Т.Дэлгэрмөрөн: Би шагналыг гуйж биш, гуядаж авна. Яг Лео шиг

🕔 2016/05/03 17:32

Дуучин, СТА Т.Дэлгэрмөрөнтэй уулзан, ярилцлага авахаар "болзов”. Гэхдээ цаг зав муутай байгаагаа учирласан тэрбээр шивээс хийлгэх үеэрээ надтай ярилцахаар тохирсон юм. Товлосон цагаасаа жаахан түрүүлээд очоод "Matrix” салоны хүлээлгийн хэсэгт сууж байтал Т.Дэлгэрмөрөн охин Зөөлөнсийтэйгээ хамт ирэв. "Аан нөгөө сэтгүүлч үү. Нааш ир” гэсээр шивээс хийлгэх өрөө тийш зүглэлээ.

Шулуун шударга яриатай Дээгий "За ямар нэртэй сонин гэлээ. Юун тухай ярилцах юм. Улс төр, гэр бүлийн амьдрал руу хазайхгүй юм байгаа биз дээ. Намайг нус нулимстай минь хутгаад яах вэ. Тэртээ тэргүй надад хэцүү байна” хэмээснээр бид ярилцах зүйлээ тохирч авав. Тэрбээр "Засгийн газрын мэдээ хэмээх нэрээс нь эхлээд танай сонинд гүн хүндэтгэлтэй хандаж байгаа учир ярилцлага өгөхийг зөвшөөрлөө” гэснээр бидний яриа эхэлсэн юм.

-Та ямар шивээс хийлгэж байгаа юм бэ? 
-Шивээсний газар байгаагаа яривал нэлээд урт түүх болно. Сүлд хийморь гэдэг эртнээс улбаатай. Зүгээр нэг хүн бурхан урладаггүй байх. Би хоёр мөрөн дээрээ алтан соёмбо шивүүлнэ. Энэхүү алтан соёмбыг Өндөр гэгээн Занбазар монгол хүний төлөө урлаж, аравнайлсан. Ер нь монгол хүн бүрийн толгой дээр соёмбо заларч байдаг гэсэн утгаар 13 жилийн өмнө толгой дээрээ соёмбо шивүүлсэн.

Одоо л өөрийгөө дуучин болох нь дээ гэж бодож байгаа 

Харин одоо бурхан, чөтгөр хоёр суудаг мөрөн дээрээ төрийнхөө соёмбыг шивүүлэх гэж байна. Ингэхдээ цэргийн жанжны хамгийн дээд цол болох генералиссимус мөрдэс дотор соёмбоо шивүүлнэ. Магад хэзээ нэгэн өдөр хэн нэгнийг дуурайсан таван хошуу бус, төрийн алтан соёмбо цэрэг хүний мөрдэс дээр залрахыг үгүйсгэхгүй. Та бүхэн намайг соёмбоор өвчилсөн байна гэж битгий бодоорой. Яагаад гэвэл энэ бол миний багын хүсэл мөрөөдөл байсан юм.

-Бага насны мөрөөдлөө биелүүлж байгаа юм байна. Таны бага нас хаана өнгөрсөн бэ? 
-Би Хөвсгөл аймагт төрсөн. Гурван настайд маань манай гэр бүл Улаанбаатар хотод ирж суурьшсан. Манай аав, ээж хоёр хоёулаа монгол хэл, уран зохиолын багш. Тийм болохоор нэг үг, үсэг давхцуулахгүй ярьдаг маань ийм учиртай. Би доороо нэг дүүтэй. Дүү маань хэлгүй. Уг нь дүү маань ихэр төрсөн юм.

Гэвч тэр үед одоогийн гарч байгаа улаанбурхан шиг мененгит гэгч өвчнийг дүү нар маань тусч, тарианд хордон нэг нь бурхан болж, нөгөө нь хэлгүй болсон. Хүүхэд насныхаа тухай ярих гэж байгаад хадуурчих шиг боллоо. Ээж маань 13 дугаар сургуульд багшилж, аав хотын захиргаанд Хөдөлмөр нийгмийн хангамжийн хэлтэст ажилд орсон. Хотод нүүж ирсэн айлын амьдрал бусдын л адил гэр хороолол, хөлсний өрөөнөөс эхэлдэг. Манайх ч энэ жишгээр л явсан.

Ер нь манайх Улаанбаатар хотын бүх дүүрэгт шилжин амьдарсан гэхэд хилсдэхгүй. Харин улсаас гурван өрөө байраар шагнасан. Анх хотод ирээд 13 дугаар сургуульд орсон. Шинэ гэр маань 13 дугаар хороололд байдаг учир дараа нь 84 дүгээр сургууль руу шилжлээ. Сонирхолтой нь надтай дандаа л 13-ын тоо хамт явж байдаг. Миний гэргий наймдугаар сарын 13-нд төрсөн, анхны сургууль 13, миний амьдарч байгаа газар 13 дугаар хороолол гээд л.

Дуусан дуустлаа дууны амьдралаас хөндийрөхгүй 

-Сонсоход нээрээ л тийм байна шүү. 13 дугаар хорооллын Дээгийгийн бага нас яаж өнгөрөв? 
-Одоо бодоход хүүхэд нас маань автобусны буудлын нэг эцсээс нөгөө эцсийн хооронд өнгөрсөн байгаа юм. Нэг, хоёрдугаар ангидаа 13 дугаар хорооллын эцсийн буудлаас гуравдугаар хорооллын эцсийн буудал хүртэл явдаг байлаа. Тэр үед автобуснууд зарлагчтай байсан юм.

Хүүхэд байхдаа сургуулиас гэр, гэрээс сургууль орохдоо автобусны буудлын зарлагчийн ажлыг хийдэг байсан маань санаанд тод үлджээ. Би 38 настай. Одоо хүртэл миний цээжинд автобусны буудал бүрийн нэр байдаг. Хичээл сурлагын хувьд математик, монгол хэл, уран зохиолдоо сайн хүүхэд байлаа. Харин урлаг, соёлын ажилд тэргүүн эгнээнд гарна шүү.

Ямар сайндаа л одоогийн "үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэх тухай яриа анх гарахад би хамгийн түрүүнд гараа өргөж байсан. Орой нь ангийнхандаа хоол хийж өгөхөөр болсноо аав, ээжид хэлэхэд загнуулсан. Тэр үед 30 гаруй хүүхдэд гэнэт хоол хийж өгнө гэхээр гайхахаас өөр аргагүй. Миний энэ цовоо сэргэлэн зан байдал одоо ч гэсэн хэвээрээ.

-Аав, ээж хоёр нь багш атал та яагаад урлагийн хүн болсон бэ? 
-Ээж маань өнгөрсөн жил элэгний хорт хавдраар бурхан болсон. Аав маань одоо дүүгийн хүүхдүүдийг хичээл номд нь хүргэж өгөөд, өвөөгийн ажлаа хийж байна. Харин би охинтойгоо энэ хорвоог туулж явна. Урлаг гэдэг мэдрэмж юм. Мэдрэмж өндөртэй хүний хийдэг ажил. Мэдрэмжгүй хүмүүс хүсээд ч чадахгүй. Хүнд бурхнаас заяасан авьяас гэж бий. Харин тийм авьяасгүй бол мянга орилоод ч дуулж чадахгүй шүү дээ.

Гэтэл хэчнээн цаг дуулаад ч хоолой нь сөөдөггүй авьяас байна. Тэгэхээр монгол хэл, уран зохиолыг мэдрэмжтэй хүмүүс хийнэ биз. Уран зохиол бол үлгэр домог, түүх, роман, туульс. Энэ дундаас хөглөгдөнө гэдэг авьяасаас ургаж гарч ирсэн байх учиртай. Үүнийг түгээн дэлгэрүүлээсэй гэж нэрийг маань оноосон гэж би хувьдаа боддог. 20 гаруй жил дууны урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Би жинхэнэ уран бүтээлч хүмүүст хайртай.

