Бүжгэн жүжигчин МУСТА Н.ЭРДЭНЭЦЭЦЭГ: МИНИЙ АМЬДРАЛЫГ БАЛЕТИЙН УРЛАГГҮЙГЭЭР ТӨСӨӨЛӨХ АРГАГҮЙ

🕔 2016/07/01 13:29

Бүжгэн жүжигчин МУСТА Н.ЭРДЭНЭЦЭЦЭГ: МИНИЙ АМЬДРАЛЫГ  БАЛЕТИЙН УРЛАГГҮЙГЭЭР ТӨСӨӨЛӨХ АРГАГҮЙ

 


Монголын балетын урлагийн шилдэг  бүжигчдийн нэг МУСТА Н.Эрдэнэцэцэг нь  " Хунт нуур”,” Нойрсож буй гүнж” ,”Цэнхэр нүдэн бүсгүй”,” Бахчисарайн оргилт булаг”,”Дон Кихот”,”Шелкунчик”,"Корсар”,                                                                                                                                                "Золушка”,"Эрдэнэсийн уулс”, Уран хас”,” Үйлийн гурван толгой”, ”Ганхуяг”  зэрэг Дэлхийн сонгодог болон үндэсний  30 гаруй бүжгэн жүжгийн гол дүрд бүжиглэж бүхий л амьдралаа урлагт зориулж яваа нэгэн билээ.  Сонгодог урлаг болон боловсролын салбарт 46 дахь жилдээ ажиллаж яваа  Н.Эрдэнэцэцэг нь  байгалиас заяасан их авьяасаа хөдөлмөрөөрөө чимж яваа  авъяаслаг  бүжигчин төдийгүй  ХБДС-ийн төгсөгчдөөс анх удаа Сонгодог бүжгэн жүжгийн  гол дүрд тоглосон хошой Алтан гадасын эзэн юм. Бид түүнтэй уулзаж ажил амьдралынх нь талаар ярилцлаа.

-Та аль нутаг усны уугуул вэ? Яаж яваад энэ хүндтэй, хэцүү мэргэжлийг сонгочихов. Хэн нэгний  нөлөө байв уу?

