Үндэсний судалгаа: Иргэдийн 55 хувь нь сэтгэл түгших эмгэгтэй
Сэтгэцийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг хэлэлцэж, ойрын ирээдүйд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хамтарсан зөвлөмж, дүгнэлтийг тодорхойлох Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний чуулган боллоо. Чуулганд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим, орон нутгийн төлөөллөл, сэтгэл зүйч нар оролцсон юм. Чуулганаар “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” өнөөгийн байдал, Хүүхэд, өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлууд шийдвэрлэх арга зам, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, Монгол Улс дахь амиа хорлолтын нөхцөл байдал цаашид анхаарах зүйлс зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа.
СУДАЛГААНД ОРОЛЦСОН ХҮМҮҮСИЙН 62.2 ХУВЬ НЬ АРХАГ СУЛЬДЛЫН ХАМШИНЖТЭЙ БАЙНА
Манай улсад сэтгэцийн зонхилон тохиолдох эмгэгүүдийн тархалт 2013 оны судалгаагаар 18-64 насны хүмүүсийн дунд сэтгэл түгших эмгэг 18.4, нойрны эмгэг 17.5 ,архаг ядаргаа 16.2, тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа 11.9, архинд донтох эмгэг 6.4, сэтгэл гутрах эмгэг 6.2 хувийн тархалттай байна. Түүнчлэн COVID-19-ийн үеийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлын судалгаанд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сард 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 7019 хүнийг хамруулжээ.
Судалгаанд оролцсон хүмүүсийн 62.2 хувь нь архаг сульдлын хамшинжтэй, 55 хувь нь сэтгэл түгших хам шинжтэй, 48.5 хувь нь биеших эмгэгтэй, 39.6 сэтгэл гутрах хамшинжтэй гэсэн судалгаа гарсан байна. Үүнээс эмэгтэйчүүдэд архаг ядаргаа 66.8 , сэтгэл түгших хамшинж 60.4 , биеших эмгэг 54.6 зэрэг эрэгтэйчүүдээс илүү хувьтай илэрсэн байна.
Мөн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүн дотроос өсвөр насны хүүхдүүд, эрэгтэйчүүдийн амиа хорлолт их байгааг судалгаагаар гаргажээ. Тухайлбал, 2013 онд ЕБС-ийг түшиглэн хийсэн судалгаагаар 13-17 насныхан сүүлийн нэг жилийн дотор 23 хувь нь амиа хорлох талаар бодол үзсэн бол 9.3 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох бодолтой байдаг гэсэн судалгаа гарсан байна. Өсвөр насны хүүхдийн амиа хорлох шалтгаанд нийгмээс үзүүлж байгаа дарамтад орсон, сэтгэл гутрал түгшүүр, стрессээ даван туулж чадахгүй байх гэсэн хүчин зүйлүүд нөлөөлдөг. Тиймээс ЭМЯ-ны зүгээс сэтгэцийн эрүүл мэндийн зорилтот арга хэмжээний төлөвлөгөөг 2023-2026 онд хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөрийн хүрээнд цахим орчны хэрэглээ болон амиа хорлолтод сөргөөр нөлөөлж байгаа сургуулийн орчинг сайжруулах. Сэтгэцийн эрүүл мэндийг эмнэлэгт бус нийгэм хамт олны дунд нь тусламж үйлчилгээ үзүүлж асуудлыг шийдвэрлэх арга замаар ажиллах юм байна. Мөн эцэг эхчүүд хүүхдээ өндөр боловсролтой, гадаад хэлтэй болгохыг түрүүнд тавьдаг байна. Тиймээс хүүхдээ стрессээ даван туулах чадвартай, ямар ч үед өөрийгөө аваад явах чадвартай сэтгэлзүйн хувьд эрүүл зөв хүнийг төлөвшүүлэх нь чухал юм. Нийгмийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарахад салбар хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг чуулганд оролцсон ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд онцолж байлаа. Тэрбээр “2023 оноос хэрэгжүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн зорилтот арга хэмжээний төлөвлөгөөнд өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх асуудлыг түлхүү тусгана. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд сэтгэцийн эмчээс гадна салбар салбарын сэтгэлзүйчдийн оролцоо чухал. Бүх сургууль сэтгэлзүйч ажиллуулах шийдвэр гарсны дагуу сургуулиудад сэтгэлзүйч ажиллаж байна. Мөн БШУЯ, ЭМЯ-наас бүх сургуулиуд сэтгэл зүйн эмчтэй болох, цаашлаад олон хүнтэй харилцдаг хувийн болон төрийн өмчийн албан байгууллагууд сэтгэлзүйчтэй байх тал дээр ажиллаж байна” гэсэн юм.
