Б.АЗЖАРГАЛ:ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧ БОЛЗОШГҮЙ ТУЛ ШААРДЛАГАТАЙ БҮХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ БАЙНА

🕔 2016/12/12 12:49

Б.АЗЖАРГАЛ:ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧ БОЛЗОШГҮЙ ТУЛ ШААРДЛАГАТАЙ БҮХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ БАЙНА

 

Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалтай ярилцлаа:

-Сумын цаг үеийн ажил чухам юунд чиглэж байна вэ?-Манай сум нь Монгол улсын хамгийн том буюу 80 мянга гаруй хүн амтай сум. Цаг үеийн ажлын хувьд гэвэл өвөлжилтийн байдалтай холбогдуулж Монгол Улсын Засгийн газар, аймгийн Онцгой Байдлын газар зэрэг байгууллагуудаас ирүүлсэн үүрэг даалгаврын дагуу малчдын болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Мөн саяхан орон нутгийн сонгууль дууссантай холбогдуулж шинэ бүтэц бүрэлдэхүүнээ байгуулж томилох, Засаг даргын шинэ мөрийн хөтөлбөрийг ИТХ-д өргөн барьж батлуулахаар төлөвлөн боловсруулалтын ажил хийгдэж байна. Үүнд өмнөх дөрвөн жилийн үндсэн мөрийн хөтөлбөрөөс юу нь болсон, юу нь болоогүй, шийдэгдээгүй үлдсэн бэ гэдгийг гарган харж байж тэдгээрээс зайлшгүй хийгдэх ёстойг нь сонгон авч хэрэгжүүлэх зорилт тавьж байгаа.

-Малчидтайгаа уулзаж санал хүсэлтийг нь сонсоод ирлээ гэж ярилаа. Өвөлжилт хэр зэрэг байна вэ?

-Сумын өвөлжилтийн хувьд манайх Сэлэнгэ аймгийн сумдаар хүрээлэгдсэн 10 орчим мянган га бүхий багахан газар нутагтай боловч малчин өрхийн тоогоор бусад сумдаас дутахааргүй олон малчинтай. Иймээс бид аймгийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд сумынхаа бүх малчин өрхөөр гурван хоног явж тойрсон. Малчдын ихэнх нь малаа бэлчээж байгаа бол цөөн хэсэг нь өвс тэжээлийнхээ нөөц рүү дөнгөж орж байгаа байдалтай байна. Аймгийн урд хэсэг рүүгээ цас харьцангуй нимгэн, хойд хэсгээрээ буюу Хушаат, Баянхараат, Хүйтний голын чиглэлд зузаан нь хунгар газартаа нэг метр цастай байна. Малын бэлчээрлэх хэсэгт 30-40 см цастай. Бид мал тооллогыг саадгүй явуулах, зам даваа хаагдсан тохиолдолд мэдэгдэж зохих арга хэмжээ авах шаардлага байгаа. Тиймээс эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй болбол суманд мэдэгдэх утасны жагсаалт, албан тушаалтнй хаяг зэргийг хүргэж өглөө.

-Цас их орсон, нэмж цас орвол малчдад хүрэх зам даваа хаагдах магадлал өндөр байна. Хэрвээ ийм тохиолдол гарвал ямар арга хэмжээ авах вэ?

-Бид аймгийн ОБГ-тай их сайн хамтарч ажилладаг. Тэд аймгийн дээрх нөхцөл байдал үүсэх үед дайчлах туулах чадвар бүхий машин техник, хаагдаж болзошгүй зам даваа, гүүрийн жагсаалт гаргаж манай сум тухайн үед нь хэрэглэх шатахууныг нөөцөлж бэлтгэж авсан байгаа.

-Дархан хотын орон сууцны болон гэр хорооллын оршин суугчдын өвлийн бэлтгэл хэр зэрэг хангагдсан бэ?

