зарчмыг үйл ажиллагаандаа чанд сахин мөрдөхийг Танаас хүсэн хүлээж, мөн шаардаж байна.

Оюутолгойн ордыг ашиглах асуудалд ноцтой алдаа,завхрал олон жил үргэлжлэн гарсны улмаас стратегийн ач холбогдолтой энэхүү гайхамшигт баялаг монголчууд бидний мэдлээс гарч  гаднынхны эзэмшилд очих гэж байна. Монгол Улс, үндэстэнд асар их гарз, хохирол учирч, хэтдээ хэмжээлшгүй их гай,гамшиг тарих нөхцөл бодитойгоор бүрдлээ.

Энэ гэрээ хүчин төгөлдөр болвол монголчууд бид юуны түрүүнд хөрөнгө баялгаа цөлмүүлнэ. Монгол Улсын эдийн засгийн бие даасан болон аюулгүй байдал, хараат бус хөгжлийн зорилго,зорилт,хэтийн төлөвд маш сөрөг үр дагавар гарна. Үүнийг бид мэргэжлийн төвшинд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баттай хэлж чадаж байна. Ийм ч учраас Оюутолгойн гэрээг хохиролтойгоор байгуулвал тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах аймшигт гэмт хэрэг, дээд зэргийн террорист халдлага болно гэдгийг нэг жилийн өмнө олон түмэндээ хүргэсэн "Монгол Улсын иргэн Таны анхааралд” сонордуулгадаа дүгнэж сэрэмжлүүлсэн билээ (2009.04.06., http://archive.olloo.mn/News/1150876.html).

Төрийн дээд эрх барилцаж буй эрхэм гишүүн Та одоо эрс шийдэмгий алхам хийх сонголтын өмнө үйл явдлын өрнөлтөөр тулж очоод байна. Засгийн газар улайран зүтгэсээр Оюутолгойн гэрээг хүчин төгөлдөр болгох замыг засчихлаа.

Энэ бусармаг явдлыг таслан зогсоох бүрэн эрх УИХ-д бий. Иймд УИХ уг гэрээг бүрмөсөн хүчингүй болгох шийдвэрийг 4дүгээр сарын 5-ны өдөрт багтааж гаргах нь монголчууд бидний хувь заяанд амин чухал боллоо.

Эрхэм гишүүн Та энэ онцгой чухал асуудал дээр улс,үндэснийхээ язгуур эрх ашгийг нам,бүлэглэл,гадаадын компаниудын ашиг сонирхлоос хавьгүй дээгүүр тавьж, төрийн түшээгийн үүрэг,тангаргаа үнэнчээр, идэвх санаачилгатай биелүүлэх хэрэгтэй байна.

Нэр бүхий 11 гишүүний шаардлага энд чухал дохио,эхлэл боллоо. Таны сонголт ойрын өдрүүдийн үйлдэл,эс үйлдлээс Тань олон нийтэд бүрнээ танигдах болно. Их эрх мэдэл араасаа асар их хариуцлага дагуулдагыг монголчууд бид мартаагүй байна.

Оюутолгойн гэрээг "Ашигт малтмалын тухай” хуулийн 30дугаар зүйлийн тов тодорхой заалтыг балмадаар зөрчихийн зэрэгцээ УИХ-ын 40 ба 57 дугаар тогтоолоор Засгийн газарт өгөгдсөн үүрэг,даалгаврыг биелүүлэлгүйгээр байгуулсан нь хэнд ч илэрхий байна. Зөвхөн эдгээр хууль бус үйлдэл нь гэрээг УИХ-аас цуцлах хангалттай үндэслэл мөн юм. Бусад олон хуулийн заалт бас зөрчигджээ.

Гэрээг цуцлахаас өөр гарц,шийдэл монголчуудад одоо үлдээгүй нь туйлын харамсалтай. Цаг нь тулснаас, мөн бусад хүчин зүйлээс хамаараад өөр боломж үгүй болжээ. Хагас дутуу, хаяагаа манасан бөөрөнхий шийдвэр гаргадаг цаг биш болохыг энд бүр зориуд онцлон тэмдэглэж байна. Өнгөрсөн жилүүдэд ийм шийдвэрийг нэг бус удаа гаргаж, өөрсдийгөө болон өрөөлийг хууран аргацааж  ирсний гор одоо ингэж аймшигтайгаар гарч байна. Улс,үндэснийхээ эсрэг гэмт хэрэг хийж буйгаа ч ойлгохгүй байгаа Засгийн газрын хууль бус үйлдлийг ингэж яаралтай зогсоохоос өөр арга алга.