-Би Чингэлтэй хайрханыхаа өвөрт төрж өссөн хотын унаган хүүхэд. Аав минь зоотехникч мэргэжилтэй, ээж маань цагтаа Хүрээний сайхан хүүхнүүдийн нэг гэгдэж явсан сайхан эмэгтэй  байлаа. Насаараа  Ус сувгийн удирдах газарт ажиллаж байгаад 90  нас хүрээд  өнгөрсөн. Бид эцэг эхээсээ 10- уулаа. Ихэнх нь багш, спортын мэргэжилтэй. Намайг   23-р  дунд сургуулийн 4-р ангид сурч байхад нэг өдөр миний төрсөн эгч дуудаад  Оросын  сэтгүүлийн нүүрэн дээр гарсан гоё балетчин бүсгүйн зураг үзүүлж  ” Чи ийм хүн болох уу” гэж асуусан. Тэр үед би юугаа ч мэдэхгүй тэгье гээд  хэлчихсэн. Эгч маань өөрөө балет их сонирхдог, хааяа тоглолт үздэг байсан юм билээ. Тэгээд дүүгээ бүжигчин болгохоор зарын дагуу Хөгжим бүжгийн сургууль дээр хөтөлж  очсон нь  тэр.  Сонгодог урлагийг хөгжүүлэх нам төрийн шийдвэр гарч 1964 онд Монголд анх удаа ХБДС-д Сонгодог бүжгэн жүжигчин бэлдэхээр 20 хүүхэд шигшиж авахад азаар би тэнцсэн юм. Биднийг ороход  Ж.Жав багш маань  хойно сургууль төгсөөд ирсэн үе таарсан. Маш хэцүү мэргэжил болохоор зарим нь шантраад дундаасаа гарч тавуулаа төгссөн. Тэр үед Алиалагч Данзан гуайн охин Тунгалаг гээд  голдуу  уран бүтээлчдийн хүүхдүүд орсон. Би ихэндээ мэргэжлээ бүрэн ойлгодоггүй байсан. Сүүлдээ ёстой дурласан даа. Зургаан  жил сураад 1970 онд сургуулиа төгсөөд дотоодод төгссөн анхны сонгодог бүжигчид болж Дуурийн театрт очиж ажилласан. Бидний багшаар  Зөвлөлтийн мэргэжилтэн Алла Михайловна Кузьмичёво гэж мундаг багш бүсгүй Москвагаас  ирж Жав багштай гар нийлж ажилласан. Орос багш маань надад яг л ээж шиг, эгч шиг, дотны найз шиг минь ханддаг байсан. Мэдээж бүх багш нар маань бидэнд их зүйл зааж  сургасан л даа. Манай бүжгийн ангийн охидууд ихэнх нь  урлагийнхний хүүхдүүд байсан болоод тэр үү нилээд ганган байсан. Би  жирийн л айлын охин байсан. Нэг удаа шинэ жилээр нөгөө хичээлдээ  өмсдөг хуучин хувцастайгаа иртэл багш маань харчихаад "Чи яагаад гоё плать өмсөөгүй юм" гэхээр би надад байхгүй гэсэн. Дараа жил нь  амралтаараа Москва яваад ирэхдээ надад хоёр гоё плать авчирч өгч би сургуулиа төгстөл гоёсон доо. Өдөрт  хичээлийн  завсарлагаагаар дуудаж  сургуулийн гуанзанд хамтдаа хооллоно. Чамайг гоцлол бүжигчин болгох нь миний мөрөөдөл шүү гэдэг байсан. Хатуу үедээ бидэнд бас хатуурхана. Чимхэнэ, хумсална, таван хурууны ором гартал гуян дээр алгадахаар нь уйлаад нүүрээ дараад суучихаар удалгүй аргадаж тайвшируулна. Их л хөглөдөг байж дээ.  Багш маань Монголд 7 жил ажиллаад нутаг буцсан. Бид нүдэндээ нулимстай салж ядаад л багшийгаа үдэж өгсөн.  Надад бусдаас илүү анхаарал халамж тавьж байсан нь жаахан ч гэсэн авьяасыг минь олж хараад дэмждэг байсан байх гэж боддог. Монголд Сонгодог урлаг тэр дундаа балетийн  бүжигчин бэлдэхэд маш их анхаарал тавьж хойноос  мэргэжилтэн урьж бүхий л тал дээр анхаарч их үүрэг  гүйцэтгэсэн  хүн бол Цэдэнбал Филатова гуай шүү дээ. Их театрийн бүжигчдийн цалинг судалж  манай гоцлоочид Их театрийн массовын бүжигчдийн цалинг авч байна гэдгийг мэдэж  төр засгийн хэмжээнд  ярьж цалинг нь шийдэж  өгч байсан. Энэ хүний гавьяаг  бид мартах ёсгүй гэж боддог. Тэр үед балетийн бүжигчнээр  70-аад хүн ажиллаж, жилд  10-аад бүжигчид  төгсөж ирдэг байсан.

-Анхны дүр санаанд тодхон  байгаа байх. Энэ хугацаанд ямар ямар дүрүүдэд бүжиглэв. Таныг дотоодын төгсөгчдөөс анх удаа Сонгодог бүжгэн жүжигт гол дүрд бүжиглэсэн гэдэг юм билээ.