Жишээлбэл, та нар "Харанга”-ын Лхагвасүрэнгийн цайны газар, Сарантуяагийн гоо сайхны салон гэж сонссон уу. Хаанаас ч хайгаад олохгүй. Тэр хүмүүс уран бүтээлч учраас урлагийн төлөө л зүтгэж байгаа үнэнч албатууд. Мэдээж надад ард түмэн хайртай байгаагийн шалтгаан "Номин талст” хамтлагтай салшгүй холбоотой. Юугаа ч мэдэхгүй 84 дүгээр сургуулийн хэдэн залуус нэгдэж, урлагт дурлаж энэ ажлыг эхлүүлсэн.

Эцэстээ бид 20 гаруй жил үерхэж нөхөрлөлөө. Монголын тоотой хэдэн хамтлагийн чанартай нь "Номин талст” мөнөөсөө мөн. Хамтлагт ороод хүмүүсийн хайрыг татаад, хүндлэгдээд ирэхээр хүн өөрөө их том ачаа үүрч эхэлдэг юм билээ. Олны өмнө биеэ зөв авч явахаас эхлээд хааяа өөрийн дураар ч байж болохгүй үе гардаг. Энэ бүхний цаана дуу хуур хүнийг хөглөж, дурсамж биднийг тэжээж байдаг. Бурхныг баярлуулж байдаг гурван үйлийн нэг нь дуу хуур. Энэ үйлийг хийж байгаа нь дуучид. Миний амьдрал урлагтай салшгүй холбоотой. Дуучин хүний амьдралаас би дуусан дуустлаа хөндийрөхгүй, цааш зүтгэх болно.

-Анхны тайз хаана, хэзээ байв. Дуучин хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? 
-1997 онд Соёлын төв өргөө. Энэ өргөөгөөр дамжаагүй дуучин хүн байхгүй. Дуучин бүхэн тайзаа хайрлаж, хүндэлдэг. Улаанбаатарын дуучдыг дуучин гэхгүй. Яагаад гэвэл Увс, Ховд, Хэнтий, Сүхбаатарынхан таньдаггүй.

Жинхэнэ дуучин бол эх орон даяар танигдсан, хаа ч очсон мэддэг хүнийг хэлнэ. Одоогийн дуучин нэртэй залууст зориг, итгэл, зүтгэл алга. Ер нь дууг дуулж үзүүлэх биш, дуулж өгдөг юм. Яг л эртээ урьдын цагт хэмээн үлгэр ярьж байгаа юм шиг. 20 жилийн хугацаанд дуулахдаа одоо л өөрийгөө дуучин болох нь дээ гэж бодож байгаа шүү.

-Өнөөгийн Дэлгэрмөрөн болж төлөвшихөд хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ? 
-Гэр бүлийн суурь хүмүүжил. Манай гэр бүлийн хүмүүжил, төлөвшил арван жилийн сургалтын системээр явсан. Ээж маань 30 гаруй, аав маань 26 жил багшилсан. Тэр гэр бүлийн хайр одоогийн Дэлгэрмөрөнг бий болгосон. Мэдээж урлаг тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Мэргэжил, боловсролыг ялгаж ойлгох хэрэгтэй.

Боловсролыг эхээс төрсөн цагаасаа эцсийн цэгт очих хүртлээ сурна. Харин амьдралд зайлшгүй хэрэгцээтэй зүйл нь мэргэжил юм. Надаас гарч ирсэн боловсрол нь гэр бүлийн хүмүүжил. Харин мэргэжил нь дуулах урлаг. Мэргэжил гэдэг зүгээр л ажил шүү дээ.

-Тэгвэл ном их уншдаг байх нь. Одоо яг ямар ном уншиж байгаа вэ? 
-Би түүхэн сэдэвтэй номунших дуртай. Галдан бошигтоос эхлээд Чингис хааны тухай номнуудад хайртай. Яагаад гэвэл уншихдаа дотор нь яваад орчихдог юм. Сүүлд гаргасан олон зохиолчийн эмхтгэл "Хаан цадиг” цуврал номыг одоо уншиж байна.

