Интернэтийг хоёр цаг ба түүнээс дээш хугацаанд хэрэглэх нь сэтгэл гутралд өртөх магадлалыг 80% нэмэгдүүлдэг

🕔 2023/07/24 15:29
“Дэлгэцийн хэрэглээ ба хамаарал” сэдвийн хүрээнд Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (СЭМҮТ)-ийн сэтгэл засалч, эмч О.Батчимэгийн өгсөн зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна. 
Өнгөрсөн оны байдлаар интернэт хэрэглэгчдийн тоо 5.3 тэрбумд хүрчээ. Энэ нь дэлхийн нийт хүн ам буюу найман тэрбум орчим хүнтэй харьцуулахад өндөр үзүүлэлт байгаа юм.
Интернэт эсвэл дэлгэцийг байнга хэрэглэх нь олон сөрөг үр дагаврыг бий болгодог. Тухайлбал амьдралын хэмнэл алдагдах, зарим үүрэг хариуцлагыг үл тоох зэргээр өөрийгөө хянах чадваргүй болж, түүнээсээ хамааралтай болох нь сэтгэцийн эмгэг гэдгийг тэрбээр хэллээ. 
"Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд" аяны хүрээнд түүний хүргэсэн мэдээллийг танилцуулж байна. 


Интернэт хэрэглэгчдийн тоо жил бүр өсөж байгаа. Тодруулбал 2001 оноос хойш 2022 он гэхэд нийт интернэт хэрэглэгчдийн тоо 1,000 хувиар өссөн. Дэлхий дахинд дэгдсэн цар тахалтай холбоотойгоор интернэт болон дэлгэцийн хэрэглээ өндөр болсон үзүүлэлтүүд сүүлийн үеийн судалгаагаар харагдаж байгаа юм.
Сонирхолтой судалгаа дурдахад залуучуудын 56 хувь нь сошиал медиаг ажил дээрээ хэрэглэдэг бол 44 хувь нь ресторанд буюу хоол идэх үедээ ашигладаг байна. Мөн 40 хувь нь угаалгын өрөөнд интернэт түлхүү ашигладаг гэсэн тооцоолол гарчээ.
Дэлгэцийн донтолт нь хэд хэдэн бүлэгт хуваагддаг. Тодруулбал
  • Текстийн донтолт (твиттер эсвэл хүмүүсийн сэтгэгдэл унших)
  • Ухаалаг утасны донтолт, медиа донтолт (зурагт болон видео үзэх)
  • Видео тоглоомын донтолт (PC буюу онлайн тоглоом)
  • Онлайн мөрийтэй тоглоомын донтолт
  • Нийгмийн сүлжээний донтолт (фэйсбүүк, инстаграм, твиттер)
Мөн сүүлийн жилүүдэд онлайн сексийн донтолт нэмэгдэж буй нь сэтгэл зүйчдийн анхаарлыг татсаар байгаа юм. Канадад хийгдсэн нэгэн судалгаагаар нэг секунд тутам 11 интернэт хэрэглэгч шинээр нэмэгддэг гэсэн тоо гарчээ. 
АНУ-ын судалгаагаар дэлхий дахинаа өдөрт нэг хүн дунджаар зургаан цагийг интернэт хэрэглээнд зарцуулж байна. Энэ дундаас Америкийн насанд хүрэгчдийн 77 хувь нь өдөр бүр интернэт ашигладаг гэсэн хариултыг хэлсэн аж. 

Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд интернэтийн хэрэглээ нь хор нөлөөтэйг хэд хэдэн судалгаагаар илрүүлсэн байдаг. Өдөрт таван цагийг цахим хэрэглээнд зарцуулдаг өсвөр үеийнхэн нэг цаг зарцуулсантай харьцуулахад амиа хорлох эрсдэл өндөр.
  • Тав болон түүнээс дээш цаг цахим хэрэглээнд өдрийг зарцуулдаг хүмүүсийн амиа хорлох эрсдэл 71 хувьтай гарчээ. Мөн 50 гаруй хувьд нь нойрны хямрал тохиолдоно гэсэн судалгаа гарсан байдаг.
  • Өдөрт таван цагийг цахим хэрэглээнд зарцуулдаг өсвөр үеийнхэн нэг цаг зарцуулсантай харьцуулахад долоон цагаас бага унтдаг болох магадлалтай.
  • Багш нарын үзэж байгаагаар интернэт, дэлгэцийн хэрэглээтэй холбоотойгоор хүүхдүүдийн сэтгэл хөдлөл 90 гаруй хувиар өөрчлөгдөж байна гэсэн хариултыг өгсөн.
Дээрх тоо нь Монголд ямар байгаа үзүүлэлтийг авч үзье.
СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникт 2015-2019 оны хооронд цахим тоглоомд донтох эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлсэн 192 хүүхдийн 96.4 хувь нь эрэгтэй хүүхэд байна.
Дэлгэцийн донтолт үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсэд гэр бүлийн хүмүүжил, эрх дураараа байх, гэр бүлийн харилцаа алдагдах, эсвэл гэр бүл нь үл хайхрах буюу хараа хяналтгүй хүүхдүүдэд дэлгэцийн донтолтын шинж тэмдэг түлхүү илэрч байсан.
Тэгвэл өдөрт хэдэн цагийг дэлгэцийн хэрэглээнд зарцуулж болох вэ гэх асуулт гарч ирнэ.
  • 3-6 настай хүүхэд 1-1.5 цаг хамгийн дээд тал
  • 6-12 насныхан 1.5-2 цаг
  • 13-18 настай хүүхэд 2-2.5 цаг
  • Насанд хүрэгчид хамгийн дээд талдаа өдөрт гурван цагийг ашиглах ёстой. Хэрэв ажлын шаардлагаар илүү хэрэглэх бол нэг цаг тутам амарч байхыг зөвлөе.
Интернэтийг хоёр цаг ба түүнээс дээш хугацаагаар хэрэглэх нь сэтгэл гутралд өртөх магадлалыг 80 хувиар нэмэгдүүлдэг.
Мөн "Дэлгэцийн донтолт үүсэхэд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйлс бий. Тодруулбал сэтгэл зүй, биологи, нийгмийн хүчин зүйлсийг хамруулж үздэг.
Биологийн хүчин зүйлс талаас авч үзвэл хүүхэд аливаа зүйлд илүү амархан дасдаг шигээ амархан уйддаг. Хүүхдийн энэхүү сониуч зан үйлдлийг нь буруугаар ашиглавал тэд дэлгэцэнд донтох магадлалтай гэж үзнэ. Мөн тархины гэмтэлтэй болох эрсдэл бий. 
Сэтгэл зүйн хүчин зүйлээс тайлбарлавал өөртөө итгэлгүй, харилцааны асуудалтай хүмүүс дэлгэцэнд донтох магадлалтай гэж үздэг. Мөн ганцаардсан, сэтгэл түгшсэн, айсан үедээ хүмүүс тухайн мэдрэмжээ дарахын тулд хэрэглэх тохиолдол их байдаг. Эдгээр сөрөг хүчин зүйлийг аль болох бууруулах ёстой" хэмээн сэтгэл засалч, эмч О.Батчимэг хэлсэн юм.
Дэлгэцэнд донтох эмгэг эмчлэгдэх боломжтой. Гэхдээ тухайн хүн хэр зэрэг донтсоноос хамаараад шаардагдах эмчилгээний хугацаа хүн бүрд харилцан адилгүй. Хэн нэгэн нэг өдрийн дотор донтогч болдоггүй бөгөөд аажмаар үүсдэг гэдгийг нэмж хэлэв.
зураг
 
 зурагскачать dle 12.0

Санал болгох