-Биднийг сургуулиа төгсөөд театрт ирэхэд өмнөх үеийн мундаг бүжигчид ид ажиллаж байсан ч залуучуудад итгэл өгч ажиллуулсан. Би анх Гончигсумлаагийн хөгжим” Ганхуяг” балетийн гол дүр  Мөнгөнтуяад гавъяат жүжигчин Туулын дублёрээр гарч гараагаа эхэлж байлаа.  Дараа нь "Цэнхэр нүдэн бүсгүй” балетийн гол дүрийг Цэрмээ гавьяатаас үргэлжлүүлж авсан. Тэгээд "Уран хас”-н Хандармаа, "Хунт нуур” -ын 4 хунгийн дэгдээхэй, "Адажио” гээд бүжгэн жүжгийг чимдэг их ур чадвар шаарддаг гол хэсгүүд, " Испани” бүжгийн цоморлигт  Цыган бүсгүй, "Бахчисарайн оргилт  булаг” жүжгийн Хар хатан, "Корсар” бүжгэн жүжгийн Кулинара хатан,”Золушка” ,”Эрдэнэсийн уулс”  гээд л үргэлжилсэн дээ. Тухайн үед театрт тавигдаж байсан ихэнх бүжгэн жүжгийн гол дүрд бүжиглэж явсан нь миний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүд байлаа.  Театрт ажиллах хугацаандаа Дэлхийн сонгодог болон үндэсний 30 гаруй бүжгэн жүжигт гоцлосон. Би хөгжим бүжгийн сургууль төгссөн бүжигчдээс анх удаа "Дон Кихот” балетийн гол дүрд тоглосноор бахархдаг юм.

 -Та нар анх төгсөж очоод хэдэн төгрөгөөр  цалинжав. Ажиллаж байх хугацаандаа дээд тал нь хэдэн төгрөгний цалин авч байв.

- Бид тавыг  сургууль төгсөөд очиход анх 470 төгрөгөөр  цалинжуулсан. Бидэнд цалин чухал биш. Хамгийн гол нь сайн бүжигчин болох хүсэл тэмүүлэлтэй  дэврүүн сэтгэлтэй залуус  очсон. Тухайн үед хэн гол дүр авч гоцлоочоор ажилласан нь ямар ч маргаангүй цалингаа нэмүүлнэ. Балетийн бүжигчид сайдын цалинтай дүйцэх өндөр цалин авдаг гэж хүмүүс  ярьдаг байсан нь үнэн. Миний хувьд жил болгон гол  дүрд бүжиглэдэг болохоор   есөн жил дараалан гоцлоочийн  990 төгрөгний цалин авсан. Амьдралд хүрэлцээтэй, сайхан л амьдарч байлаа.

-Таныг алдарт "Үйлийн гурван толгой” балетийн Нансалмаагийн дүрд бүжиглэж байхыг оюутан ахуйдаа үзэж  биширч явлаа. Үндэсний хэмжээний сонгодог  энэ алдартай дүрийг чадварлаг бүтээж,  монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг гайхуулж, тэр үеийн үзэгчдийг ёстой хошууруулж байсан даа. Тайз засал, хувцас гээд үнэхээр гоё байсан. Нансалмаагийн дүрийг бүжгээр илэрхийлсэн хамгийн гоо бүжигчин гэгдэж байлаа шүү дээ.

-Урам хайрласанд баярлалаа. Надад тэр алдарт цомнолыг бүжгэн жүжиг болгоход Нансалмаагийн дүр оногдож  бүжиглэх  завшаан олдсонд их бахархдаг. Би "Эрдэнэсийн уулс”-ын балетийн хослол, ” Корсар” балетийн гол дүрүүдээр хоёр удаа Соёлын яамны "Оны шилдэг дүр”-ын шагналыг авч  зургаан  сарын цалинтай тэнцэх мөнгөн шагналаар шагнуулж байлаа. Тэр үедээ л машин авах хэмжээний мөнгө байсан. Анхны шагналаараа ээждээ дээлийн  торго авч өгч баярлуулсан.

-Бүжгэн жүжигчдийн чадвар чансааг илэрхийлдэг П.И Чайковскийн дэлхийд алдартай гурван бүжгэн жүжигт та бүжиглэсэн. Энэ бол бүжигчин бүхний мөрөөдлийн дүрүүд  биз.

