Япон улс Саудын Арабтай ногоон технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай ням гарагт Жидда хотноо уулзлаа. Талууд Саудын Арабыг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эдийн засгаа төрөлжүүлэхэд нь туслах технологи солилцох, мөн Японд газрын тос тасралтгүй нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
Энэхүү уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн тулд Гадаад хэргийн сайд нарын түвшинд "стратегийн яриа хэлэлцээ" эхлүүлэхээр тохиролцсон байна.
Саудын Арабтай хамтран ажилласнаар Япон улс газрын тосны импортоо тогтвортой байлгахыг эрмэлзэж байгаа бол Саудын Араб эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд Японы дэвшилтэт технологид хөрөнгө оруулж байна.
К.Фүмио, М.Салман нар эрчим хүчний салбарт хамтран ажиллах 26 санамж бичигт гарын үсэг зурж, Токио Эр-Риядад нарны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх, түүнчлэн устөрөгч, аммиакийг цэвэр түлшний эх үүсвэр болгон ашиглах инновацыг өргөжүүлэх технологи нийлүүлэхээр болжээ.
Япон улсын хувьд Саудын Арабаас нийт газрын тосныхоо гуравны нэг орчмыг импортолдог бөгөөд Ойрхи Дорнодын тус улс нь эрчим хүчний чухал түнш юм. ОХУ Украинд халдан довтолсны дараа газрын тосны нийлүүлэлтийн асуудал сүүлийн үед улам чухал болж байна.
Саудын Араб нь газрын тосны экспортоос хараат байдлаа багасгахыг эрмэлзэж байгаа бөгөөд "Алсын хараа 2030" эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөөнийхөө дагуу илүү хүчирхэг хувийн хэвшил бүхий эдийн засгийг бий болгохыг эрмэлзэж, Японы эрчим хүчний технологийн ноу-хауг сонирхож байна.
Ням гарагт эхэлсэн Ерөнхий сайд К.Фүмиогийн дөрвөн өдрийн айлчлалыг Японы 40 орчим компанийн удирдлагууд дагалдан явж байна.
2017 он хүртэл таван жил орчим Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан К.Фүмио Персийн булангийн зөвлөлийн гишүүд болох Бахрейн, Кувейт, Оман, Катар, Саудын Араб, АНЭУ -тай харилцаагаа бэхжүүлж, газрын тос, байгалийн хийн тогтвортой нийлүүлэлтийг баталгаажуулахыг эрмэлзэж байна.
Саудын Арабт айлчилсныхаа дараа К.Фүмио АНЭУ, Катарт айлчилна.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг