АН-аас томилогдсон О.Отгонбаатар “Шивээ-Овоо”-гийн уурхайг самарч байгааг салбарынхан эсэргүүцэж байна
"Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайн талаар сонсож мэдээгүй хүн бараг байхгүй л дээ. 26 жилийн өмнө байгуулагдаж байсан тус компани Монгол Улсын дотоодын нүүрсний хэрэглээний 28.3%-ийг нийлүүлж, Монгол улсын Эрчим хүчний 70.0%-ийг дангаараа цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг "ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50.0%-ийг хангаж ирсэн болохоор улс орны нийгэм, эдийн засаг дахь нөлөөлөл нь чамгүй их. Тэр ч утгаараа "Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаа хэрхэн яаж явагдаж байгаа вэ гэдэг талаарх үнэн бодит мэдээлэл хийгээд мэргэжилтнүүдийн байр сууриудад анхаарал хандуулах нь хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний тухайд үүрэг шахуу зүйл гэж ойлгогдож байгаа юм. Тэрчлэн тус уурхайг өнгөрсөн олон жилүүдэд жинхэнэ нуруун дээрээ үүрч дүүрч өдийг хүрсэн инженер, техникийн ажилтнуудын зүгээс компанийнхаа үйл ажиллагааны ирээдүйд итгэх итгэлээ алдаад байгаа талаарх мэдээллүүд ирэх болсон юм.
Эх сурвалжууд хэлэхдээ 2012 оны сонгуулиар Ардчилсан нам олонх болсонтой зэрэгцэн Шивээ-Овоогийн уурхайн гүйцэтгэх удирдлагаар АН-аас улс төрийн томилгоо хийж, О.Отгонбаатар гэж нөхрийг томилсноос хойш уурхайн үйл ажиллагаа бишдэх замнал руугаа оржээ. О.Отгонбаатар нь тус уурхайн дарга болсноос хойш Шивээ-Овоогийн уурхайд олон жил ажилласан нүүрсний салбарын жинхэнэ мэргэшсэн мэргэжилтнүүдийг МАН-ын хүмүүс гэх тодотголоор ажлаас нь халж, оронд нь АН-ыг даган гүйсэн, мэргэшсэн бус нөхдүүдийг ажилд авсан гэх мэдээлэл байгаа юм. Улс орны эдийн засаг, аюулгүй байдалтай холбоотой стратегийн ач холбогдолтой чухал уурхайг тийн улстөржүүлсний харгайгаар өнөөдөр уурхайн уулын ажлын/нүүрс олборлолт, борлуулалт, хөрс хуулалт/ хэмжээ норматив алдагдаж, уурхайн нөөц дуусч,уурхай хаагдах хэмжээнд хүрээд байгааг хэлэх эрхмүүд байгаа юм. Гэтэл гүйцэтгэх захирал О.Отгонбаатар гэж нөхөр хэвлэлд мэдээлэл сэлт өгөхдөө уурхайн уулын ажлын хэмжээ тогтвортой нэмэгдэж нүүрсний дотоодын зах зээл дээр эзлэх байр суурь улам бүр бэхжиж байна гэж өөрийгөө сурталдах болсон нь харамсалтай. Гэхдээ нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Учир нь О.Отгонбаатар Шивээ-Овоогийн уурхайн үйл ажиллагаа сайн байгаа гэх мэдээллийг өгөхдөө 2012 оны статистикийн мэдээг эх сурвалжаа болгон хэлж, ярьж "Улсын дотоодын нүүрсний хэрэгцээний 30.0%, "ДЦС-4” ТӨХК-ийн хэрэгцээний 50.9%-ийг хангасан байна.” гэхчлэн тодруулж байгаа. Хэрэг дээрээ бол тэр 2012 оноос эхлэн тус компанийг удирдаж байгаа шүү дээ.
О.Отгонбаатар уг нь хэлэхдээ "Бид байгаль орчинд ээлтэй, аюулгүй үйлдвэрлэл, өндөр бүтээмж бүхий уул уурхайн салбарын жишиг компани байхыг эрмэлзэж эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.Төвийн эрчим хүчний систем болон орон нутгийн дулааны станцуудыг эрчим хүчний нүүрсээр тасралтгүй найдвартай хангах үүргээ уурхайчид бид нэр төртэй биелүүлж ирсэнээрээ бахархдаг билээ.” гэхчлэн хэлж ярьдаг ч, бодит байдал тэр Монгол Улсын хамгийн чухал ач холбогдолтой компанийн хувь заяагаар тоглож байгаа хүн гэхэд болох байх. Ямартаа л компанийн хурал дээр О.Отгонбаатар "Би компанийг 2024 он хүртэл удирдана. Тэр хүртэл миний удирдлагын баг өөрчлөгдөхгүй. Надад АН-д ч, МАН-д ч найз нөхөд бий. Аль нь ч ялсан би дарга хэвээрээ байх болно” хэмээн томорчээ. Гол нь О.Отгонбаатар гэж хүн Шивээ-Овоогийн уурхайд өөрийн ноёрхлоо тогтоосны балгийг Монголын ард түмэн л үүрч дүүрч таарах юм.
Ер нь бол чухал салбарыг улстөржүүлж болохгүй. Тэнд жинхэнэ мэргэжлийн хүмүүс л байх учиртай. Өдгөө засаглаж байгаа МАН ч ард түмний сонголтыг авахдаа, жинхэнэ мэргэшсэн төрийг эмхлэн байгуулна гэж амласан билээ. Тэгвэл МАН тэр амлалтаа Шивээ-Овоогийн уурхайд бодит ажил хэрэг болгомоор байна. Тэгэхгүй бол тун удахгүй энэ уурхай үүдээ барих вий! За мөн Багануурын уурхайн бодит нөхцөл байдал ч, Шивээ-Овоотой адилхан болоод байгааг эх сурвалжууд хэлж буй. Тэгэхээр төрийн өмчийн уурхайнуудаа угтах хэдэн жилд аятайхан ажиллуулаад, үр ашгийг нь хүртэе гэсэн бодлого Монголын төрд байгаа л бол жинхэнэ мэргэжлийн хүмүүсээр нь удирдуулж, уурхайн уулын ажлыг хэв журманд нь яаралтай оруулж, уурхайгаа аврах шаардлага тулаад байна!
Эх сурвалж: Шуурхай.мн