“ХҮҮХДЭЭ ХЭТ ИХ ЭРХЛҮҮЛЭХ НЬ ДАСАН ЗОХИЦОХ ЧАДВАРГҮЙ БОЛГОДОГ”
Бага насандаа сэтгэлзүйн гэмтэл авах тусам насан туршид нь зан төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Хэвлийд байхдаа авсан сэтгэл зүйн гэмтэлүүд ухамсарлагдаагүй ирээдүйн асуудал болж илэрдэг гэдгийг сэтгэл засалч эмч Б.Эрдэнэбаатар хэлсэн юм. Тэрбээр “ Хүүхдээ хэт их эрхлүүлэх нь дасан зохицох чадваргүй болгодог. Нийгмийн амьдралд орохоороо тухайн хүн стрессд орох, стрессээ тайлах чадваргүй болдог. Гэр бүлийн хүмүүжлийн таван загвар бий. Үүнд өв тэгш бус дөрвөн тохиолдол байдаг. Тухайлбал, нэгдүгээрт бие махбод, сэтгэл зүйн хүчирхийлэл орно. Сэтгэл зүйн хүчирхийлэл гэхээр хүмүүс зэмлэх гэж ойлгодог. Гэвч үүнд хүүхдээ муулах, бусадтай харьцуулах орно. Харшилсан хүмүүжил гэдэгт аав ээж нь хүүхдээ хаттай хүмүүжүүлэх гэхэд өвөө эмээ нь урдуур нь орох. Эсвэл өглөө ээж нь өглөө хүүхдээ зодчихоод орой уучлаарай гэж сэтгэл зүйн тогтворгүй байдал үүсгэдэг. Энэ дөрвөн төрлийн загварын гэр бүлд өссөн хүмүүс ирээдүйд сэтгэлзүйн асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй болох эрсдэлтэй байдаг” гэсэн юм.
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУД МАНСУУРУУЛАХ СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИСЫН ТАЛААР ХАНГАЛТТАЙ ОЙЛГОЛТ МЭДЛЭГГҮЙ БАЙДАГ
Энэ үеэр ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрын мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Мандухай “Энэ оны найман сарын байдлаар 120 гаруй хэрэгт 140-өөд хүн холбогдон шалгагдсан. Насны хувьд нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг 15-35 насны иргэд эзэлсэн. Нийгмийн статус харгалзахгүйгээр энэ төрлийн гэмт хэрэгт холбогддог. Өсвөр насны хүүхэд залуучууд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын талаар хангалттай ойлголт мэдлэггүй. Мөн хяналтгүй цахим хэрэглээнээс болж өнгөц мэдээлэлд автах зэргээр мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх нөхцөл үүсэж байна. Хүүхдээ нэгэнт хэрэглэгч болсны буюу цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсний дараа эцэг эхчүүд мэддэг. Тиймээс бусад байгууллагуудтай хамтарч мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой борлуулагч нийлүүлэгчийн эсрэг тэмцэх, хэрэглэгчид очихоос өмнө хурааж авах үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх. Хүүхдээ мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн тохиолдолд оройтохоос нь мэдэх таних мэдлэгийг эцэг эхчүүдэд өгөх. Сургуулийн орчинд хүүхдийг хариуцаж байгаа сурган хүмүүжүүлэгчдийг мэддэг болгох тал дээр арга хэмжээ авах зэрэг урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Түүнчлэн 116 гэсэн тусгай дугаарыг ашиглалтад оруулсан. Үүгээр мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой, зөвлөгөө мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй өгөхөөр ажиллаж байна” гэсэн юм.