Ёстой гоё байгаа. Үнэхээр сайхан сор бүтээлүүдийг амтлан амтлан уншиж байна. Ер нь Их эзэн хаантай нэг дор амьдарч байсан юм шиг ярьдаг хүмүүст би таатай ханддаггүй. Харин тийм байсан бол ямар вэ гэсэн төсөөлөл намайг уяраадаг. Үүнийг л романс гэх байх.

-Таны урын сан арвин их биз? 
-200 гаруй дуу, 10 гаруй концерт, 15 CD-тэйн дээр Монгол эх орноо болон дэлхийг тойрсон хэд хэдэн тоглолттой хүн дээ. Монгол хүн анх удаа Азийн 16 дугаар их олимпийг хааж дуулсан түүхэн амжилт гаргасан. Төр нь мартсан ч түүх нь мартдаггүй энэ хорвоогийн эзэн нь би байна.

Залхаж байна. "Номин талст”-ын цаг хугацаа дууссан

Өнөөдрийн хүүхдүүдийн энгэрт байгаа "Алтангадас” одон хэний энгэрт байх ёстой вэ. 20 жил эх орныхоо төлөө зүтгэж, дөрвөн Ерөнхийлөгч, зургаан УИХ-ын сонгуульд дуулаад СТА цолтой хэвээрээ л байна. Гомдвол гомдмоор ш дээ. Гэхдээ би гуйж биш, гуядаж авах болно. Яг Леонардо Ди Каприо шиг.

-Одоо та ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ? 
-Одоо ах нь "Хийморь” гэдэг цомог дээр ажиллаж байна. Ямар ч монгол хүнээс хийморь гэж юу вэ хэмээн асуухад миний амыг таглатал мэдэж байгаа атлаа мэдэрч байгаа юм ер нь алга. Мэдэх, мэдрэх хоёрын дунд том орон зай, ялгаа бий шүү. Үүнийг ойлгуулахын тулд "Хийморь” цомгийг бүтээж байна. Цомгийн бүх дууг "Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр зохиосон. Бид хоёрын хамтын бүтээл гэж ойлгож болно. Наадмаар цомгоо гаргахаар бэлтгэж байна. Цомгийн ажил бол дууссан.

-Таныхаар хийморь гэж юу вэ? 
-Хийморь гэдэг мөнх орших оюун ухааны сүүүдэр.

-Та саяхан өөрийн цахим сүлжээнд хамтлагаасаа гарах болсноо зарласан. Энэ олон жилийн нөхөрлөлөө ингээд дуусгачих хэрэг үү? 
-Ямарваа нэг зүйл цаг хугацаатай байх ёстой. Залхаж байна. "Номин талст”-ын цаг хугацаа дууссан. Уран бүтээлч хүн цаг нартай уралдаж бүтээлээ туурвидаг болохоос биш хэзээ, хаана яваа нь мэдэгдэхгүй алга болчихоод гэнэт гарч ирээд тэдэн жилийн ой гэж хийрхдэггүй юм. Би ийм ичмээр зүйлээс үнэндээ залхсан. Энэ тухай ч яримааргүй байна.

-Хамтлагийнхан чинь гадаадад аялан тоглолт хийгээд ирэхдээ охинд тань атга чихэр ч авчраагүй болохоор таныг гомдсондоо хамтлагаасаа гарсан гэж байсан. Яг ямар асуудал үүссэн юм бэ. Хамтлагаараа аялан тоглолт хийх байсан ч зөвхөн таны виз гараагүй юм уу? 
-Эрчүүд бид бүсгүйчүүд шиг өөр хоорондоо туниад байдаггүй. Гэхдээ яахав шар хөдөлсөн нь үнэн. Би хамтлагтаа биш, АНУ-ын ЭСЯ-нд дургүй хүрсэн. Би цагдаа сэргийлэхийн "албанд” очиж, хэрэг түвэгт орооцолдож байсан. Эр алдаж, эрэг нурдаг хорвоо. Ийм зүйлд хутгалдаж байсан болохоор визийг маань гаргаагүй юм билээ.

20 жил хамтдаа байсан бидний нөхөрлөл ингээд дууссан. Миний хоёр найз хол газрыг зорьж, олон түмэнтэй уулзаж, тоглолтоос тоглолтын хооронд явсаар маш их ядарч ирсэн байх. Би ойлгож байгаа. Ард нь үлдэхдээ захыг нь мушгиж суусан. Хэрэв тэр хоёр миний оронд байсан бол би хүн чанартай байж, дэндүү хүндэтгэлтэй хандах байсан. Хамтлагаа муулахгүй ээ. Миний хоёр найз ядарсан байх л даа. Гэхдээ л.

-Нөхөрлөл гэдэг таныхаар ямар байх ёстой вэ?
-Амьдралаас олж авсан хамгийн үнэтэй зүйлийг хэлнэ. Юугаар ч нөхөж болохгүй, хаяж гээж болдоггүй, жинхэнэ хайр, гал, дөл, гол, эрэг шиг байхыг хэлдэг. Амьдралд жаргал, зовлон тохиолдоход миний сайн найзууд хорвоо уужим гэдгийг мэдрүүлдэг. Орчлонгоос олж авсан хамгийн үнэтэй зүйл найз нөхөд, нөхөрлөл юм.

-Та хэрэг түвэгт орооцолдож байсан гэлээ. Ийм үед юу бодож, юуг ухаардаг вэ? 
-Эр хүн бүрт л нударга зөрүүлэх асуудал гардаг. Тэгээд л алдсан. Эрх чөлөөгөө алдаж, энэлж шаналахын цагт ээж, аав, эхнэр хүүхдээс өөр хэн ч зовдоггүй юм байна гэдгийг ойлгосон, мэдэрсэн.

-Та нэлээн үндсэрхэг үзэлтэй хүн шиг санагддаг. Одоогийн нийгэм ямар байна вэ? 
-Би үндсэрхэг үзэлтэй биш. Үндсэрхэг үзэл гэж Сталин, Гитлер, "Хар сарнай” хамтлагийн Амраа гурвыг нэрлэж болно. Үндэсний үзэлтэн гэж намайг хэлнэ. Монгол хүний яс, мах, цусанд энэ үзэл бий.

Ноорхой хувцастай хүний өмнүүр нэг хятад хүн өнгөрөхөд л "Хогийн муу хужаа” гэдэг биз дээ. Одоогийн нийгэм хүндхэн л байна. Хүн нь хөгжихгүй байж энэ олон өндөр байшин барилгаар яах юм бэ. Иргэн баян бол улс баян гэдэг. Надад одоо улстөр маш их сонирхолтой санагдаж байгаа. Ард түмэн дундаас сонгогдож, өөрийгөө золин төрд зүтгэнэ гэдэг сонирхолтой асуудал шүү.

-Та хэзээнээс бурхны шашныг шүтэх болов? 
-Ах нь ээжийгээ тэнгэрийн орон руу явуулчихаад удаагүй байтал эхнэрийгээ бас алдчихсан. Энэ үнэхээр хүсээгүй, хэзээ ч хүсэмгүй хагацал байлаа. Зовлонгийн дээд нь хагацал байдаг юм байна гэдгийг яс махандаа тултал ойлгосон. Энэ үед надад очоогүй газар, мөргөөгүй хүн гэж байгаагүй. Манай гэр бүлийн төлөө үнэн худал нь мэдэгдэхгүй жүжиглэсэн бүх хүнийг би хайрласан, хүндэлсэн, дээдэлсэн. Гэхдээ бурхантай хамгийн ойр очсон нь шашин байсан. Одоо надад итгэж сүсэглээд байх өөр зүйл байхгүй болсон.

