📅

Орон сууцны нэг давхрын өргөтгөлүүдэд үзлэг шалгалтыг хийнэ

🕔 2016/09/10 15:08

Орон сууцны нэг давхрын өргөтгөлүүдэд үзлэг шалгалтыг хийнэ

 

Нийтийн зориулалттай орон сууцны нэгдүгээр давхарт баригдсан өргөтгөл барилгуудад үзлэг шалгалтыг хийхээр аймгийн Захирагчийн алба, ЦГ, ОБГ, МХГ, ГХБХБГ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан байна. Тэд өргөтгөлийн барилгуудад нийтийн зориулалттай орон сууцны байруудын үндсэн хэв хийцэд өөрчлөлт оруулсан эсэх талаар хяналт, шалгалтыг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд хийж байна. Манай аймгийн хэмжээнд 280 гаруй нийтийн орон сууцны өргөтгөлийн барилга бүртгэлтэй байдаг ажээ.

МУ-ын орон сууцны тухай хуулийн 15.1-д нийтийн эзэмшлийн орон сууцны байшингийн анхны хийцийг өөрчлөх, нэмэлт ачаалал өгч өргөтгөл хийхийг хориглоно гэсэн заалт бий. Мөн үүнтэй уялдуулан нийтийн эзэмшлийн орон сууц байрны нэгдүгээр давхарт өргөтгөл хийхийг хориглосон тухай Дархан-Уул аймгийн засаг даргын захирамж 2008 онд гарч тус оноос эхлэн хэрэгжиж байгаа. Гэвч нийтийн эзэмшлийн орон сууцны нэгдүгээр давхарт үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, айл өрх, ААН-үүд өөрсдийн дураар, зөвшөөрөлгүйгээр өргөтгөлийг хийсээр байгаа юм. Энэ нь эргээд хууль зөрчсөн үйлдлээс гадна тус орон сууцанд амьдарч байгаа иргэд оршин суугчдын аюулгүй байдалтай холбоотой асуудал юм. Иймд дээрх ажлын хэсэг ААН, айл өрхүүдийн зөрчилтэй өргөтгөлүүдэд шаардлагатай арга хэмжээг авч нүүлгэлт болон зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авч ажиллах юм. Тус ажлыг хуулийн хугацааны дагуу 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хийх тухай холбогдох албаныхан мэдээллэв.


MTA
скачать dle 12.0

Санал болгох