Ж.Эрдэнэбатын танхимд хэн хэн багтах вэ

🕔 2016/07/18 12:57

Шинэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ долоо хоногт Засгийн газрын танхимаа бүрдүүлнэ. Ерөнхий сайдын ажлаа хүлээж аваад Засаг дарга нарын томилгоогоор ажлаа эхлүүлсэн тэрбээр үндэсний баяр наадам, Ази, Европын дээд түвшний уулзалтад оролцлоо.

 

Ж.Эрдэнэбатын танхимд хэн хэн багтах вэ

 

 

Их баяр наадмын дараах ажлын эхний өдрүүдэд тэрбээр аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг батламжилна. Тиймээс өнөөдөр ихэнх аймгийн Засаг дарга тодорно гэсэн хүлээлт нийгэмд байна.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өөрөө зурсан уу, өрөөлийн зураглалыг өргөн барих уу гэдэг нь нэгэнтээ тодорхой асуудал. Тэрбээр МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Тиймээс ч мэргэжлийн, цомхон, чадварлаг Засгийн газрыг бүрдүүлэхээ мэдэгдсэн. Ирэх жилүүдэд Засгийн газрыг огцруулах асуудал тэр бүр сөхөгдөөд байхгүй. Учир нь сонгогчид УИХ-ын сонгуулиар нэг нам олонхийн суудалтай парламентыг бүрдүүлсэн. Ж.Эрдэнэбат сайдын өргөн барьсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг парламентад олонхийн суудал авсан МАН батлаад явуулна. Түүний Засгийн газар 11 яам, 13 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулах сурагтай.

 

Сайдуудын томилгоотой зэрэгцээд "давхар дээл”-ийн асуудал сөхөгддөг. Энэ Засгийн газар "давхар дээл”-ийг цөөлөх зарчим баримтална гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ мэдэгдсэн билээ.

 

Хуульзүйн, Гадаад хэргийн, Сангийн БОНХАЖ-ын гэсэн үндсэн чиг үүргийн яамны сайд нь УИХ-ын гишүүн байх нь ажил явуулахад дөхөмтэй гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үзэж байсан. Үүнд дээр ЗГХЭГ-ын даргыг мөн УИХ-ын гишүүн байж болно гэж үзсэн. Харин бусад сайд нь УИХ-ын гишүүн гэсэн давхар албан тушаалгүй, дангаар  салбараа удирдаад явах боломжтой.

 

Үндсэн чиг үүргийн яам болох Гадаад хэргийн сайдад Н.Энхболд, Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар, БОНХАЖ-ийн сайдад Д.Оюунхорол, Хуульзүйн сайдад Ц.Мөнх-Оргил нар томилогдох таамаглал явж байна. Мөн ЗГХЭГ-ын даргаар өмнөх парламентад МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг томилогдох сураг байна.  

 

Ж.Эрдэнэбатын танхимд  дан дээлтэй ажиллах эрхмүүдийн нэр яригдаад эхэлсэн. Тухайлбал,  Зам тээврийн сайдад "Өндөр буянт” компанийн захирал Н.Төмөрхүүгийн нэр гарлаа Тэрбээр өмнө нь энэ салбарт сайдаар ажиллаж байсан туршлагатай эрхэм. ХАХНХ-ын сайдад УИХ-ын экс гишүүн Т.Гандийг томилох сурагтай. Т.Ганди өмнө нь парламентад 4 удаа сонгогдож байсан, хоёр удаа салбар хариуцсан сайдаар ажилласан туршлагатай улстөрч. БХБ-ын сайдад хэд хэдэн эрхмийн нэр явж байна. УИХ-ын экс гишүүн Ц.Дашдорж энэ салбарыг тэргүүлж магадгүй гэнэ. Түүнд  өмнө нь БХБ-ын сайдаар ажиллаж байсан туршлага бий. Мөн УИХ-ын экс гишүүн Ж.Батсуурийн нэр гарч буй. Барилгын инженер-эдийн засагч мэргэжилтэй тэрбээр Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж, УИХ-д хоёронтоо сонгогдсон эрхэм. ХХАА-н сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, УИХ-ын экс гишүүн Т.Бадамжунай нарын нэр явж байна лээ.  Т.Бадамжунай, Т.Гантулга нарын аль аль нь тус салбарт сайд, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ. Уул уурхайн сайдад мөн л УИХ-ын экс гишүүн Т.Очирхүү томилогдох магадлал өндөр байгаа.

 

Ийнхүү Ж.Эрдэнэбатын танхимын гишүүдийн сураг гарч эхэллээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тун удахгүй Засгийн газрын бүтэц, танхимын сайдуудын нэрээ өргөн барих биз ээ.

 

Н.Энхбат    http://www.shuud.mn/content/read/471188.htm

скачать dle 12.0

Санал болгох