Ч.Сайханбилэгийн хөлд ороогдсон могойнууд
Энэ удаагийн намрын чуулганаар улс орны амьдралд гол нөлөө үзүүлэх, амин чухал асуудлуудыг хэлэлцэнэ. Үндсэндээ парламент хэр сайн ажиллаж, гүйцэтгэх засаглал хэмнэлтийн горимоо хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлж ухаалгаар ажиллах эсэхээс монголчууд хямралаас алс хэтдээ гарах үгүйг тодорхойлох юм.
Улс төрийн хямралаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хямрал ойрын хугацаанд Монгол орноос салахгүй нь тодорхой болсон. Ойрын хэдэн жилдээ ч салах үгүйг хэлэхэд бэрх байгаа тухай эдийн засагчид ярьж бичсээр байна.
Гэтэл харамсалтай нь төрийн эрх барьж байгаа хүчний харалган бодлого шийдвэрийн улмаас гүйцэтгэх засаглалаа дэмжиж ажиллах нь бүү хэл самарч, самууруулсаар төрийн ажил үндсэндээ гацаанд ороод байгаа юм. Улсын сан хоосорч сар бүр асар их алдагдалтай дүнг хүлээж байгаа Засгийн газарт улстөрчид нэмэр болох бус харин ч нэрмээс болж ерөнхий сайдыг нь авч хаях, дамжуулаад дараагийн ээлжийнхнийг хоолонд оруулах тухай хэвлэлээр зогсоо зайгүй бичих боллоо. Ер нь Ч.Сайханбилэгийн хувьд ерөнхий сайд болсноосоо хойш ажил хийх боломж гарсан уу үгүйг хэлэхэд бэрх.
Эдийн засаг эдийн засаг бас дахин эдийн засаг гэж ерөнхий сайдын сэнтийгээс анх дуугарсан түүнийг олон нийт өндөр хүлээлттэй дэмжиж байсан. Харамсалтай нь Ч.Сайханбилэгийн засгийн газар Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөх замаар хямралаас гарах төлөвлөгөө нь улстөрчдийн аллергийг хөдөлгөж ийнхүү өнөөдрийг хүртэл бүрэн гацаанд орсон юм. Ч.Сайханбилэгийн байтугай хэнбугайн ямар ч засгийн газарт ийм цаг үед Оюутолгой, Тавантолгойгоос өөр юу байх байсан бол.
2015 оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 629,3 тэрбум төгрөгөөр тасарч байна. Дэлхий даяар түүхий эдийн үнэ унаж байна. 2011 онд нэг тонн коксжих нүүрс 150 ам.доллар байсан бол өнөөдөр 50 ам.доллар, нэг тонн зэс 7000-8000 ам.доллар байсан бол 5000 гаруй ам.доллар, унци алт 1500 ам.доллар байсан бол 1100 ам.доллар болжбуурлаа. Түүхий эдийн үнэ унахаар манай эдийн засагт сөргөөр нөлөөж байгаа нь үнэн. Намрын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга З.Энхболд энэ тухай дурдаад "Гэхдээ бид буруутныг гаднаас биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй" гэсэн нь ч үнэн.
Оюутолгойн орд газрыг ашиглахад оруулсан нэг удаагийн6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын үр дүнд тухайн үедээ эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн. Үүнийгбодит өсөлт байнга байх мэтээр хүлээн авч, цаашид энэ түвшиндээ байх мэтээр төсөөлөн тооцоо судалгаагүй их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй зарцуулж ирсэн. Мөн хөдөө аж ахуйнболон уул уурхайн бус салбарыгхөгжүүлэх асуудлыг орхигдуулж, уул уурхай, газрын баялагт хэт шүтэж ирсэн алдаатай бодлогоос улбаалан өнөөдөр эдийн засагт бодитой хүндрэл учирч байна.
Өршөөлийн хуульд албан тушаал, хээл хахуулийн хэрэгтнүүдийг хамруулах гэсэн, түүнд хориг тавьсан, эргээд хоригийг хүлээн авсан зэргээс болж чамгүй л их гацаа улстөрд өрнөж байна. Бүр засгийн газрыг савлуулж байна. Нэг талдаа хямрал гэх хар мангастай чадлаараа тэмцэж байгаа Ч.Сайханбилэгт нөгөө талд нь Өршөөлийн хууль, Н.Энхбаяр тэргүүтнүүд, Засгийн газраас гарсан бүхий л тогтоол шийдвэрийг гацаан сарниулагч парламентын гишүүд хөлд нь могой ороочилж байгаа дүр зургийг харахад даанч эмгэнэлтэй.
Ийм дүр зураг бүхий Монголын улс төр дараа дараагийн засгийн газрын үед ч мөн л адил харагдах нь бүр эмгэнэлтэй.
С.Дулам
zaluu.com