-Энэ талаар хэд хэдэн үе шаттай ажлыг авч хэрэгжүүлсэн. Тухайлбал энэ хавраас л эхлэж "Миний гэр”, "Манай байр” хөтөлбөр боловсруулан зарлаж орон сууцны орцуудын хаалгыг кодтой болгох ажлыг эхлүүлсэн нь их үр дүнтэй болж байна. Кодтой хаалгатай болно гэдэг маань байрны дулааны алдагдлыг 30-40 хувь хүртэл бууруулдаг. Мөн Сууц Өмчлөгчдийн холбоодыг орон сууцныхаа инженерийн шугам хоолой байрладаг зоорийн жижиг цонх, нүхийг бөглүүлж нэг бүрийг нь хаалгатай болгох ажлыг хийлгэсэн. Харин гэр хорооллын айлуудын хувьд хамгийн түрүүнд түлэх нүүрсний хэрэгцээ байдаг. Энэ хэрэгцээг хангахын тулд Шарын голын уурхайн нүүрсээр хангах ажлыг хийсэн. Одоогоос хэдхэн жилийн өмнө нэг шуудай нүүрс 10 мянган төгрөг хүрч байсан шүү дээ. Энэ байдлыг л таслан зогсоохын тулд аймгийн Захирагчийн алба, Шарын голын уурхайтай хамтарч Шарын голын нүүрсийг хямд үнэтэй, хүрэлцээтэй нийлүүлэх ажлыг сүүлийн гурван жил дараалан зохион байгуулснаар нүүрсний үнийг тогтвортой байлгаж чадсан. Нэг шуудай нүүрсний үнийг дээд тал нь 4000-5000 төгрөгт байлгаж байгаад иргэд сэтгэл хангалуун байдаг. Урьд нь нүүрсний хүрэлцээ хангамж муу байдгаас хувь хүмүүс нүүрс оруулж ирээд өндөр үнээр зардаг байсан бол одоо үгүй болсон.

-Коксжих нүүрсийг танай сумын зарим гэр хороололд туршиж байгаа гэсэн. Үр дүн нь ямар байна вэ?

-Шинэ Дарханы гэр хороолол бүхий 15 дугаар багийн хувьд агаарын бохирдол багагүй байна гэж яригдах болсон. Тиймээс бид цаашдаа гэр хорооллын газрын өмчлөлийг хязгаарлах бодлого барьж хязгаарлалтын бүсийг тогтоосон. Одоогийн байгаа гэр хорооллоос цаашаа давж гэр хороолол бий болохгүй гэсэн үг. Засаг даргын үйл ажимллагааны хөтөлбөрт тусгаж хашаатай болгох. Мөн үйлдвэрүүдийн дүүргээс гардаг агаарын бохирдлыг бий болгогч "Эрэл Цементийн үйлдвэр”, 15 дугаар багийн нутагт байрладаг Шохойн бааюунуудын утааг бууруулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Агаарын бохирдолд нөлөөлж байгаа бас нэг юм бол түүхий нүүрс түлдэгээс хамааралтай. Тиймээс бид 15 дугаар багт коксжсон нүүрсийг хэрэглэвэл шинэ Дарханы орчинд агаарын бохирдол өмнөх жилүүдийнхээс харьцангуй хэдэн хувь буурч байна вэ гэдгийг судлаж үзнэ. Энэ тухай Засаг дарга дээрх багт түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Харамсалтай нь иргэд тэр бүр мөрдөхгүй байгаа учраас бид хяналт тавьж ажиллана. Цаашдаа бид Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нийтээр дагаж мөрдөх хориглосон хэд хэдэн шийдвэр гаргахаар ажиллаж байна. Үүний нэг нь саяны яриад байгаа гэр хороолол, үйлдвэрүүд Дархан хот дотор түүхий эдийг шатаахгүй байя гэдэгт хатуу зогсоё гэж байгаа. Жишээ нь: Улаанбаатар хотод амьжиргааны байдлаасаа болж иргэд дугуй, янз бүрийн химийн аргаар хийсэн хуванцар сав баглаа боодлоос эхлээд шатааж байна. Харин манай Дарханд ийм юм байхгүй ч ийм байдалд шилджихийг үгүйсгэхгүй. Дугуй засварын газрууд хаягдлаа юунд ашиглаж байгаад хяналт тавих ёстой. Тиймээс бид тун удахгзүй ИТХ-д өргөн мэдүүлээд Дархан хотод эдгээрийг шатаахыг хориглох түүхий эдийн жагсаалтыг гаргахаар ажиллаж байна.