Зайлшгүй анхаарах зүйл бол Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр болмогц Монгол Улсын хувьд  гэрээ эрх зүйн болон олон улсын харилцааны цоо шинэ нөхцөл үүсэх явдал юм. Ингэснээр гэрээг монголчуудад ашигтай байхаар дахин өөрчлөх, засч сайжруулах боломж олон арван жилээр үндсэндээ хаагдана.

Шаардлага гарвал хүчин төгөлдөр болсны дараа ч гэрээг өөрчилж,сайжруулж  болно, бүх эрх мэдэл нь УИХ-д байгаа юм чинь гэх утгатай мэдээлэл цацагдаж байгаа нь  сонирхсон этгээдүүдээс санаатайгаар тарааж буй ор үндэсгүй худал зүйл бөгөөд гэнэн нэгнийг тайвшруулах, хууран мэхлэх зорилгоос өөр юуг ч агуулагүй болно.

Гэрээ хууль тогтоомжийг зөрчиж байна, гэрээг хууль зөрчин байгуулжээ гэх мэт  "зөөлөн” томъёололтой шийдвэрийг УИХ-аас гаргаад орхивол гэрээ хүчин төгөлдөр болох явцыг зогсоож  чадахгүй байж мэднэ. Иймд гэрээ анхнаасаа хүчингүй байсныг тогтоож, бүрмөсөн цуцлах нь илүү баттай, маргах эргэлзэх зүйлгүй, тов тодорхой шийдвэр байх болно. Энэ нь гэрээний түншүүд Монголын төрийн шийдвэрийг үл зөвшөөрөн арбитрын шүүхэд хандах, тэнд заргаа авахад нь эрх зүйн хувьд илүү найдвартай хаалт болж өгнө.

Хатуу хүтүү шийдвэр гаргах зайлшгүй шаардлага гэрээ эрх зүйн талаасаа  төдийгүй нэн ялангуяа гэрээний үндсэн агуулгатай холбоотойгоор урган гарч байгааг хэлэх хэрэгтэй.

Мордохын хазгай гэгчээр Оюутолгойн гэрээ уг үндсээрээ буруу болчихоод байгаа юм. Шүүмжлэлийн бай болсон Оюутолгойн техник,эдийн засгийн үндэслэл нь гэрээний агуулга дахь болж бүтэхгүй олон зүйлийн зөвхөн нэг хэсэг, тэгэхдээ бүр харьцангуй "жижиг” асуудал гэж ойлгож болно.

Урагшгүй байдал үүсэхэд УИХ-ын ноцтой алдаатай шийдвэрүүд, тухайлбал "Ашигт малтмалын тухай” 2006 оны хуулийн заалтууд, угтвар нөхцөл,үндэс суурь болсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй.

Уул нь бүхий л асуудлыг ийм гацаа,мухардал,ацан шалаанд оруулахгүйгээр зохицуулах боломж байсан билээ. Асуудлыг эхнээс нь зөв зүйтэй шийдвэрлэхийн оронд буруу гольдрил руу оруулан, цаг хугацаа алдаж улам даамжруулан хурцатгавал эцэс сүүлд нь улам их эрсдэлтэй, улам их хор уршигтай алхам хийх шаардлага гарна гэдгийг бид ашигт малтмалын салбар дахь бодлого, лицензийн эмх замбараагүй байдал, түүний дотор Оюутолгойн асуудалтай холбогдуулан олон жилийн өмнөөс анхааруулсаар ирсэн. Бидний тэрхүү сэтгэл түгшин, шийдвэрлэх,зайлсхийх арга замыг нь бодож эрэлхийлж байсан хүнд байдал одоо үүсчихжээ.

Нэгэнт ийм болсон тул эртний Грекийн домогт өгүүлдэг Гордын зангилааг ганц далайлтаар тас цавчиж тайлдагтай адилаар одоо энэхүү гэрээг эрс шийдэмгий зогсоож, түүний  эргэн тойронд бий болсон дээд зэргийн бантагнал,алдаа,завхралыг эгнэгт эцэс болгож, асуудлыг зөв зүйтэйгээр  шийдвэрлэх хэрэгтэй болсон байна.