-Та нэлээд хүнд цаг үеийг туулж өнгөрөөлөө. Одоо амьдрал ямар байна? 
-Одоо л дэлхий дээр буцаж ирж байна. Одоо л амьдрал юу билээ, ийм гэгээлэг бил үү гэдгийг олж харж байна. Зовлон үзсэн хүн л хүний зовлонг ойлгодог. Гэхдээ одоо бүх зүйлийг гэгээнээр харахыг хичээж байгаа. Толгой тархиндаа энэ бодлыг суулгаж байна.

Үгүй бол араас нь явах бодол одоо ч хүртэл төрдөг. Охин маань байна. Түүнийг би дэлхийн од болгоно гэсэн тангараг өргөсөн. Монгол Улсын нэг ч дууг дэлхий мэдэхгүй шүү дээ. Ийм улс байж яах юм. Үгийг нь мэдэхгүй ч аялж байдаг дуу байдаг даа, ард түмэнд. Дэлхий даяар "Ганнам стайл”-ыг яаж дуурайв. Манай уртын дуу, хөөмийг дэлхийгээр нэг дүүргэх хэрэгтэй байна.

-Та охиноо өөр шигээ дуучин болгох юм уу? 
-Тэгнэ. Охиноо Хөгжим бүжгийн коллежид сургаж байгаа. Миний охин саяхан дэлхийн 58 орны хүүхдүүдээс тэргүүлж, АНУ-ын Нью-Йорк хотын Карнеги Холл гэдэг дэлхийн театрт тоглоод ирсэн. Миний урлаг, миний амьдрал үргэлжилж байгаа биз.

-Охин тань том болж байна. Таниас ээжийгээ асуудаг уу? 
-Үнэхээр хэцүү. Энэ үед нэг л зүйлийг аймар ойлгож, ухаарч байна. Эмэгтэй хүний хөлс, хүч хөдөлмөр ямар их юм бэ гэдгийг. Ээж хүний үнэлэгдэж чадахгүй байгаа хайр ямар агуу юм бэ гэдгийг. Түүний надаас асуусан хамгийн аймар асуулт нь "Та яагаад оронд нь байж болоогүй гэж”. Тэр үед өөрийн эрхгүй нүдэнд минь нулимс хурсан.

Гэхдээ аав нь байх нь илүү дээр. Би илүү зүйл яримааргүй байна. Гэхдээ би охиндоо хариултыг нь хэлээгүй байгаа. Хэзээ нэгэн цагт хэлнэ. Намайг энэ үгээрээ аймар гомдоосон. Ээж бол ээж л байдаг. Эмэгтэй хүн бүх юмны эхлэл, үндэс юм билээ.

Зовлонгийн дээд нь хагацал байдгийг яс махандаа тултал ойлгосон

-Та өнгөрсөн бүхэнд харамсдаг уу. Үйлийн үрд итгэдэг үү? 
-Харамсдаггүй. Би харамсахаар юм хийж байгаагүй. Үйлийн үр байх ёстой. Монгол хүн сүсэгтэй биш сүжигтэй байдаг.

-Цаашдын амьдралаа хэрхэн төлөвлөж байна вэ? 
-Гэр бүлийн талаар асууж байна уу. Гэр бүл зохиох талаар ойлголт алга. Ах нь хүний мөн чанарт итгэдэг болсон. Гэхдээ хүний заяа тавиланд хэзээ ч итгэхгүй. Түүнийг бурхан мэднэ.

Өнөөдөр байсан хүн маргааш нь байхгүй болчихдог хорвоо юм байна. Үүнийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдэрлээ. Гэхдээ мэдээж үр хүүхдээ энэ хорвоо дээр өнчин өрөөсөн үлдээхгүйг эрмэлзэх болно. Зөөлөнс маань дүүтэй байх ёстой. Би мөрөөддөг шүү дээ. Зөөсийг эмгэн болно гэж. Гэтэл очоод золгох хүн байхгүй бол яах вэ.

-Ярилцсанд баярлалаа. 

Б.Бямбасүрэн

скачать dle 12.0

Санал болгох