-Би сая Хөтөл хорооллоор явж үзлээ. Танай сумаас золбин нохой устгах ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Нохой устгалын ажил бас л багагүй хөрөнгө хүч шаардана биз?

-Тэгэлгүй яахав. Энэ чинь Дархан хотын бас нэг тулгамдсан асуудал, ер нь суурин газруудад ч байдаг. Энэ асуудлыг бүрэн шийдэж чадахгүй байгаа нь хотын нийт оршин суугчдын 55 хувь нь гэр хороололд амьдарч айл болгон нохой тэжээж эд хөрөнгөө хамгаалдагтай холбоотой. Судалгаагаар гэр хороололд 5000 гаруй тэжээвэр нохой бий. Эдгээрийн 70 орчим хувь нь ямар ч уяагүй, хашаандаа сул чөлөөтэй байж хэзээ ч хамаагүй гараад явчихдаг, золбин нохой мэтээр харагдаж үржлийн үедээ бөөгнөрч хүн мал руу дайрдаг. Хавар нь төрж тоо улам бүр өсч эзэн нь гарсан гөлөг бүрийг авдаггүй хашаанаасаа холдуулж төөрүүлдэгээс золбин нохой ихсэх нөхцлийг бүрдүүлдэг. Иймээс манай сум гурван жилийн өмнө "Нохойн өндгөвч” төслийг туршиж хэрэгжүүлсэн. Ингэснээр жилдээ 1000-1500 шинээр үржих нөхцлийг хязгаарлаж чадсан. Жил ирэх тусам нохой устгалд зориулсан хөрөнгө, нохой устгалын тоо буурч гарсан нь уг төсөл үр дүнгээ өгснийг гэрчилнэ. Энэ тоог гурван жилээр үржүүлбэл 5000 орчим нохой золбин болохыг хааж чадсан нь тодорхой. Гэвч ялангуяа өвлийн энэ улиралд иргэдээс золбин нохойг устгаж өгөөч гэсэн хүсэлт их ирдэг. Бид энэ талаар аймгийн НААҮГ-тай байнга хамтарч ажиллаж жил бүр Улаанбаатар хотоос мэргэжлийн анчинг урьж ирүүлдэгээс их хэмжээний буюу нэг нохой устгахад 7500 төгрөгийн зардал гардаг. Улаанбаатар хотод нэг нохойг 12500 төгрөгөөр устгадаг учраас Дарханд ирж 7500 төгрөгөөр устгах нь тун ховор. Тийм болохоор бид НААҮГ-тайгаа ярьж байгаад өөрийн гэсэн анчинтай болж сум, шатахууны зардлаа гаргаад агнах боломжийг бүрдүүлж эхний ээлжинд 50 гаруй нохойг устгасан бол энэ ажил цаашид үргэлжилнэ. Энэ нь бага зардлаар их ажил гүйцэтгэж байгаагийн жишээ. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр тэжээвэр амьтадын журамд өөрчлөлт оруулж байгаа. Энэ нь нохой, муур тэжээвэр амьтан тэжээдэг иргэдээс хураах хураамжийг нэлээд өндөр жилд 20-50 мянган төгрөгөөр тогтооно. Энэ зардлыг Татварын албаныхан хурааж цугласан мөнгөөр нь эргээд нохой устгалын ажилд зарцуулахаар төлөвлөж байна.

-Хотын ногоон байгууламжийг хамгаалах зорилгоор хот дотор орж ирс эн малыг хашиж эздэд нь мөнгөн торгууль оногдуулах сумын Засаг даргын захирамж гарсан. Энгэ захирамж хэрхэн яаж хэрэгжиж байна вэ?

