АЙМГУУДЫН ЦЭРГИЙН ШТАБЫНХАН ”ВОЛЬФ” МАРКИЙН БЕНЗ ЖИП УНАНА

🕔 2016/12/07 13:49

 

Өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын буцалтгүй тусламжаар ирсэн цэргийн "Вольф" бенз загварын автомашинуудыг аймгуудын Засаг даргын тамгын газрын цэргийн штабуудад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Батлан хамгаалах яаман дээр боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан Хамгаалах Яам, ЗХЖШ-ын удирдлага, нийслэл аймгийн цэргийн штаб, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Аймаг, нийслэлийн Цэргийн штабууд орон нутагт батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, батлан хамгаалах үйл ажиллагааг сурталчлан таниулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, хугацаат, гэрээт болон дүйцүүлэх албанд иргэдийг элсүүлэх, хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч хүмүүжил олгох, цэргийн насны залуучуудын боловсрол, эрүүл мэндийг дээшлүүлэх, цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг явуулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зэрэг хууль дүрмээр хүлээсэн үндсэн үүргээ хангалттай түвшинд биелүүлсээр ирсэн. Манай аймгууд газар нутгийн хувьд харилцан адилгүй нутаг дэвсгэртэй, байгаль, газар зүйн өвөрмөц тогтоцтой, сум, баг, өрх нь төвөөс алслагдмал зайд оршдог, хүн ам ихээхэн сийрэг таруу суурьшдаг, цаг уурын эрс тэс өөрчлөлттэй зэрэг онцлогтой. Ийм нөхцөл байдалд Цэргийн штабын бүрэлдэхүүн жилд 3-4 удаа аймгийнхаа бүх сумдад хүрч ажиллах ажлын шаардлага бий болдог байна.

Иймд дээрх хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор эхний ээлжинд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сүхбаатар, Ховд, Хэнтий, Увс зэрэг 10 аймгийн Цэргийн штабт ХБНГУ-д үйлдвэрлэсэн Мерседес Бенц Вольф G-250 загварын автомашиныг хуваарилахаар шийдвэрлэжээ. Эдгээр автомашинуудад Батлан хамгаалах яамны зүгээс 30 гаруй сая төгрөгийн өртөг бүхий техникийн үйлчилгээ, оношлогоог иж бүрэн хийлгэж, өөрийн орны онцлогт тохируулан зарим нэмэлт тоноглолыг суурилуулж, техникийн бэлэн байдлыг бүрэн хангасан байна.

Энэхүү автомашин хүлээлгэн өгөх ёслолын ажилллагаан дээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ "Төрийн батлан хамгаалах бодлого, зорилт нь орон нутгийн удирдлагын бүх талын дэмжлэг, ард иргэдийн өргөн оролцоонд тулгуурлан хэрэгждэг билээ. Тэдгээрийн хэрэгжилт, үр дүн орон нутагт батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж буй та бүхний ажлын идэвх санаачилга, бүтээлч сэтгэлгээ, орон нутгийн удирдлагатайгаа гар нийлэмжтэй хамтран ажиллахаас ихээхэн хамаарна гэдгийг би энд онцолж хэлье. Цаашид яамны зүгээс бусад цэргийн штабуудыг автомашинаар хангах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллах болно. Айлчлан ирж буй шинэ оны босгон дээр та бүхэнд хүлээлгэн өгсөн эдгээр төмөр хүлгүүд та бүхний ажил үйлсэд ихээхэн тус нэмэр болно гэдэгт би найдаж байна" гэлээ.

скачать dle 12.0

Санал болгох