7 сарын 1-ний “гэм буруутан” консулаар томилогдоно гэв үү…

🕔 2017/02/20 12:13

7 сарын 1-ний “гэм буруутан” консулаар томилогдоно гэв үү…

 

"Гэмт хэрэгтэн” агсаныг дэмжих дэлхийд ганцхан Монгол бодлого

Монголын улс төрд дэлхийд өөр хаана ч байхгүй буруу жишиг тогтоод багагүй хугацаа өнгөрлөө.

Улс төрд ажиллахдаа хариуцлага алдсан, улс төрийн тавцангаас нэг мөр холдохын оронд эргэн зууралдсаар байх "албан тушаалтан асанууд” гадаад, дотоодод өндөр албанд ажилладаг "өвөрмөц сонин” хандлага манайхаас өөр улсад бараг байдаггүй бизээ. Тухайлбал, 2008 оны 7 сарын 01-нд энгийн 5 иргэн амь буудуулж амь насаа алдсан  "Хар мягмар” -ын үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн нь  гадаад улс руу Элчин сайдаар томилогдсон бол тухайн үед Хууль зүйн сайд байсан хүн нь өдгөө УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байх жишээтэй.

Тэр байтугай төрийн албан хаагчаар ажиллаж байхдаа гэм буруутай үйлдэл хийснийхээ төлөө  шүүхээр таслагдан хариуцлага хүлээн  шорон гянданд ордог атал тэгсгээд эмчийн магадлагаа гарсан,  сайн хүмүүжигч байсан, өршөөлд хамрагдсан  гэх мэтээр шүүхээр тогтоосон ялын хугацаанд  "хэцүү нэртэй” газар удаан суулгүйгээр 1-2 суугаад суллагддаг "жишиг” хэмээр зүйл тогтлоо. Ингээд зогсохгүй эргэн улс төрд орж ажиллахыг санаархан эрх баригч МАН-ын дарга нарын үүдийг сахих болсон тухай мэдээлэл сонсогдож эхэллээ.

Гэтэл танил талгүй, улс төрд нөлөөгүй  энгийн иргэд ял авсан хугацаагаа дуусан дуустал хоног тоолон "нарсанд” суудаг бөгөөд арай ядан  гэм буруугаа өөрийн  биеэр эдлэн суллагдахад тэднийг шоронд суусан гэх үндэслэлээр ямар ч газар ажилд авдаггүйн улмаас нийгмийн амьдралд эргэж "хөлөө олж” чаддаггүй гэдэг.

Харин "улс төрийн гэмт хэрэгтэн”-ий хувьд байдал тэс өөр.

Зүй нь бол төрд ажиллаж байхдаа хариуцлага алдсан, авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдсон бол  хариуцлагаа үүрсний дараа ч дахин улс төр, төрийн албанаас  эгнэгт хол байх учиртайсан.

Монголчууд бид аливааг амархан мартах ард түмэн юм. Одоогоос 9 жилийн өмнө болсон  2018 оны 7 сарын 01-ны өдрийг бид бараг л мартсан бизээ. Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглааныг удирдсан, уриалсан, уухайлсан хүмүүс гэм зэмгүй үлдэж, энгийн иргэдийн эсрэг галт сумаар буудах тушаал өгсөн дарга цэрэг нараас тухайн үедээ Цагдаагийн байгууллагыг удирдаж байсан  генерал, хурандаа нар ял авснаар энэ хэрэг "хаагдсан” гэж хэлж болно.

Цагдаагийн байгууллагын хуучин дарга нар болох Хошууч генерал Ч.Амарболд, Цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт холбогдох "Долдугаар сарын 1”-ний олон нийтийг хамарсан үймээний хэргийн шүүх хурлаар  2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал үүсч таван хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртсэн хэрэгт холбогдуулж  Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн үзэж анхан шатны шүүхээс Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жил, хурандаа О.Зоригтод 5.6, дэд хурандаа Г.Ганбаатарт хоёр жилийн хорих ял оноосон байдаг.

2012 оны 9 сард тэднийг хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хянан үзээд тэднийг Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, хурандаа О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.ялыг хэвээр батласан байдаг.

Тэгвэл дээр дурьдсан  шалтгаануудын улмаас Ч.Амарболд генерал 2014 оны 3 сард магадлангаар суллагдсан гэдэг. Одоо харин тэрээр аль нэг улсад Өргөмжит консулаар явахаар МАН-ын дарга нарын үүдийг сахиж суугаа сурагтай.

Хэрвээ энэ үнэн бол МАН "гэмт хэрэгтэн”-үүдийг өөгшүүлж, тэднийг "дэмждэг” улс төрийн хүчин болж таарах гээд байгаа юм.  Мөн дээр нь МАН-ын түүхэнд гарсан хамгийн хар бараан үйл явдалд болох "7сарын 1”-ны үйл явдлыг зөвтгөсөн мэт харагдаж байна. Энэ хэрэгт хариуцлага хүлээх ёстой, хариуцлага хүлээсэн "этгээд”-үүдийг МАН-ын Засгийн газар эрх барих үедээ  төрийн өндөр албан тушаалтнуудад үргэлжлүүлэн томилох нь  "7 сарын 1”-ны  тэр гайтай өдөр амиа алдсан 5 залуугийн ар гэрийнхэн, гэмтэж бэртсэн, эрүүл мэнд, ажил амьдралаараа хохирсон олон зуун хүмүүсийг дорд үзсэн, доромжилсон үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүрч бана.

 100 орчим жилийн түүхтэй, боловсон хүчний өндөр чадамжтай  МАН "гэмт хэрэгтэн” агсануудыг дэмжих хэмжээнд арай очоогүй байх гэж найднам.

Ц.Мөнх

скачать dle 12.0

Санал болгох