Төсвийн шууд захирагч нартай үр дүнгийн гэрээ байгууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнгөрсөн сард нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч болон нийслэлийн Засаг даргын орлогч нартай "Удирдлагын гэрээ”, дүүргийн Засаг дарга нартай "Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”, төсвийн шууд захирагч болон харьяа байгууллагын удирдлагуудтай "Үр дүнгийн гэрээ” байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлийн зарим байгууллагын удирдлагуудтай үр дүнгийн гэрээ байгууллаа.
Гэрээг байгуулснаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс гэрээнд тусгагдсан арга хэмжээг байгууллагууд хэрэгжүүлэн ажиллаж, гүйцэтгэл, үр дүнг эхний хагас жилээр тооцох юм.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд "2017 онд дэвшүүлсэн зорилт, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг оны эхний хагаст 80 хувийг нь хэрэгжүлсэн байхаар гэрээний хавсралт болох байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан байгаа. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хугацаанд нь биелүүлэх талаар онцгой анхаарах шаардлагатай. Та бүхэн 2017 онд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хариуцсан салбарын ажлыг цаг хугацаанд нь хариуцлагатай, чанарын өндөр түвшинд, үр дүнтэй зохион байгуулан ажиллахыг хүсье” хэмээлээ.
Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 14.4-т "Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу төсвийн шууд захирагч бүр гэрээнд тусгагдсан төсөв, хөрөнгийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд захиран зарцуулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.