Хөвсгөл нуурт живсэн ЗУРГААН тээврийн хэрэгслийг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагааг энэ оны зургадугаар сараас эхлэн зохион байгуулан ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх газар орон дээр нь ажиллаж, татан гаргах ажиллагаанд оролцож байгаа алба хаагчдад баяр хүргэж, амжилт хүслээ.
Татан гаргах ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ЗХЖШ, ОБЕГ, ШУТИС, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн ОБГ, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Ар талын 115, Агаараас эрэн хайх, аврах 111, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангиудын алба хаагчид томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Татан гаргах ажиллагаанд ашиглагдах фермийг дэд ажлын хэсгийн эрдэмтэд, зөвлөх инженерүүд зохион бүтээж өөрсдөө хийсэн бөгөөд эрдэмтэн, судлаач болон цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгааанд үндэслэн боловсруулсан бодлого-төлөвлөгөө, технологийн картын дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн 6 техник хэрэгслийг татан гаргалаа.