-Сая хэдхэн хоногийн өмнө арваад үхрийн хашсан байсан?-Суурин газрын бас л нэг хүндрэлтэй асуудлын нэг энэ л дээ. Бид хотынхоо хөгжилд тэр дундаа ногоон байгууламжийг бий болгоход асар их хөрөнгө зарж байгаа. Эдгээрийг сүйтгэж байгаа юмны нэг бол хот дотор орж ирж байгаа мал байдаг. Өмнө бид ийм малыг журамлах тухай хэд хэдэн тогтоол шийвэр гаргасан. Одоогийн мөрдөж байгаа журам нь сануулж, торгоод, улсын орлого болгодог. Харамсалтай нь мал бүхий иргэд сануулгыг огт тоодоггүй, хашиж торгохоор торгуулаа төлдөггүй, элдэв шалтаг тоочдог, үүргээ гүйцэтгэж яваа албан хаагчид руу дайрч доромжлох нь энүүхэнд. Тиймээс бид цаашдаа Дархан хотод малтай иргэдийг хотоос зайдуу байлгахаар зохицуулалт хийнэ. Шинэ гарах журамд хотын ногоон байгууламжид мал оруулбал шууд улсын орлого болгохоор хатуу заалт оруулж зохицуулахаас өөр аргагүй.

-Танай сум буюу Дархан хот алслагдсан гэр хороолол олон байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээний хувьд энэ намар хэд хэдэн шинэ шугам нээлээ. Үлдсэн хэсэг буюу автобус очихгүй байгаа, цаашид нийтийн тээврийн үйлчилгээ хүргэхээр төлөвлөж байгаа ямар газар байна вэ?

-Та маш чухал асуулт тавилаа. Улаанбаатар хотоос гадна орон нутагт хамгийн түрүүнд манай аймаг нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлж дараа нь манай жишгээр Эрдэнэт хот нийтийн тээвэртэй болсон. Гурван жилийн өмнө эхлүүлсэн нийтийн тээврийн үйлчилгээ маань тогтмолжиж хэвийн болгоход аль аль талаасаа анхаарч ирсэн. Үүний нөхөн олговорт жилд нэг тэрбум төгрөгийг улсаас олгож байна. Тал бүрээс нь дэмжиж байж энэ үйлчилгээг хэвийн явуулах шаардлагатай болдог. Сарын өмнө бид 15 дугаар баг Мангиртад нийтийн тээврийн хоёр шинэ шугам нээсэн маань их үр дүнтэй явж байна. Бас "Хүүхдийн автобус” одоогийн байдлаар таван чиглэлд ямар нэгэн үнэ төлбөргүй үйлчилдэг. Энэ автобус өглөө, үд, орой гэсэн гурван цагаар явдаг учраас бусад цагийнх нь ашиглалтыг сайжруулах зорилгоор бид "Ширээ нуруу”, "6, 7 дугаар баг”, "Хөтөл хороолол” зэрэгт нийтийн тээврийн үйлчилгээг 300 төгрөгөөр зорчих боломжтой болгосон. Дөнгөж сая би "Хөтөл хороолол”-оос хот руу орох зорчигчдод хүүхдийн автобус явах шинэ чиглэлийг батлаж гарын үсэг зурлаа. Цаашдаа бид нийтийн тээврийн үйлчилгээг явуулахаас өмнө авто замынх нь асуудлыг ярих ёстой. Засаг даргын мөрийн хөтөлбөрт "Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр 2017 онд хийх хамгийн том бүтээн байгуулалтын ажил энэ. Үүнд 6, 7 дугаар багийн зааг хуучин "Амаржих газар” байсан хэсэгт 1,9 км замыг ирэх онд хучиж дуусгаад энэ чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ явуулна. Ингэснээр дээрх багуудын "Тээвэрчид”, "Баяндаваа”, "Ногоон зоорь” орчмын айлуудын иргэд хотын төв рүүгээ автобусаар зорчих боломжтой болно. Энэ мэтээр бид эхлээд дэд бүтэцээ бүрэн шийдэж байж дараа нь хувийн компаниудаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэе гэдэг хүсэлтийг нь хүлээж авах болно” гэв.

Б.Норовсамбуу

"ДАРХАНЫ МЭДЭЭ" СОНИН 2016/12 ДУГААР САР II НҮҮРТ

скачать dle 12.0

Санал болгох