“Тогоруу ба ус намгархаг газар” сургалтад Архангай аймгийн 6 сургуулийн сурагчид оролцлоо
Орхон чулуут голын сав газрын захиргаа Залуу байгальч хөтөлбөрийн хүрээнд “Тогоруу ба ус намгархаг газар” сургалтыг олон улсад ач холбогдол бүхий Рамсарын конвенцод нэгдэн орсон Өгий нуурын ус намгархаг газарт амжилттай зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд Ус намгархаг газар, ус намгархаг газрын ургамал, шувуу, загас, шавж болон гар далавчтаны тухай 7 үндсэн сэдвийн хүрээнд 5 сургагч багш 2 өдрийн туршид лекц, дадлага ажил хосолсон сонирхолтой хичээлүүдийг бэлтгэн заав.
Ус намгархаг газрын ач холбогдлыг зөвхөн усны шувууд, загасны амьдрах орчныг тэтгэдэг гэдгээр төсөөлдөг байсан сурагчид биологийн олон янз байдлын баялаг систем, дэлхийн уур амьсгал болон хүний нийгэм, эдийн засагт үзүүлэх ач холбогдлын тухай илүү ихээр таньж мэдсэнээрээ онцлогтой.
Сурагчид цаашид ус намгархаг газрын ач холбогдлыг гэр бүл, найз нөхөд, ангийн хамт олондоо таниулахын сацуу өөрсдөө хэрхэн гар бие оролцож үр дүнтэй хамгаалах ярилцлаа.
Сургалтыг ЗАСХТ-ийн ахлах шувуу судлаач Д. Батмөнх, экологич Ч. Баярмаа , Өгий нуурын МСТ-ийн мэргэжилтэн Ч Эрдэнэтуяа, Mammal Research Group of the north France, Vincent Cohez, МУИС-ийн Экологийн хөтөлбөрийн оюутан Г. Ган-Очир нар удирдан явуулав гэж БОАЖЯ-наас мэдээллээ.