Дэлхийн Зөн ОУ-ын байгууллага Дархан нутгийн хөгжлийн хөтөлбөрөө "Хүүхэд бүрийн бүрэн дүүрэн амьдралын төлөө” гэсэн уриатайгаар хэрэгжүүлснээр 15 жилийг нэгэнтээүджээ. Тус байгууллага энэ жил 15 жилийнхээ ойг энэ сарын 10-ны өдөр тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа Дарханчууддаа тайлагнасан юм. Энэ үеэр аймгийн удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хүүхдүүд, урлаг соёлынхон оролцож Дэлхийн зөнгийн хамт олонд талархлаа илэрхийлсэн билээ.
Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагын "Дархан нутгийн хөгжлийн хөтөлбөр” нь анх 2002 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Эрүүл мэнд, Хүүхэд хөгжил хамгаалал, Эдийн засаг, Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр төрийн хүч оролцоо дутсан орон зай бүрд хүрч ажиллахыг эрмэлзэж байсан юм. Ялангуяа эмзэг ядуу, эрсдэлд орсон хүүхдийг хөгжиж идэвхтэй иргэн болж төлөвших боломжийг хангах, тэдний гэр бүлийн сайн сайхан амьдралыг цогцлоон бэхжүүлэхийн төлөө шаргуу зүтгэсэн. Хэнд тусламж хэрэгтэй байна тэнд Дэлхийн Зөнгийнхөн хамгийн тэргүүн эгнээнд байдгаараа бусдад үлгэр дуурайлал болж, орон нутгийн иргэдэд урам зориг, итгэл найдварыг түгээх хөгжлийн түүчээ болонажилласан гэдгийг Дарханчууд бид мэднэ.
Өнгөрсөн хугацаанд тус байгууллагын хамт 676 өрхийг өөрийн гэсэн орон гэртэй, ая тухтай амьдрах боломжоор хангаснаас гадна айл өрхийн санхүүгийн чадавхыг дээшлүүлэх зорилгоор олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм.
Мөн эх хүүхдийг бичил тэжээлийн дутагдлаас сэргийлэх зорилгоор хүүхдийн өвчний цогц менежмент, хүүхдийн хоол тэжээл сайжруулах тусгай төслийг хэрэгжүүлсэн байна. Энэхүү төслийн хүрээнд 1-8 дугаар багийн зорилтот бүлгийн хүн амын 0-5 насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийг амин дэм эрдэс бодисоор хангаж, "Жирэмсэн үеийн хоол тэжээл”,"Өвчлөлийн үеийн хүүхдийн асаргаа”, "Бичил тэжээлийн ашиг тус”, "Суулгалт”, "Хордлого”, "Хоол тэжээл дутлын хор уршиг” зэрэг сургалтуудад 700 жирэмсэн ээж, эрүүл мэндийн 5281 ажилтан, 6134 иргэнийг хамруулжээ.Энэ хүрээнд 4550 гаруй хүүхдэд амин дэм, бичил тэжээлийн холимог, төмрийн сироп, төмрийн бэлдмэлийг тараажээ. Ингэснээр хүүхдүүдийн 92 хувь нь эдгэрсэн гэсэн бодит үр дүн гарсан байна. Түүнчлэн Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран "Зуны чийрэгжүүлэх хөтөлбөр”-т бага насны 2000 орчим хүүхдийг асран хамгаалагчтай нь хамруулсан байдаг.
Дархан НХХ ньхүүхэд, гэр бүл, иргэдийн эрүүл мэндийн төлөө орон нутгийн эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг, гурван Өрхийнэрүүл мэндийн төвд эхчүүдийн амрах болон сургалтын өрөө байгуулж, бүрэн тохижуулсан. Мөн дусал тохируулах аппарат, гүйлсэн булчирхай авах хагалгааны багаж, 0-5 настай хүүхдийн эрүүл мэндийн 2,475 ширхэгдэвтэр хэвлүүлсэн зэрэгНэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт нийт 12.4 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг хийсэн ажээ.
Ийнхүү Дархан нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил болон хамрагдсан иргэдийг тухай өгүүлээд барахгүй бизээ.
Тус байгууллага нь хөтөлбөрийнхөө төгсгөлд Дарханыхаа хүүхэд багачуудын авьяас чадварыг нээж хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар "Хүүхэд Хөгжлийн Ордон” байгуулж төрийн өмчид хүлээлгэн өгөхөөр ханцуй шамлаад байгаа баяртай мэдээгДНХХ-ийн Менежер У.Ганцэцэг дуулгасан юм.
Энэхүү 15 жилийн хугацаанд бүтээж хэрэгжүүлсэн үйлс бүхэн нь Дарханчууд бидний үнэт өв болон үлдэж, улам дэвжин дээшилнэ гэдэгт итгэлтэй байна. Дарханы хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө хамтдаа зүтгэсэн Дэлхийн Зөнгийн хамт олондоо баярлалаа.