Гэрээг цуцалснаар гадаад ертөнцөд Монголын талаар таатай мэдээлэл цацагдахгүй нь ойлгомжтой. Хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй, эрсдэлтэй гэх эргэлзээ, болгоомжлол улс төр,бизнесийн тодорхой хүрээнд нэмэгдэж таарна. Үүнээс зайлсхийх  арга зам одоо үндсэндээ байхгүй. Энэ бол олон талаас тасралтгүй хэлж, анхааруулж, шаардсаар байхад ноцтой алдаатай гэрээг хууль тогтоомжоо бүдүүлгээр зөрчин байж, муйхарлан байгуулсны  хор уршиг, нэг ёсны торгууль төлөөс юм.

Хэдий ийм ч  нэр хүнд уначихна, хөрөнгө оруулагчид үргэчихнэ гэж айж эмээгээд буруу гэрээг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж эхэлвэл бүр том алдаа,тэнэглэл болно. Гарз,хохирол харьцангуй бага байгаа дээр нь гэрээг зогсоож, асуудлыг зөвөөр зохицуулах нь яаж ч үзсэн хамгийн зөв шийдэл мөн. Зүйрлэж яривал, бэртэж өрөвссөн хуруугаа мэс заслаар авахуулаад амь үлдэх боломж байгааг эмч зөвлөсөөр байхад эрэмдэг,зэрэмдэг болж байснаас үхсэн нь дээр гэж мунхаглаж болохгүйтэй агаар нэг болой.

Гэрээг цуцлах нь гадаадын хөрөнгө оруулалт удаан хугацаагаар дорвитой татрах үндэслэл,шалтгаан болж чадахгүй хэмээн үзэж байна. Хөрөнгө оруулагчид үргэчихнэ, тэднийг үргээчихнэ гэх "хадны мангаагаар” монголчуудыг айлган сүрдүүлж, "номхотгож” байсан үе өнгөрч байна. Бодитой зүйл гэвэл, олборлож боловсруулахыг хүлээсэн үнэ цэнэтэй асар их баялаг манай хөрсөнд байна. Монголчуудын нөхцлөөр хамтран ажиллахыг хүссэн гадаадын хэнбугай ч бусад оронд тэр бүр олдоод байдаггүй үлэмж их ашиг,хонжоог олон арван жилийн туршид олж хүртэх боломж нээлттэй байна. Ийм учраас гэрээ цуцалсныг эсэргүүцээд гараад явах,эсвэл орж ирэхээ болих хөрөнгө оруулагч олон гарахгүй биз ээ.

Нөгөөтэйгүүр дургүйцсэн нэг нь гараад явбал хойноос нь гүйх шаардлага бидэнд байхгүй. Даварч хэтэрсэн нь түргэн зайлвал бүр сайн. Ер нь Монголын баялаг тэдний олз,өмч биш, монголчууд тэдний төлөө энэ хорвоод оршдоггүй гэдгийг сайтар ойлгуулах,мэдрүүлэх цаг аль хэдийн болчихсон билээ. Өнгөрсөн үед гаднынханд хэт найр тавьж ирсэн нь том алдаа байв. Тэдний дарамт шахалт,оролцоог багасгах нь монголчууд дотроо учир зүйгээ ололцож, эмх замбараагүй байдлаа гэтлэн давахад эерэгээр нөлөөлөх хөгжлийн нэгэн боломж ч байж мэднэ.

Өөр нэг асуудал бол Оюутолгойн одоогийн гэрээг хэрэгжүүлье гэж хүчээр зүтгүүлсэн ч бүтэлгүйтэх тавилантай гэдгийг эртхэн ойлгох нь эцсийн дүнд бүх талд  ашиг тустай. Улс,үндэсний тулгуур эрх ашигт харшилсан, Оюутолгойг дахин нэг Бороо болгож хэрхэвч болохгүй гэсэн  нийгмийн суурь зөвшилцлийг огоорсон энэ гэрээний хэрэгжилт түм,буман эх орончдын идэвхтэй эсэргүүцэл, ард түмний дургүйцэлтэй тулгарч цаашдаа гарцаагүй саатна, зогсоно. Иймд эрх баригчид, мөн гадаадынхан үргэлжлүүлэн мугуйдлах аваас  нийгмийг улам ихээр доргиож, туйлд нь хүртэл донсолгож "дэлбэлэх” аюулыг л дагуулах болно. Оюутолгойн гэрээг цуцалснаар нийгэмд үүсээд буй хурцадмал байдлыг намжаахад тус нэмэр болох нь дамжиггүй.

Эрхэм гишүүн Таны анхаарлыг бас нэг зүйлд хандуулъя. Юу вэ гэвэл, өмч баялаг,эрх мэдлийн хуваарилалт зэрэг нэн чухал асуудлыг зохицуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ одоо болтол олон нийтэд байтугай УИХ-ын нийт бүрэлдэхүүнд ил тод болоогүй байна. Улс,үндэсний хувь заяатай холбоотой гэрээг ингэж хав дарж нууцалсаар байгаа нь сэжигтэй бөгөөд зохисгүй.

Гишүүн Та энэхүү гэрээний (гарын үсэг зурж батламжилсан) эцсийн хувилбарыг олж үзсэн үү? Тийм бол зүйл,заалтууд нь зөв зүйтэй болсон байна уу? Үзээгүй бол гэрээ байгуулсан хүмүүст бүрэн найдаад "харанхуйгаар” хүлээн зөвшөөрчихөж болж байгаа юм уу? Гэрээг Танд өгөхгүй байгаа бол төрийн дээд эрх барилцаж буй Танаас яагаад нууж хаагаад байна? Таны эрх мэдлийг хэн яагаад ингэж хязгаарлаад байна? Та эрх мэдлээ яагаад ингэж хязгаарлуулаад, дуугүй суугаад байна? гэх мэт өчнөөн асуулт Хувь нийлүүлэгчдийн гэрээтэй холбоотойгоор урган гарч байна. Иргэд,сонгогчид хариултыг нь Танаас үнэн зөвөөр мэдэхийг хүсч байна. Бусдад битгий найдаач, гэрээг уншиж судлаач, нягталж хянаач гэж  бид зөвлөж,мөн шаардаж байна. 

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газар эрх мэдлээ хэтрүүлсэн, УИХ-ын бүрэн эрхэд халдсан гэж үзэж болохуйц заалтууд тусгагдсан бий. Тухайлбал, нэгдүгээр бүлгийн 1.8. заалтад "нийт...хувьцааны 34 хувьтай тэнцэх ...хувьцааг...төрд шилжүүлснээр Хөрөнгө оруулагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 5дугаар зүйлийн 5.5-д заасны дагуу Хөрөнгө оруулагчийн хүлээх бүх үүргийг хангаж байгааг зөвшөөрч байна” гэжээ. Мөн 15дугаар бүлгийн 15.28. заалтад "Энэхүү гэрээг байгуулсан болон хүчин төгөлдөр болсон өдөр уг гэрээ нь 2009 оны 7дугаар сарын 16-ны өдрийн Улсын Их Хурлын 57дугаар тогтоолтой нийцэж байгааг Засгийн газар нотлов” гэжээ.

Эдгээр нь Засгийн газар хууль тогтоомжийг дур зоргоор тайлбарлахын зэрэгцээ хууль бусаар УИХ-ын өмнөөс яриад байна гэж ойлгогдож байгаа юм.

Эрхэм гишүүн Та гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө буюу 2010 оны 4дүгээр сарын 5-ны дотор багтаж шийдвэрээ гаргах шаардлагатай байгааг дахин сануулъя. Ухарч булзах орон зай, хойшлуулж нөгчөөх цаг хугацаа одоо үгүй болжээ.

Эх орон,ард түмэн, гэр бүл,ахан дүүс, хойчийн олон үеийн монголчууддаа ээлтэй сонголт хийж зориглон хөдөлнө гэдэгт Тань бид гүнээ найдаж байна.

 

 "ИРЭЭДҮЙТЭЙ ХӨГЖИЛ” ЗӨВЛӨЛ

2010 оны 3дугаар сарын 28-ны өдөр.

Нийтлэлийг бичсэн Монгол улсын иргэн

скачать dle 12.0

Санал болгох