- Тэгэлгүй яахав. П.И Чайковскийн хөгжим " Хунт нуур”,” Нойрсож буй гүнж”, ”Шелкунчик” гурвыг биднийг ид ажиллаж байхад манай театрт  тавьсан. Зуун зуунд хуучрахгүй улам төгөлдөржсөөр байгаа энэ гайхамшигтэй бүтээлийг  эх орондоо тавьж монголын үзэгчдэд таниулсан хүн бол манай  Жамъяндагва гуайн гавъяа л даа. Багш маань чадвартай удирдагч, зохион байгуулагчаас гадна авьяастай бүжиг дэглээч гэдгийг монголчууд андахгүй. Бид тэр үед  оюутан, сурагчдын амралтаар өдөрт  2-3 удаа тоглож,  залуу хойч үедээ сонгодог урлагаа сурталчилж,  их өндөр ачаалалтай ажилладаг байсан. Бидний амьдрал  олон жил зөвхөн театр, гэр  хоёрын хооронд л өнгөрсөн. Одоо бодоход олон юмнаас татгалздаг байж дээ. Манай бүжигчид энэ биеэ зөвхөн урлагт,  уран бүтээлдээ л зориулсан даа.

-Таныг ид бүжиглэж байхад олон шилдэг бүжигчид  төрж, өрсөлдөөн ч их байсан байх. Харамсалтай нь ихэнх нь авъяас,  хөдөлмөрөө  үнэлүүлж чадаагүй.

-Тэр үнэн шүү. Тухайн үед бид Соёлын өдрүүдээр гадагшаа их явна. Болгор, Чех, Унгар, Герман, Зөвлөлтийн 15 улсын  бүгдэд нь очсон. Манай Батсайхан. Батхүрэл, Цэцгээ бид дөрөв "Эрдэнэсийн уулс” балетийн дөрвөлийг  гадаадад очиж олон удаа бүжиглэсэн. Эх орныхоо бүх аймагт очсон. Чехэд "Үйлийн гурван толгой”, Армянд "Мөнгөн залаа” балетаа бүрэн бүрэлдэнхүүнээрээ очиж тоглоход тэндхийн үзэгчид маш өндөр хэмжээнд хүлээж авч байсан нь санаанд тод үлджээ. Би "Мөнгөн залаа” балетад Лусын охин, шулам  хоёрын  дүрд  зэрэг тоглодог байлаа. Манай массовын бүжигчид маш чухал үүрэгтэй байдаг болохоор тэдний хөдөлмөрийг дутуу үнэлж болохгүй гэж боддог.

-Алдарт бүжигчин Ю.Оюун залуугаараа хорвоогоос буцахад олон хүн харамссан. Одоо ч Оюун агсан шиг бүжигчин төрөөгүй л байна.

-Манай Оюун  бурхнаас заяасан их авьяастайн дээр хөдөлмөрч, тэсвэр тэвчээртэй гайхалтай бүжигчин байлаа. Дэндүү эрт хорвоогоос буцсанд бид төдийгүй ард түмэн маш их харамсдаг. Надаас 2 жилийн дараа хойно сургууль  төгсөж ирж байлаа. Монголын эмэгтэй бүжигчдээс анх удаа ОУ-ын уралдаанаас нэр хүндтэй шагнал авсан хүн дээ. Өвчнөө хүндрүүлчихсэн болохоор ямар ч арга байгаагүй. Харамсалтай нь 49 насныхаа төрсөн өдөр бурхан болчихсон. Хамгийн сүүлд эргэж очиход биднийг  инээмсэглээд л угтсан.  Духан дээр  нь үнсчихээд  гэрээс нь гарахдаа би хамгийн сүүлчийн уулзалт  гэдгээ ч мэдээгүй. Тэр өдрөө л явчихсан даа. Хүнийхээ хувьд дэндүү энгийн  даруухан хүн байсан. Аугаа юм бүхэн энгийн байдаг гэдэг  аргагүй л үнэн шүү.

-Балетийн бүжигчид бэртэх нь элбэг байдаг. Танд шантрах  үе  байсан уу?

