Инженер эмэгтэй өндрөөс унаж амиа алдсан хэргийг сэргээх үү?
Талийгаач Д-ийнх хоёр хүүхэдтэй, Дархан-Уул аймагт "Эрэл” цементийн үйлдвэрийн лабораторийн инженерийн ажилтан байв. Т.Дарханчулуунтай гэр бүл болоод 13 жил болжээ. Т.Дарханчулуун өмнө нь цагдаагийн газарт ажиллаж байсан ч сүүлийн жилүүдэд гэртээ ажилгүй суусан нэгэн. Тэднийд гэр бүлийн маргаан байнга гардаг, талийгаачийг нөхөр нь байнга зодож дарамталдаг байсан гэнэ. Хэргийг сануулахад, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 3 талийгаачийн төрсөн өдөр байжээ. Ажлаа тараад дүүгийнхээ гэрт амарч байхад нөхөр нь залгаж, хэд хоногийн өмнө авсан мөнгөө өгөхөөр дуудсан байна. Энэ үед талийгаачийг үг хэлээр дарамталсаар дүүгийнхнээс нь гаргажээ. 22:00 цагийн үед дүүгийнхээсээ нөмгөн хувцастай гарсан бүсгүй цагийн дараа өөрийн гэрийнхээ тагтнаас унаж амиа алдсан байна. Энэ талаар маргааш нь аав, ээжид нь хэл хүргэжээ. Талийгаачийн эгч Г.Цэцэгмаа "Энэ бол Т.Дарханчулууны хийсэн үйлдэл. Анхнаасаа санаатайгаар тооцоолж байсан гэж бид хардаж байгаа. Дүүгийндээ амарч байсан хүнийг шөнө дөлөөр дуудаж гэрийнхээ хувцастай нүцгэн шахуугаар нь гэртээ аваачсан. Очсон хойноо хэрэлдэж, цохиж зодсон юм билээ. Т.Дарханчулуун мэдүүлэгтээ "Эхнэр гэрт орохдоо дэлгүүрээс авсан хоёр пивоны мөнгийг нэхээд амиа хорлолоо гээд байсан. Намайг хүүхдийн өрөөнд ороод гарч ирэх хооронд тагтнаас үсэрчихсэн” гэсэн байдаг. Талийгаач хоёрхон пивоны төлөө хоёр хүүхэд, хөгшин эх, ах дүү нараа орхиод амиа хорлох хүн биш. Түүнийг санаатайгаар байрныхаа тагтнаас түлхсэн байж болох ул мөрүүд шинжилгээгээр тогтоогдсон. Хэргийн гэрчүүд гэвэл том хүү, бас байрны харуул. Тэр хар өдрөөс хойш хүүхдүүдийг эцгийнх нь тал авчихсан. Т.Дарханчулуун талийгаачтай амьдарсан цагаас хойш байнга зодож дарамталдаг байснаас гэр бүл цуцлуулахаар шүүхэд хандаж байсан удаатай. Тэр хоёр хүүхдээ ч зодно. Бид өнгөрсөн хугацаанд хөлөө хүрэх бүх газраар явлаа. Гэртээ мөрөөрөө байсан хүнийг дуудаж аваачиж амийг нь хохироосон, байнга зодож дарамталдаг байсан, талийгаачийн биед үүссэн шарх сорви зэрэг олон нотлох баримт байхад архи ууж амиа хорлосон гээд хэргийг хааж байгаад гомдолтой байна. Задлан шинжилгээгээр биеэс нь ямар ч спиртийн найрлага илрээгүй. Мөрдөн байцаагч, прокурорыг сольж өгөхийг бид олонтаа хүссэн ч огт биелсэнгүй. Охины маань хүүхдүүдийг Т.Дарханчулуун өөр дээрээ авчихаад бидэнтэй ч уулзуулдаггүй” гэж байна.
Тэдний үзэж байгаагаар мөрдөн байцаалтыг дутуу хийсэн, хохирогчийн талын хүсэлтийг харгалзаж үзэхгүйгээр нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж байна. Бид энэ талаар мэдээлэл авахаар аймгийн Прокурорын газрын прокурор н.Мөнхзултай холбогдоход "Хэргийг мөрдөн байцаалт хуулийн дагуу явагдсан. Одоогоор хэргийн материалыг хохирогчийн гомдлоор УЕПГ-аас шилжүүлж авсан. Тэндээс хэргийг сэргээх эсэх шийд гараагүй байна” гэлээ.
Б.Энх
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин