ОЙН САНГИЙН СУУЛГАЦААР НӨХӨН СЭРГЭЭХ АЖЛУУДЫГ ЭХЛҮҮЛНЭ

🕔 2016/10/06 13:32

ОЙН САНГИЙН СУУЛГАЦААР НӨХӨН СЭРГЭЭХ АЖЛУУДЫГ ЭХЛҮҮЛНЭ

 

"Монгол орны ойн экологийн төрөл зүйлийн генийн сангийн хөгжил” төслийг БНЧУ-ын Ойн аж ахуй хүрээлэнгээс Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 2015-2017 онд хэрэгжүүлж байгаа. Тус төсөлд 2 дахь мониторинг хийх зорилготойгоор Чехийн хөгжлийн агентлагийн мэргэжилтэн Лүциэ Худа, Ойн экспертийн мэргэжилтэн Ярослав Славицки нар манай аймагт ажиллах үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат хүлээн авч уулзлаа.
Дээрх төслийн гол зорилго нь Чех улсын "Патрик” технологиор бортогонд ургуулсан суулгацаар тариалалт хийж жилд 100 мянгаас 300 мянган суулгац бэлтгэдэг "Ойн үржүүлгийн загвар төв”-ийг байгуулж ажиллуулах явдал юм. Энэ хүрээнд 2015 оноос Дархан-Уул аймагт төслийн хэрэгжилт эхэлсэн бөгөөд төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс манай талаас "Домогт Шарын гол” ХХК хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жил гаруй хугацаанд Чех, Монголын мэргэжилтнүүд Монгол Улсад ойн генийн санг хамгаалж хөгжүүлэхийн тулд Монгол орны ойн экологийн төрөл зүйлийн байршлыг тогтоож тодорхойлох судалгааг хийснээс гадна Монгол мэргэжилтнүүд, орон нутгийн ажилтнуудад үр түүх, үрийн материалыг хэрхэн арчилж хамгаалах талаар сургалт зөвлөгөөнүүдийг зохион байгуулж ажилласан байна.
Цаг уурын өөрчлөлт болон хүний зохисгүй үйлдлээс шалтгаалсан цөлжилт улам эрчимжиж байгаа тул түүнийг сааруулах, нөхөн сэргээхэд ой чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс уулзалтын үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат ойн генийн сангийн төслийг гурван жил хэрэгжүүлээд өнгөрөх биш цаашид хугацааг уртасган үйл ажиллагааг улам өргөжүүлэх хүсэлтэйгээ уламжилсан бөгөөд Улсын хэмжээний томоохон сургалтын төвийг байгуулахаар эрмэлзэж буйгаа ч хэлсэн юм. Мөн үеэр мониторингийн багийнхан төслийн хэрэгжилтийн явцад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.
Энэхүү төслийн хүрээнд 2017 он гэхэд ойн сангийн 100 мянган ширхэг суулгац тарих, үрийн аж ахуйг байгуулах ажил хийгдэж байгаа аж. Эдгээр суулгацаас нөхөн сэргээх ажлуудыг аймгийн хэмжээнд ирэх онд эхлүүлэх шийдвэрийг гарсан. 1990-ээд оноос Уул уурхайн компаниуд манай аймагт төдийгүй улсын хэмжээнд зохион байгуулалтгүй газар ухсан байдаг. Эдгээр газруудын нөхөн сэргээлт болон аймгийн хэмжээний инженерийн шугам сүлжээ шинээр солигдсон газруудад төслийн суулгацуудыг ашиглан ногоон байгууламжийг бий болгохоор эхний ээлжид төлөвлөөд байна. Холбогдох албаныхан энэ ондоо багтаан тус ажлын зураг төсвийг гарах үүргийг өнөөдөр авлаа.
скачать dle 12.0

Санал болгох