-Хүнд элементүүд хийдэг болохоор бэртэх тохиолдол хааяа   гарна.  Хэд хэдэн удаа бэртэлтэй байхдаа  тоглолтонд орж  аргагүйн эрхэнд хөлдөөгч шүршээд бүжиглэж байсан. Тайзан дээр 2 цаг гаруй хуруун дээрээ  бүжиглэнэ гэдэг амар ажил биш. Балет бол тэсвэр, тэвчээр их  шаарддаг ухааны урлаг. Маш удаан олон цагаар бэлтгэл сургуулилт хийдэг болохоор цусаа шүүртэл бэлтгэл, дасгал хийчихээд  алхаж чадахгүй  байсан  ч одоо болъё гэж хэзээ ч  бодож байсангүй. Ер нь ямар  ч бүжигчин шантраад ажлаа орхиж  явдаггүй. Хүмүүсийн ярьдагаар жинхэнэ яс махаараа хөдөлмөрлөдөг  хүмүүс бол манай балетчид.  Бид багаасаа л өвдөлтийг тэсвэрлэх чадвартай болчихдог.

-Таны хань телевизийн нэртэй найруулагч Бадрах агсанг дурсахгүй өнгөрч болохгүй байх.  Та хоёр анх яаж  танилцаж байв.

-Би ханьтайгаа анх Монгол  телевизийн "Боролдойн цаг” нэвтрүүлэгт орж бүжиглэхдээ  танилцсан юм.  Тухайн үед аль аль нь цаг наргүй их ажилтай, хоёулаа л орой үдэш голдуу ажиллана. Гэр бүл болоод өөрсдийн гэсэн байргүй болохоор хоёр талынхаа  аавынд  ээлжилж амьдарна. Удалгүй хүү маань төрсөн. Манай хүн монголд телевизийн урлаг хөгжүүлэхэд олон шилдэг нэвтрүүлэг санаачилж, их ажил хийсэн, олон сайн шавь бэлдсэн дээ. Хүү Хишигбаяр  маань аавынхаа зурах, найруулах авъяасыг өвлөж телевизийн найруулагч  болсон. Аавынх нь шавь сэтгүүлч Алтай, Авирмэд хоёр MN-25 телевиздээ ажилд авч их зүйл зааж сургасан. Би хоёр сайхан хүүтэй. Бага хүү Батхишиг  маань "Кино шиг амьдрал”,” Хувилгааны эрэлд”,” Хилэн” зэрэг кинонд  тоглосон бас л  уран бүтээлч  залуу байдаг.. Манайх 2 ач хүү, нэг ач охинтой. Бид бусад мэргэжлийн эмэгтэйчүүдтэй адил хүссэн үедээ гэр бүлийн асуудлаа шийдэж, олон хүүхэд төрүүлэх  боломж  байгаагүй. Манай балетчин бүсгүйчүүд ихэнх нь нэгээс  хоёр хүүхэд л  төрүүлсэн.  

-Ямарч хүнд ар талдаа санаа зовохгүй, сэтгэл амар ажиллахад орон байр маш чухал. Хэзээ өөрийн гэсэн байртай болов.

-Тэр үед байгууллагуудад улсаас үнэ төлбөргүй  байр хувиарладаг  байсан.  "Манай театрт 10 байр хувиарлана гэсэн. Чамд нэгийг нь өгнөө”  гэж Намхайцэрэн дарга амласан болохоор би удахгүй байртай болно гэж хүлээж байтал ирсэн байрнаас нь  надад оногдоогүй. Тэгтэл нэг ахмад уран бүтээлч надад " Чи хотын захиргаанд өргөдөл өгчих” гэхээр нь өргөдөл бичиж өгсөн. Их судладаг юм билээ. Удалгүй 1981 онд Хотын захиргаанаас дуудаад 2 өрөө байр өгсөн. Одоо ч тэндээ амьдарч байна.

-  Өндөр ачаалалтай ажилладаг бүжигчид залуугаараа тэтгэвэрт гарахад хэцүү байдаг байх.  Та цөөнгүй жил урлагийн сургуульд багшлалаа. Хүүхэд залуучуудтай ч олон жил ажилласан гэсэн.

-Би үеийнхнээсээ нэг жилийн дараа 1991 тэтгэвэрт гарчихаад удалгүй наймаа хийхээр Унгарт очиж  хэдэн сар болсон.  Нэг өдөр гэр лүүгээ ярьтал " Хүү маань ээж  таныг  театрынхан чинь асуугаад байна” гэсэн. Холбоо барьтал   бүх  бүжгээ мэддэг болохоор хурдан ирж залуучуудад зааж өгөөч  гэсэн. Тэгээд намар нь ирээд хэдэн сар ажиллаж  мэддэг бүхнээ залуучууддаа заасан. Бүжиглэх санал авсан ч сэтгэл зүйн хувьд эргээд тайзан дээрээ гарна гэхэд болохгүй байсан. Хэсэг хугацаанд завсарласан болохоор дахиад бүжиглэхийн тулд надаас их олон юм шаардах болохоор чадаагүй. Театрын тайзыг өөрийн хувийн өмч юм шиг санаж явсан үе  надад бий. Тэр  сайхан боломж дахиад олдохгүй гэдгийг биеэрээ мэдрэхээр  сэтгэл  их тавгүйтдэг юм байна лээ. Санаандаа хүртэл  бүжиглэж чадахаа больчихоор  нулимс  өөрийн эрхгүй  сул асгарчихдаг болсон. Тэгээд үнэхээр хэцүү санагдаад бүр явсан даа. Чоно үүрэндээ өлзийтэй гэдэг шиг бүжигчин хүн тайзан дээрээ л омог бардам байдаг юм билээ. Тэндээс гарсаны дараа  хэд  хонож байтал Ардын жүжигчин Ю.Оюун нэг өдөр таартал  ” Би багшилж чадахгүй юм байна. Ажлаасаа гарлаа.Чи миний оронд багшлаач” гэсэн. Тэгээд Спортын сургалтын төвд гимнастикийн  хүүхдүүдэд сонгодог бүжгийн дасгалын багшаар ажилласан. Спортын, уран сайхны гимнастикчидад  суурь нь балетийн дасгалууд ордог болохоор би дуртай зөвшөөрсөн. Тэр сургуульд  би 9 жил ажиллаад Кино урлагийн дээд сургуульд ирж  сонгодог ,үндэсний,  олон ардын болон түүхэн бүжгийн хичээл зааж  10 гаруй  жил  багшилж байна. Энэ олон жилийн хугацаанд  цэцэрлэгийн хүүхдүүд, дунд сургуулийн  сурагчидад хүртэл олон удаа бүжиг зааж,  дэглэж,  найруулж хот дүүргийн уралдаан тэмцээнд орж олон удаа тэргүүн,  дэд байрны шагнал авч байлаа. Миний хичээл заасан олон жүжигчид, найруулагч, дууны найруулагчид хот хөдөөгийн  мэргэжлийн урлагийн байгууллагууд, хошин урлагийн продакшн, телевизүүдэд  амжилттай ажиллаж байна. Зарим нь студи хүртэл байгуулчихсан явна . Нэг удаа амралтанд амарч байгаад хүмүүстэй телевиз үзэж суутал кино гарсан чинь нэг шавь маань гол дүрд нь тоглож байв. Суваг сольтол реклам гартал миний шавь гарахаар   сэтгэл хөдлөөд энэ миний шавь, энэ бас миний шавь гээд хэд хэдэн удаа хэлтэл зарим нэг хүн гайхсан харцаар хараад дурамжхан байхаар нь санаа зовоод гараад явчихсан. Багш хүн шавь нараараа их бахархдаг юм байна. Өнөө кинон дээр гардаг шиг тэр манайх, энэ манайх гэдэг болчихдог юм байна.

-  Таныг балетийн  урлаг сонирхдог олон үзэгчид гавьяат  гэж боддог юм билээ. Дотоодод төгссөн гэдгээрээ гадуурхагдаж байсан юм болов уу гэсэн хар зарим хүнд байдаг бололтой.

- Би бол тэгэж бодохгүй байна. Миний хувьд хавчигдсан  юм ердөө  байхгүй. Шагнал урамшуулал авсангүй гэж хэзээ ч  гомдоллож байсангүй. Хийх ёстой ажлаа хийгээд л явж байсан. Би бүх эрэгтэй гоцлоочтой бүжиглэсэн. Дараагийн залуу үе маань ч эх орныхоо нэрийг гаргаад явж байна. Манай ХБК-ийг чадвартай сайн бүжигчид төгсч гадны нэр хүндтэй театруудад уригдаж ажиллаж байгаа хараад бид их бахархдаг. Цаг үе өөр болж. Бидний үед гадагшаа гарч ажиллах боломж байсангүй. Сүүлийн үед залуучууд  маань Балетийн холбоо байгуулж их ажил санаачилан ажиллаж  байгаад ахмад бүжигчид бид их баяртай байгаа. Залуус маань намайг их дэмжиж  тусалдаг. Энэ  нь шиг том хүндлэл  гэж хаа  байхав.

-МУСТА цолны нэр хүнд уначихсан болохоор та нар шиг жинхэнэ авьяастнууд тэмдгээ ч зүүх дургүй, ичдэг  болсон гэж ярьдаг. Театр, чуулгын хашаа цэвэрлэгч хүртэл СТА болчихсон тэмдгийг нь  зүүж яваа харагддаг. Энэ талаар ямар бодолтой  явдаг вэ?

-Энэ шагнал бол цэвэр уран бүтээлчдийн шагнал байх ёстой гэдэгтэй  би санал нийлдэг. Хэдийгээр театрт олон ажилласан цэвэрлэгч ч юм уу бусад үйлчилгээний ажилчидад  хөдөлмөрийг нь  үнэлж  "Үйлчилгээний шилдэг ажилтан”  ч гэх юм уу өөр шагнал байх ёстой гэж боддог. Ялгаа байх ёстой. Энэ хүмүүсийн зүтгэлийг заавал үнэлэх ёстой. Тэрнээс жүжигчин, дуучин, бүжигчинтэй адилхан шагнал өгч болохгүй, олон талаараа ялгаатай хөдөлмөр шүү дээ. Театрт байхдаа би бүхий л шагнал, гол дүрийг авдаг байсан. Соёлын тэргүүний ажилтан цол чинь бидний үед маш хүндтэй, ховорхон шагнадаг, үнэ цэнэтэй шагнал байлаа. Би 17 жил бүжиглээд энэ цолыг хүртсэн.Тэгээд   21 жил ажиллаад  хуулийн дагуу тэтгэвэртээ гарсан. Төр засгаас миний балетийн урлагт оруулсан хөдөлмөрийг үнэлээгүй биш үнэлсэн. Хошой Алтан гадас одонгоор  шагнасан. Хүн шагнал авах гэж  ажиллаж  хөдөлмөрлөдөггүй. Хүссэн мэргэжлээ эзэмшиж, дуртай ажлаа хийх шиг аз жаргал хүнд байхгүй. Мэдээж  олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэх сайхан. Урам зориг орно, ажиллах эрч хүч улам нэмэгдэнэ. Мэргэжилээ сайн эзэмшвэл хүн бүх насаараа хоолтой явна. Маш  өндөр диктатуртай олон жил ажилласан болохоор ядарч цуцахыг мэдэхгүй л явна. Ажлаа л хийж байвал би жаргалтай явдаг. Миний хувьд урлагт тасралтгүй 46 дахь жилдээ ажиллаж байна. Цаашдаа ч  ажиллана гэж боддог. Намайг урлагтаа тэр дундаа ирээдүйн урлагийн зүтгэлтнүүдэд багшлах боломж олгосон  Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн хамт олон болон Ерөнхий  захирал Солонго, Сургалтын албаны дарга Мөнхжаргал нартаа их баярлаж явдаг.  Намайг ойлгож, туслаж дэмждэг бүх хүмүүст баярлаж  талархаж явдгаа дамжуулъя. Эвсэг сайхан хамт олон хүнд маш их түшиг тулгуур болж, сэтгэлийн дэм  өгдөг болохоор энэ сайхан хамт олонтой учирсандаа би баярлаж явдаг.

Ярилцсанд баярлалаа. Н.УДВАЛ 

скачать dle 12.0

Санал болгох