НОЙРНЫ ХЯМРАЛ ДААМЖРАХААР МЭДРЭЛИЙН ЯДАРГАА, СЭТГЭЛ ТҮГШИЛТ, СЭТГЭЛ ГУТРАЛ ҮҮСНЭ
Цар тахлын улмаас хөл хорио тогтоож, иргэд ажилгүй болох, бухимдах, нойргүй болох, архаг ядаргаа сэтгэл гутралд хүргэжээ.Мөн сэтгэл зүйн гутралаас үүдэж архидалт цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн байна. COVID-19-ийн үед амбулаторийн үзлэгийн тоо хоёр дахин нэмэгджээ. Мөн эмнэлэгт хандах хүүхдийн тоо өссөн гэж ЭМЯ-ны харьяа СЭМҮТ-ийн ерөнхий захирал В.Баярмаа хэллээ. Тиймээс COVID-19-ийн цар тахалтай холбоотой Монголд төдийгүй дэлхийн дахинд сэтгэцийн эрүүл мэнд яригддаг болсныг чуулганы үеэр онцолж байлаа.
Сэтгэл санааны хямрал асуудалд нас хүйс, боловсрол, эдийн засгийн байдал зэргээс харгалзахгүйгээр хэн ч өртөх боломжтой.
Тиймээс нийслэлд машины түгжрэл, агаарын бохирдол ажлын ачаалал ихтэй, мөнгө санхүүгийн асуудлаас үүдэж сэтгэлзүйн асуудалд өртөх эрсдэл их байдаг аж. Тиймээс сэтгэцийн хувьд эрүүл, хэвийн биш байгаагаа мэдэх хэд хэдэн өөрчлөлт байдгийг сэтгэл засалч М.Мандах хэллээ. Тухайлбал, амархан уурлах, гомдох, сэтгэлээр унах, санаа зовох, өмнө хийгээд амжуулчихдаг байсан ажлаа хийх гэхээр ядарч, төвөгшөөж, хойш нь тавих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хэрвээ эдгээр шинж тэмдгүүд илэрвэл тархи ядарсан байна гэсэн үг. Мөн нойрны хямралд ордог байна.
Унтах хугацаа урт мөртлөө шөнө олон дахин сэрэх, тархи ажиллаад хажуугийн дуу чимээг мэдрэх, шөнө хар дарж зүүдлээд цочиж сэрэх, унтаад боссон мөртлөө бие амраагүй булчин чангарсан байх нь нойрны хямралд орсны шинж тэмдэг.
Нойрны хямралд ороод удахаар мэдрэлийн ядаргаа, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал үүсэх магадлалтай. Энэ тохиолдолд энгийн стресс тайлах аргуудаас туршиж үзэх хэрэгтэй. Тухайлбал, хамгийн дотны итгэж болохоор хүнтэй сэтгэл дотор байгаа зүйлээ уурлаад, уйлаад ч болов 100 хувь гаргаж ярих. Мөн долоо хоногт нэг удаа 1-2 цагийг зөвхөн өөртөө зориулж дуртай зүйлээ хийх. Гуравдугаарт сэтгэлээ уудалж, сэтгэл дотор байгаа бүх зүйлээ бичих. Бас өдөрт 20-30 минут хөдөлгөөн хийвэл стресс хуримтлагддаггүй байна. Үүнд алхах, гэрээ цэвэрлэх гээд энгийн хөдөлгөөн байх боломжтой. Сэтгэл зүйгээ эрүүл байлгахын тулд стрессээ хуримтлуулахгүй байх хэрэгтэй. Үүний тулд ажил амралтаа зөв зохицуулах , амарч байгаа үедээ бие, сэтгэлээ хоёуланг нь амраах хэрэгтэй байна.
П.Амгаланбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин