“Монголын түүхий эдийн бялуунд” ойртох боломж

🕔 2016/07/01 13:02

Эдийн засгийн хонгилын хөтөлбөр ба "Монголын түүхий эдийн бялуунд” ойртох боломж

 

 

Узбекистаны нийслэл Ташкент хотноо Шанхайн хамтын ажиллагааны бай­гууллагын 15 дахь удаагийн дээд хэм­жээний уулзалтын хүрээнд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын дээд хэмжээний ээлжит уулзалт болсон билээ. Тус уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар гурван улсыг холбосон эдийн засгийн хонгил үүсгэх тухай зарласан юм. Уулзалтын дараа талууд тэрхүү эдийн засгийн хонгилын дагуу бараа бүтээгдэхүүний эргэлтийг хөнгөвчлөх зорилго бүхий авто тээврийн харилцаа, гаа­лийн хяналтын тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Гур­ван улсын энэхүү санаач­лагын талаар ОХУ-ын "Эксперт” цахим хууд­санд гарсан нийтлэлийг товчлон хүргэж байна.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэхдээ, "Гурван орны хооронд эдийн засгийн хонгил үүсгэх хөтөлбөр нь хилийн дагуух харилцааг 30 гаруй хөрөнгө оруулалтын төслийн тусламжтайгаар идэвхжүүлэхэд оршиж байна. Ингэхдээ, дэд бүтцийн санаачлагад голчлон анхаарах шаардлагатай. Жишээ нь, ОХУ-ын бизнесийнхэн УБТЗ-ыг шинэчлэхэд оролцоход бэлэн тухай Монгол Улсын Ерөнхийлөгчтэй олон удаа ярьсан. УБТЗ-ын ачаа өнгөрүүлэх хүчин чадлыг жилд 100 сая тоннд хүргэх боломж байна. Үүнээс гадна манай гурван орны транзит тээвэрлэлтийн боломжийг бүрэн дүүрэн ашиглахын тулд авто тээврийн зах зээлийг хөгжүүлэх нь зүй” гэжээ.

 

Олон улсын консал­тингийн "Urus Advisory” компанийн Москва дахь салбарын захирал А.Панины хэлснээр, Орос-Монгол-Хятадыг холбосон тээврийн хонгил нь Монголын тээврийн салбарыг Орос, Хятад хамтран ашиглах стратеги гэж үзэж болох аж. Монгол Улс нь төмөр замын транзит тээвэрлэлтийн гуравдагч хувилбар гэдгээрээ Бээжин, Москвагийн аль алины сонирхлыг ихээр татдаг байна. Гэвч энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэд хэдэн хүндрэлтэй асуудал бий. Юуны түрүүнд, Монгол Улс болон ОХУ Хятадаас өөр царигийн төмөр замтай. Үүнээс үүдэн Монгол-Хятадын хил дээр дугуй солиход хүрдэг бөгөөд үүнээс үүдэн тээвэрлэлт олон цаг, бүр хэд хоногоор саатдаг байна.

 

Үүнээс гадна Монголын төмөр замын хүчин чадал өсөн нэмэг­дэж буй бараа эргэлтийн хэмжээг өнгөрүүлж чадахаа больжээ. Зарим гацаан дээр хоногт өнгөрүүлэх хүчин чадлаас 100-200 хувь их бараа овоордог болсон аж. Иймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тээврийн хонгил бий болгохыг идэвхийлэн сурталчилсаар иржээ. Тэгээд ч Монгол Улс Орос, Хятадаас өөр улстай хиллэдэггүйг, мөн төмөр замаас өөр тээврийн боломж үндсэндээ үгүйг мартаж болохгүй. Тус улс далайд гарцгүй бөгөөд урт өвлийн улиралтай тул гол мөрний усан замын тээвэрлэлт муу хөгжжээ.

 

А.Панины үзэж буйгаар, гурван улсын эдийн засгийн хонгилын төсөл амжилттай хэрэгжих эсэхийг хэлэхэд одоогоор хүндрэлтэй аж. Оросын өнөөгийн санхүүгийн байдлаас үүдэн гадаадад олон тэрбумын төсөл хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байгаа. Хятадын хөрөнгө оруулалт ч нэлээд үнэтэй тусах тул тус төсөлд цутгах нь юу л бол.

 

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын хувьд Монгол Улс тийм ч таатай газар биш. Хэдхэн жилийн өмнө тус улс эдийн засгийн өсөлтөөрөө бүс нутагтаа тэргүүлж байсан ч төрийн удирдлагынх нь уян хатан бус байдлаас болж хурдацтай хөгжих түүхэн боломжоо алдсан билээ. Тэгэхээр, төрийн өмчит компаниуд л тус хөтөлбөрийг хэрэгжүүлж болохоор дүр зураг харагдана. (Оросын талаас юуны түрүүнд "Российские железные дороги”, "Ростех”) Харин хэтдээ тус төсөлд оролцогч компаниуд хоорондоо өрсөлдөж эхлэх биз ээ. 

 

Тэгээд ч Монгол Улс байгалийн баялаг ихтэйг ойлгох хэрэгтэй. Тэдгээр баялгийг гадаадын бизнесийнхэн, тэр тусмаа Москва, Бээжин маш ихээр сонирхдог нь мэдээж. Иймд, эдийн засгийн хонгилын төсөлд оролцох сонирхолтой талууд "Монголын түүхий эдийн бялуунд” ойр, хамгийн ашигтай байр эзлэхийг оролдох болно гэдэг тодорхой.

 

Б.БАРС

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


скачать dle 12.0

Санал болгох