Ерөнхий сайд амлалтаа биелүүлэхийг хүлээж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэргэжлийн Засгийн газар байгуулахаа ард түмэнд амласан. 13 яам, 16 сайдтайгаар үйл ажиллагаа явуулахаар болсон Ерөнхий сайдын хувьд 4 сайдыг томилох үлдсэн. Эдгээр 4 сайд мэргэжлийн байх ёстой гэдгийг Ерөнхий сайдаас шаардаж байгаа. Үүнийгээ ч тэр мэдэж буй учир дөрвөн сайдын нэрийг татсан биз ээ. Иймд одоо түүнийг амлалтаа биелүүлэхийг хүлээж байна.
Бас МАН-ынхан "давхар дээл” буюу УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүний албыг хашихыг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулж байсан удаатай. Ардчилсан намыг ингэж шүүмжилсэн. Гэтэл энэ удаа өөрсдөө "давхар дээл” гээчийг "нөмрүүлж” өгсөөр байгаа. Хэлсэндээ байдаггүй, бусдыг шүүмжилсэн шигээ өөрсдийгөө ямар вэ гэдгийг харуулах боломж нь МАН-ын хувьд эхний ээлжинд "давхар дээл” байлаа. Гэсэн ч тэд "давхар дээл” байтугай ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг сайдад зүтгүүлж байх ч гэж дээ. МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр нь энэ. Ярьсан хэлсэндээ байж чаддаггүй нь тэднийг ямар улстөрчид болохыг нь харуулах шиг. Харин үүнийг бүлэг нь мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүлээж зөвшөөрч чадаагүй. МАН-ын зарим гишүүн хүртэл хэн, хэний нэр сайдад ямар учраас ороод ирэв гэдгийг гайхан хэвлэлээр ярьж байсан зэргээс нь харвал МАН-ын удирдлагуудад мэргэжлийн, "давхар дээл”-гүй Засгийн газар бүрдэх эсэх нь хамаагүй бололтой.
Хэнд эрх мэдлийг өгвөл ашигтай вэ гэдэг өнцгөөс нэг нэгийгээ сайдад зүтгүүлж яваа МАН-ын зарим дарга нарын энэ үйлдлийг Ерөнхий сайд хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Хүлээн зөвшөөрөөд толгой дохиод явбал Ерөнхий сайдын эрх мэдэл, зангараг гээч үгүй болж, Ж.Эрдэнэбат "утсан хүүхэлдэй” гэх нэр зүүгээд улс төрийн карьераа үргэлжлүүлнэ. Магадгүй Ерөнхий сайд хэмээх албан тушаалаар дуусахыг бас үгүйсгэхгүй.
Иймд энэ удаа Ерөнхий сайд зангарагаа харуулж, хэн нэгний үгээр бус өөрийнхөө бодлоор танхимаа бүрдүүлж, үлдсэн сайдаа мэргэжлийн, ашиг сонирхлын зөрчилгүй хүмүүсийн нэрийг оруулж ирэх ёстой. Энэ бол таны нэр хүнд. Мөн таны амлалт шүү, Ерөнхий сайдаа.
М.Төр Эх сурвалж: Цензургүй.мн