Орц хонгилд амьдрах иргэдэд дулаан хувцас өгөв

🕔 2015/11/20 10:41


Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар нийгмийн салбарын харъяа агентлагууд нэгдэж "Нийгмийн үйлчилгээг – Танд” сарын аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд орц хонгилд амьдрах иргэдийн судалгааг гаргав. Дархан сумын хэмжээнд 71 орц хонгилд 236 иргэн хоноглож байна. Эдгээр иргэдэд дулаан хувцас тарааж өгөв.

 

Зорилтот бүлгийн иргэдэд дулаан хувцас олгох ажилд "Монгол турк” сургууль, "Алсын хараатай залуус” ТББ , " Улаан загалмайн нийгэмлэг”, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Ш.Энхтэгш, Ян Брукс зэрэг иргэд дэмжин оролцов.Зорилтот бүлгийн иргэдийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулан асаргаа сувилгааны тусламж үйлчилгээг үзүүлж, Цахим үнэмлэх, ЭМД-ын дэвтэр , боловсролын бичиг баримтыг нөхөн өгч суурь болон бүрэн дунд боловсролыг дүйцсэн хөтөлбөрөөр нөхөн олгож байгаа талаар НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир мэдээлэл өгсөн.

 

Зорилтот бүлгийн иргэд рүү хандсан аян зохион байгуулж байгаад иргэд талархалтай хандаж байв. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс гэр оронгүй тэнэмэл иргэдийг халуун хоол хөтөлбөрт хамруулах "ГОТИ” төсөл хэрэгжиж эхэлсэн. Ахмад настан, ХБИргэд , орц хонгилд амьдрах иргэд, хорихоос суллагдсан зорилтот бүлгийн иргэд рүү хандсан ажлыг аймаг орон нутгийн зүгээс зохион байгуулж иргэддээ итгэл үзүүлж байгааг аймгийн Засаг дарга онцлон хэлэв.

 

Аймгийн хэмжээнд 3790 хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 400 гаруй ХБХүүхэд, 6200 өрх толгойлсон эх, эцэг, 8000 гаруй ахмадуудын 16 хувь нь эмзэг бүлэгт хамаардаг. Аймгийн нийт хүн амын 9,4 хувийг зорилтот бүлгийн иргэд эзэлж байна. Эдгээр иргэдийг нийгмээс гадуурхаж чичлэх бус, энэ нийгмийн "Нэг эд ,эс" гэдгийг ойлгон ухамсарлуулж зөв зан үйлийг хэвшүүлэхэд "Нийгмийн үйлчилгээ танд” аяны нэг зорилго оршиж байгаа юм.

 



скачать dle 12.0

Санал болгох